Босго давах боломж

6-р сарын 20, 2018 1:21 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 51
6-20-6

Ч.ГАНТУЛГА

Энэ жилийн төгсөгчид амьдралын анхны алхмаа хийж, хэн болохоо тодорхойлох хариуцлагатай үе хаяанд иржээ. Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Энэ жил 45 мянга гаруй хүүхэд шалгалт өгч байгаа. Харин тэдний хэд нь хүссэн сургуульдаа орж, мөрөөдсөн мэргэжлээ эзэмших бол. Хүүхэд бүхэн гэгээн мөрөөдөл, дэврүүн сэтгэлтэй байдаг. Шалгалт өгсөн л бол 800 оноо авч, улсын тэргүүлэх сургуульд орж чадна гэж боддог. Гэвч элсэлтийн шалгалт гэдэг “хатуу самар”. Улсын тэргүүлэх сургуулиуд ч хүссэн бүхэнд олдохгүй. Үүнээс гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А/195 тоот тушаал гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон. Энэ нь боловсролын салбар, дээд боловсролын чанарт нөлөөлөх “зоримог” алхам болж чадсан юм. Гэвч хувийн зарим сургууль үүнийг хүүхдийн сурах эрхэд халдаж байна гэж эсэргүүцэх хандлага байна. Харин босго оноог ийнхүү нэмснээр сургууль болон төгсөгчдийн чанарт нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна босго оноо нэмсэнтэй холбоотой 480 оноо авсан бол МУИС, АШУҮИС гээд улсын тэргүүлэх сургуульд орно гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байна.

480 ОНОО ЗӨВХӨН СУУРЬ

Өнөөдөр дипломтой мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ юутай холбоотой вэ. Нэгдүгээрт, хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох, хоёрдугаарт, чанартай болов­с­рол олгох сур­гуулийн сонголт чухал. Монголд саяхныг хүртэл 200 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө энэ тоо 96 болж буурсан. Үүнээс 75 нь хувийн өмчийн сургууль. Тэдгээрт нийт оюутны 42 хувь нь сурдаг гэсэн мэдээлэл бий. Манай улсын тэргүүлэх сургууль бол МУИС. Тус сургуулийн Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг “Манай сургуулийн босго оноо 500 болж нэмэгдсэн. Гэхдээ 500 оноо авсан бол МУИС-ийн оюутан болно гэсэн үг биш. Та 500 оноо авснаар зөвхөн бүртгүүлэх эрх үүснэ. Сургууль бүр элсэлтийн хяналтын тоотой. Бүртгүүлэгчдийг оноогоор жагсаагаад хяналтын тоонд багтсан тохиолдолд элсэх боломжтой” гэсэн юм.

Гэхдээ хувийнх ч гэлээ чанартай мэдлэг олгодог сургуулиуд байна. Харин хэрхэн сонголтоо зөв хийх вэ. Эдийн засаг, нягтлан бодох чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд 800 оноо авч, МУИС-д орж чадаагүй бол ямар сургуулийг сонгох вэ. Өнөөдөр ажил олгогчид энэ чиглэлээр МУИС-аас гадна Санхүү эдийн засгийн дээд сургууль, “Мандах бүртгэл” дээд сургуулийн төгсөгчдийг үнэлдэг болж. Хэрэв та 550-аас дээш оноо авсан бол эдгээр сургуульд бүртгүүлж, ирээдүйгээ даатгах боломжтой юм байна. Анагаахын чиглэлээр Монголдоо АШУҮИС номер нэг. Харин дараагийн сонголт нь судалгаагаар “Этүгэн”, “Ач” дээд сургууль гэж гарчээ. Үүнээс харахад хэрэв чанартай боловсрол эзэм­шиж, нийгэмд өөрийн байр сууриа эзлэхийг хүсвэл 480 оноо хангалттай үр дүн биш.

“ШИХИХУТУГ”-Т 540-ӨӨС ДЭЭШ ОНОО АВСАН ХҮҮХЭД ЭЛСЭНЭ

Харин урлагийн чиглэлээр сурах хүсэлтэй хүүхэд СУИС-д орж чадаагүй бол дараагийн сон­голт нь КУДС юм. Тус сургуулийн Сур­галтын албаны дарга Б.Мөнхжаргалтай холбог­доход “Манай сургуулийн суурь шалгалт нь монгол хэл, нийгэм, англи хэл. Хэрэв 480-аас дээш оноо авсан бол манай сургуульд бүртгүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь оюутан болно гэсэн үг биш. Урлагийн хүн болохын тулд ур чад­варын шалгалт заавал өгдөг” гэсэн юм. Үүнээс гадна Монголд хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон сургууль бий. Тэд­гээ­рээс чансаагаараа хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг “Шихи­хутуг” их сургууль дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Тус сургуулийн захирал Д.Оюунцэцэг “Манай сургуулийн босго оноо 480 болж нэмэгдсэн. Босго оноо нэмэгдсэнээрээ их, дээд сургуулийн сургалтын чанар сайжирна. Мөн тухайн сургуульд сурах ча­дамжтай оюутан л элсэнэ. Энэ нь их зөв гэж бид үзэж байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил манай босго оноо 400 байсан ч хамгийн багадаа 540 оноотой хүүхэд элс­сэн. Энэ жилийн хувьд энэ оноо өсөх болов уу гэж таамаглаж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *