Булганчууд намчирхал, ажилгүйдлийг таслан зогсоохыг хүслээ

2-р сарын 13, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 26
2-13-5a1

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийнхээ үгийг сонсдог байна гэдгээ амласан. Тэрээр долоон дүүрэг, 12 аймгийн иргэдтэй уулзлаа. Өнгөрсөн ням гаригт Булган аймгийн иргэдтэй уулзаж тэдний санал, сэтгэгдлийг сонссон юм.

Баруун гурван аймгийн иргэдтэй уулзахад ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж өгөхийг хүссэн юм. Тэд ядуурал туйлдаа хүрч байгаа нь иргэдийг сул дорой болгож байна гэцгээж байв. Уулзалтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэр нэмсэн хэмээн нэрийдэж 27000 төгрөгөөр өсгөсөн нь “доромжлол” гэлээ. Түүнчлэн ард түмэн ажилтай, ажилгүйгээсээ үл хамааран бүгд “зээл”-д дөрлүүлэн хүндхэн нөх­цөлд аж төрж байгаагаа ч дуулгав. Булган аймгийн иргэн н.Батсуурь “Ахмад настнууд тэтгэврийн зээлтэй. Саяхан тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа гэсэн нь худал. Зургаан сарын хугацаатай авч байгаа бол бага хүүтэй байж болно. Харин 2-3 жилийн хугацаатай бол өмнөх хүүгээ мөрдөж байгаа. Түүнээс гадна хэзээ үхэхээ мэдэхгүй өндөр настнууд үр хүүхдэдээ өрөө өвлүүлж үлдээх болж байна. Насаараа хөдөлмөрлөж, улсын төлөө зүтгэсэн ч хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээх хэмжээнд амьдарсангүй. Тиймээс ядаж үхэхдээ тэтгэврийнхээ зээлтэй өнгөрөх юмсан гэж боддог. Үүнийг анхаарч үзэхийг хүсч байна” гэв. Тэрээр иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг ч сануулаад авсан юм. Тодруулбал, “Төрийн албан хаагч хүн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эсвэл тэтгэврийн насныхан, ажилгүй иргэд хүн биш мэтээр ялгаж харицахаа больчих” гэсэн юм. Энэ нь мэт бухимдсан олон УИХ-ын 76 гишүүн шүүх, хууль хяналтын байгууллагынханд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Ерөнхийлөгчид уламжиллаа.

Булган сумны I багийн иргэн н.Бадамдорж: ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДААТГАЛТАЙ БОЛГОЁ

-Би 2004 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн экологи, байгаль орчны чиглэлээр төгссөн. Тэр цагаас хойш нутагтаа амьдарч байна. Анх сургуулиа төгсөөд нутаг орондоо мэргэжлээрээ ажиллана хэмээн их л урам зоригтой, эрч хүчтэй ирсэн. Гэвч өдийг хүртэл ажилгүй явна. Намчирхал гээч зүйл зөвхөн манай аймагт төдийгүй Монгол орон даяар байдаг юм бай­на. Ажилд оръё гэхээр “Чи аль намынх вэ” гэж асуух юм. Би дөр­вөн хүүхэдтэй, Булган айм­гийн “Хас” банкинд харуул, хамгаалалтын ажил хийгээд 10 жил болж байна. Өнөөдөр чи ямар мэргэжилтэй вэ, ийм ажил хийгээч гэж хэн ч надаас асуугаагүй. Яагаад гэвэл, би аль ч намынх биш. Тийм болохоор би үүнд гомдож явдаг. Өнөөдөр залуус дөрвөн жилийн хугацаатай л төрийн албанд ажиллаж байна. Тэд чинь цалингийн зээлтэй байдаг биз дээ. Өнөөдөр хөгшид тэтгэврийнхээ зээлтэй үхье гээд ярьж байна шүү дээ. Булган аймагт хэдэн хүн цалингийн зээлтэй амьдарч байгаа билээ. Ингээд л намчирхлаар ажилгүй болоход ар гэрт нь 200 хувийн дарамт очиж байгаа шүү. Цалингийн зээлтэй хүмүүсийг даатгалтай болгомоор байна. 76 гишүүн хоорондоо хэрүүл хийхийн оронд ард түмэн яагаад хямраад, зээлд дарагдаад байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй.

Дашинчилэн сумын иргэн н.Туяа: ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫГ СЭРГЭЭЖ ӨГӨӨЧ

Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төсөл санаачилж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн. Танилцуулагдсан эсэхийг мэдэхгүй байгаа учраас өөрийн биеэр танилцуулахыг хүсч байна. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хуулийн дагуу албан үүргээ биелүүлэхгүй жирийн иргэдийг хохироож байна. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар батлуулах хэрэгтэй гэсэн юм. Мөнгөний үнэр авсан албан тушаалтнууд Булган аймагт ирж, газар нутгийг маань талхалж байна. Бэлчээр, ундны усаа хамгаалах гэхээр хаа байсан хотын цагдаагийн газарт шилжүүлдэг. Нутаг усаа хамгаалж байгаа бидний эрх ашиг зөрчигдөж, ар гэрийнхэн маань хүртэл хохирч байна. Тиймээс шүүх, прокурортой хариуцлага тооцох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар хэрэгтэй байна. Надад олон баримт бий. Түүнийгээ хавсаргаад Ерөнхийлөгчид дахин уламжилъя.

Мөн АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Энэ газар бүх цаг үед авлигыг бууруулж чадахгүй байна. Тиймээс эдийн засаг хүнд байгаа энэ үед нүсэр том бүтэцтэй байгууллага байх хэрэг бий юу. Жишээлбэл, би хууль бусаар байгаль орчин сүйтгэсэн асуудлаар АТГ-т дөрвөн жилийн өмнө өргөдөл өгсөн. Хариу ирээгүй. Өөрийн биеэр очиход “Өргөдлийг чинь шалгаж байна” гэсэн хариу өгдөг. Дөрвөн жил шалгадаг гэж юу байхав. Ийм хурдаар ажил хийдэг байгууллага байх хэрэггүй. АТГ ажлаа хийж чадахгүй байгаа учраас албан тушаалтнууд, авлигачид даварсаар байна.

Ийнхүү удтал үргэл­жил­сэн уулзалт өндөр­лөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхний ярьж байгаа асуудлуудыг сайтар сонслоо. Бүх асуудлын үндэс нь ядуурал гэж би хардаг. Хүн бүр ажилтай, завгүй байвал намд шургалж ажилтай болох шаардлагагүй. Тиймээс би тендер нэрээр хэдэн компани баяждаг, уул уурхайгаар хэдхэн улстөрч хөлждөгийг болих хэрэгтэй хэмээн уриалж байгаа. Том, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ ажилтай, орлоготой болгохыг ч бас ярьж байна. Өртэй холбоотой асуудлуудыг мөн та бүхэн ярьж байна. Өнөөдөр улсын өр 26 тэрбум ам.доллар боллоо. Энэ мөнгөөр юу хийсэн, хаачсан бэ. Бизнес эрхлэгчид өр тавьсан бол үр ашиг олох зүйлд зарцуулна. Тухайлбал, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник, технологио сайжруулах зэргээр үр бүтээлтэйгээр зарцуулж, ямар ч асуудал дагуулахгүйгээр, ажилчиддаа хүндрэл учруулахгүйгээр зээлээ төлж барагдуулна.

Дөрөв, дөрвөн жилээр төр барьж байгаа энэ төрд хариуцлагын тогтолцоо, бодлогын залгамж халаа гэж байхгүй байна. Энэ байдлыг бууруулахын тулд ард түмэн намайг сонгосон гэж боддог. Асар уудам газар нутагт гуравхан сая хүн багталцахгүй болтлоо муудалцаж байгаа нь харамсалтай. Та бүхний санал, шүүмжлэлийг хүлээн авч, УИХ, Засгийн газрын гишүүдэд уламжилна” гэлээ.

Орон нутгийнхан ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад олон зүйлийг захиж, зөвлөж бас санал шүүмжлэлээ дайлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *