БРИКС-ийн чуулга уулзалт: Барууны бус улс орнууд өөрийн ертөнцийг бүтээж байна

8-р сарын 2, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 34
8-2-6

Бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косыревын бичсэнийг орчуулан хүргэж байна.

Йоханнесбург (ӨАБНУ) хотноо болж өнгөрсөн БРИКС-ийн арав дахь удаагийн чуулга уулзалтын үр дүнг “барууны бус” хамгийн том улс орнууд дэлхийн эдийн засгийн шинэ тогтолцооны дэд бүтцийг бүтээн босгож байна хэмээн тодорхойлж болох юм. Гэхдээ тэсч үлдэхийн төлөөх өнөөгийн худалдааны тулааны дараах тогтолцооны зураглалын тухай өгүүлж байгаа хэрэг. Юуны өмнө, дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ болон БРИКС-ийн гишүүн БНХАУ-ын хооронд болж байгаа экспорт- импортын дайны дараах тогтолцоо гэсэн үг.

Хятад улс БРИКС-ийн гишүүн ОХУ, Энэтхэг, Бразил, ӨАБНУ зэрэг улс орнуудад хандан дэмжлэг хүсэхээр иржээ хэмээн чуулга уулзалтыг хялбаршуулан харж болох юм. Гэхдээ ийм дэмжлэг ОХУ-д ч, аажмаар байгууллага болон өргөжсөөр байгаа энэхүү клубын гишүүн бусад улс оронд ч хэрэгтэй байгаа билээ.

Ямар “дэмжлэг” гэдэгт л харин хэргийн учир оршино. БРИКС арван жил оршин тогтнож байна,эхэндээ түүний гол зэвсэг нь үг байв. Өөрөөр хэлбэл, олон асуудлаар баримтлах нийтлэг байр суурийн тухай тунхаг бичгүүд.

Сая Йоханнесбургт ч мөн адил бас нэгэн баримт бичиг ойн тунхаг бичгийг баталсан. Энэ тунхгаас харвал дэлхийн бараг бүх асуудлаар (Сири, терроризм, худалдаа) ОХУ-ын байр суурийг андууд нь хуваалцжээ.

Гэхдээ жилд нэг удааямар нэг мэдэгдэл гаргах гэж БРИКС байгуулагдаагүй. Дэлхийн бодлогод өч төчнөөн тунхаг бичиг байдаг ч үр дүн гэхээр зүйл бараг байдаггүй, учир нь дэлхийн эдийн засгийн төвд байдаг банкууд, сангууд, Москва, Бээжин, Дели болон бусад улсаас хамааралгүйгээр удирдан залдаг дүрэм журмууд үйлчилж байдаг.

Тийм болохоор БРИКС анх байгуулагдсан цагаасаа л алдаж, онохын замаар “вашингтоны консенсусын эдийн зас­гаас” тусгаар тогтвортой эдийн засгийн дэд бүтэц бий болгохыг зорьж оролд­соор байна.

Санхүүгээс эхэлсэн нь зөв байж, тогтолцоо ажиллаж эхэлснийг саяны Йоханнесбургийн уулзалт харуулсан бөгөөд цаашдаа үүнийг улам дэмжиж, бэхжүүлэх шаардлагатай болж байна.Гэхдээ санхүүгийн институтууд хөгжихдөө удаан гэдгийг харгалзах учиртай.Үүнд Хөгжлийн шинэ банк, бол­золт валютын нөө­цийн нэгдсэн сан болон бусад механизмууд орно. Банкны шугамаар л гэхэд ОХУ таван төсөлд санхүүжилт авсан, эсвэл авч байгаа аж. Энэ бол ОУВС, эсвэл Дэлхийн банктай харьцуулахуйц глобал хэмжээний альтернатив биш, одоохондоо өөрсөддөө туслах мөнгөний касс гэж ойлгож болох юм.

Харин одоо БРИКС-ийн хувьд таван орон тавуулаа аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал руу хамтдаа орох шинэ үе шат эхэлж байна.

Худалдааны дайны буудлагын хариуд бид нэн даруй үйлдэл хийх нь чухал хэмээн бодож болох авч бусад ертөнц (“чөлөөт худалдаа”-ны оронд) худалдааны хаалттай блокууд үүсгэж байна. Тухайлбал, үүнд өнгөрсөн лхагва гарагт, БРИКС-ийн чуулга уулзалт эхлэх өдөр АНУ, Европын холбооны хооронд эвлэрэл байгуулсан явдал хамаарах бөгөөд үүний үр дүнд Америк өөрийн бүтээгдэхүүнээ Европ руу хүчээр экспортлох болж байх шиг байна. Гэтэл Хятад болон БРИКС-ийн бусад гишүүдтэй эвлэрэл байдаггүй.

Хятад улс АНУ-ын эсрэг Европтой эдийн засгийн альянс байгуулна гэж нэг их найдаагүй, тэр нь ч зөв байж. Харин Йоханнесбургт ажиглагдсанаар бол бусад бүх улс оронтой ийм альянс байгуулагдах бололтой.

Чуулга уулзалтын гол сэдэв дээр дурдсан тунхаг бичгийн 56 дугаар зүйлд заасанчлан аж үйлдвэрийн шинэ (дөрөвдүгээр) хувьсгалын асуудлаар БРИКС-ийн хэмжээнд түншлэх тухай байв. Энэ бол мөн чанартаа БРИКС-ийн гишүүн улс орнууд хамгийн дэвшилттэй, инновацийн салбарт харил­цан хөрөнгө оруу­лахыг сайшаана гэсэн хэрэг. Тогтвортой байдлын санхүүгийн дэд бүтцийг БРИКС-т амжилттай бий болгосон туршлагадаа суурилан сая өгүүлсэн энэхүү хамтын ажиллагааны нарийн түвэгтэй дэд бүтцийг үүсгэн байгуулах асуудал бидний өмнө тулгарч байна. Энэ бол урт хугацааны хөтөлбөр мөн.

Амжилтын түл­хүүр бол гааль дээр өрсөлдөгчийнхөө бараа бүтээгдэхүүнийг зогсоох чадварт бус харин өнөөх АНУ-ыг ч дангаар нь ноёрхуулалгүйгээр шинэ үеийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай байхад оршино гэдгийг дэлхийн шинэ эдийн засгууд (ганц БРИКС ч биш) сайн мэдэж байгаа. БРИКС-ийн дотоодод нийтлэг ашиг сонирхлын хүрээг тэвчээртэй эрж хайсаар бид ч гэсэн энэхүү хувьсгалыг зохион байгуулах болно.

Гэхдээ ямар ч хаалттай тогтолцоо байгуулахыг төлөвлөж байгаа хэрэг биш, харин ч хүрээ өргөн байх тусмаа сайн. Тийм ч учраас БРИКС бусад олон улс орны ашиг сонирхлыг татаж байна. Үүнийг бид баасан гарагт таван улсын тэргүүнүүд чуулга уулзалтын зочид-Турк, Аргентин, африкийн болон бусад улс орны лидерүүдтэй уулзаж байгаагаар олж харсан.

Энэ бүхэн олон улсын тавцанд болон БРИКС-ийн дотоодод болж байгаа эрчимтэй үйл явдалд нөлөөлж байна. Урт хугацааны хямралын дараа засгийн эр­хэнд гарсан Өмнөд африкийн засгийн газрын хувьд олон улсын ажил хэрэгт оролцоход гар нь арай хүрэхгүй байгаа нь чуулга уулзалтын зохион байгуулалтаас ажиглагдаж байсан.

Гэхдээ Африк тив бүхэлдээ бүгдэд хэрэгтэй болохыг энэхүү чуулга уулзалт харуулсан. Хятад улсын тэргүүн Йоханнесбург рүү нэг их яаралгүйгээр Ойрхи дорнод (энэ тэхдээ тусдаа сэдэв), дараа нь Сенегал, Руандад буудалласаар хүрэлцэж ирсэн. Түүний түнш, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ч мөн тийм маягаар, тэхдээ Ойрхи дорнодыг алгасаж, мөнөөх Руанду, бас Угандыг дайрч ирсэн. Владимир Путин чуулга уулзалтын үеэр ӨАБНУ-ын удирдлага, Си, Моди нартай уулзаж, хөдөө аж ахуй, усны нөөц … гэх зэрэг ажил хэргийн төслүүдийг хэлэлцсэн. Бусад улстай ч шинэ засаг учир зүйгээ ололцсоор л байгаа.

Чуулга уулзалтын сүүлийн өдөр африкийн бүх улс оронтой, түүний дотор БРИКС-ийн хөтөлбөрийн бааз дээр ажиллахыг Москва нэн их сонирхож байгаагаа харуулсан.

1980-аад онд бид “Африкийг тэжээж байна” хэмээн хашгирах нь моодонд орж байсныг санах л үлдлээ. Одоо алдсанаа нөхөх хэрэгтэй болж байна. Нэгэн цагт дэлхийг захирч асан Барууны улс ор­нуудын сураг Африкт тасарч, тэдний оронд огт өөр улс гүрнүүд өөр хоорондоо хэрэлдэж муудалцахгүйг хичээн өрсөлдөж, түүний дотор БРИКС-ийн чуулга уулзалтууд дээр зөвшилцөж ярилцангаа тус тусын төлөвлөгөөгөө уялдуулан зохицуулж байгааг тэмдэглэе.

ӨАБНУ-ынхаас ч өмнө эхэлсэн Бразилийн хямрал ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуулиар нэг тийш болох байх. Бразилд улс төр буцалж байх зуур тус улсын худалдааны гол түншээр Хятад улс тэнд бэхжиж авав. Дараа нь амаргүй сонгуультай золгож байгаа Энэтхэгийн ээлж ирнэ.

Гэхдээ БРИКС-ийн гишүүн улс орнуудын өөр хоорондын харилцаа хэчнээн нарийн түвэгтэй байлаа ч(ялангуяа Энэтхэг, Хятадын хооронд), гаднах хүч аль нэг улсыг дотроос нь өдөөн хатгах оролдлого хэчнээн хийсэн ч таван улсын тэргүүнүүд бүгд энэ механизм хэрэгтэй гэж үзэж байгаа болохоор клубынхээ төлөө бат зогссоор байгаа зүй тогтлыг онцлох хэрэгтэй. Чуулга уулзалтын машин, тэдний хоорондын олон удаагийн уулзалт амжилттай ажилласаар байна.

БРИКС дөнгөж мэндэлж байх тэр цаг үед дэлхийн эдийн засагт шуурга дэгдэж, харин улс төр харьцангуй нам тайван байсан. Байн байн уулзаж байя, юу хийж чадахаа харцгаая гэсэн өнгө аяс тэр үед байсан. Тэхдээ Баруунд муу юм хийхийн тулд биш, харин өөртөө сайн зүйл хийж, өөрийнхөө тогтвортой байдлыг дээшлүүлэхийн тулд байсан. Тунхаг бичгээс эхэлж, дараа нь хамтарч ажиллах механизм бүрдүүлэхээр үргэлжлүүлье. Ийнхүү оюун ухаан хүчтэй ажил­лаж, улмаар өч төчнөөн са­налын давалгаа өрнө­сөн. Цаашлаад зарим санаа тодорхой ажил үйл болж хэрэгжсэн, гэхдээ энэ бүхэн урт удаан үйл явц.

Энэ бүх ажлыг хийсэн он жилүүдгүйгээр, маш чухал хэрэгтэй бол­сон БРИКС-ийн анхны уулзалт өнөөдөр дөнгөж боллоо хэмээн төсөөлцгөөе. Нийтлэг байр суурийнхаа талаар таван лидер мэдэгдэл хийж чадах л байсан.

Харин өнөөдөр хэлсэн ярьсан зүйлийн ард тодорхой ажил үйл зогсч байгаа болохоор дэлхийн ирээдүй илүү найдвартай харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *