Бондод боосон урхи

9-р сарын 1, 2015 11:23 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 73
man_&_mouse_trap

Ж.ЦОГЗОЛМАА

ЭРДСЭЛТЭЙ 14-ИЙН НЭГ: МОНГОЛ

Шинэ цагийн эдийн засгийн хямралын эхлэлийг тавьсан гэгдэж буй Грект тусламж хүргэх, бас тэр тусламжийг цаадуул нь хүлээж авах эсэх талаарх маргаан ид бужигнаж байна. Гэхдээ домогт бурхдын өлгий болсон энэ улс л ганцхан өрөнд баригдаж, өтөнд идэгдчихээгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэднийг чичилж, хэв­лэл мэдээллийн хэрэгс­лийнхээ “од” болгож бай­гаа зарим улс орнууд ч ялгаагүй зээлээр хоол хийж явааг мартаж болохгүй.

Монголчууд биднийг найр наадам хэсч, морио уралдуулж, айраг ханхлуулаад дэлхийгээс тасраад байсан өнгөрсөн долдугаар сард гадаад орнуудын хэвлэлд бидэнтэй холбоотой мэдээлэл тарсныг хуваалцахгүй өнгөрч болохгүй байх. Учир нь “businessinsider.com” вэб сайтад “Засгийн газрын өрийн хямралд өртсөн 14 улс” нийтлэл гарчээ.

Их Британид төвтэй Jubilee Debt Campaign байгууллагаас гаргасан шинэ судалгаагаар Грекээс гадна 20 гаруй улс өрийн хямралтайгаа “барьцалдан” тэмцэж байна хэмээн эл нийтлэлд дурдсан байлаа.

Сенегалаас Лаос хүртэл олон улс орон эдийн засгийн уналтад орж, улмаар өрийн аюултай бүсийн байршлаар нэрлэгдээд байна.

Jubilee-ийн судалгаанд “Тухайн улсын Засгийн газрын өр ДНБ-ий 30 хувиас илүү гарвал өндөр эрсдэлтэй гэж үзэж болно” хэмээсэн байв. Түүнчлэн “Бид дараах 14 улсыг Засгийн газрын өрийн хямралд орж болзошгүйг тэдгээрийн гадаад өрийн мэдээлэлд үндэслэн сон­гож авлаа” гэж бас тэмдэглэжээ.

Эдгээрээс хүндхэн жишээ гэвэл Танзани улс бөгөөд 1990 оноос өрийн хямралд өртөөд байгаа билээ.

2009 оноос хойш Засгийн газрын зээл бүр ч ихэссэн нь Дэлхийн банк зэрэг бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олгодог доноруудын үйл ажиллагаатай холбоотой юм. Энэ нь зарим талаар тухайн улс оронд хувийн байгууллагын өндөр хүүтэй мөнгө зээлэхээс хамаагүй төсөр тусч, то­моо­хон хөрөнгө оруулалтуудад ашигтай байдаг билээ.

Гэвч Танзанийн эдийн засгийн өсөлт, Засгийн газрын орлого зэрэг нь алт болон үнэт металлын экспортоос ихээхэн хамаардаг. Сүүлийн хэдэн сард эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ ихээр унасан нь тус улсад эрсдэл даллаж байгаа юм. Түүнээс гадна Хятадын эдийн засгийн бууралт нь ам.долларын ханшийн өсөлтийг түргэсгэж, “ногоон”-оор тооцож гадаад өрөө төлөхөд нь улам хүндрэл үүсгэнэ гэж судлаачид тайлбарлажээ.

Тэгвэл Танзанийн дараа судлаачид Монголыг нэрлэж байна. Байгалийн асар их нөөц баялагтай, гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг алгаа тосон угтаж буй улс орон гэж эл нийтлэлд дурдсан байв. Ингэхдээ “Ирэх жил нэг тэрбум ам.доллар зээлэх төлөвлөгөөтэй ч үндэсний валют төгрөгийнх нь ханш огцом унаж, эдийн засагтаа хүндрэл учруулж байгаа” гэж тэмдэглэсэн байв.

Jubilee-ийн судалгаанд дурдсанаар дэлхий дахины хувийн болоод Засгийн газрын өр өнгөрсөн онд 13.8 их наяд ам.доллар бол 2011 оныхоос бараг хоёр их наяд “ногоон”-оор нэмэгджээ. Тэгвэл энэ тоо энэ жил 14.7 их наяд ам.долларт хүрэх төлөв бас байна.

БИДНИЙ БОНДЫН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Монгол Улсын хувьд Засгийн газар нь гадаад ертөнцөд өрийн бичгээ санал болгосон анхны тохиолдол нь 2012 онд гаргасан “Чингис” бонд. 1.5 тэрбум ам.долларыг 6-8 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдаас зээлсэн хэрэг. Жилд бондын хүүд 70 сая ам.доллар төлдөг ч ”Гудамж” төслөөс өөр гарт баригдахаар томоохон бүтээн байгуулалт хомс гэсэн шүүмжлэл одоо ч тасрахгүй байна. Энэ дуулиан намжаагүй байхад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Самурай” бонд гаргана хэмээн мэдэгдсэн нь даарин дээр давс гэгч болов. “Чингис” бондын үр ашгийг хэлэлцэж амжаагүй байхад дахиад өр тавих гэж буйд нь туршлагатай эдийн засагчид бас шүүмжлэлтэй хэвээр байгаа. Тухайн үедээ буюу 2013 онд Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан 10 жилийн хугацаатай, 30 тэрбум иенийн, 1.52 хувийн хүүтэй “Самурай” бондыг гаргасан байна.

“Чингис” бондын тухай яриандаа эргээд оръё. 2018 он хүртэл бид жил бүр “Чингис” бондын хүүд 72 сая ам.доллар төлөхөөр байна. 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг шилжүүлэх гэнэ. Үүнээс таван жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой юм. Ингэхээр одоогоос есөн жилийн дараа “Чингис” бондын эргэн төлөлт бүрэн дуусна хэмээн эх сурвалж хэллээ.

Уг нь Засгийн газрын үнэт цаас гэдэг нь хөрөнгө оруулагчдад хамгийн эрсдэл багатайд тооцогддог. Ялангуяа, түүний хүү бага байх тусам тухайн хөрөнгө оруулалт ногоон гэрлээр явлаа л гэсэн үг. Харин хүү нь өсөх тусам зах зээлд тухайн үнэт цаас гаргагч улс орны талаар таагүй мэдээлэл тарж, бизнесмэнүүд түүнээс дөлдөг гэж хэлж болох юм.

Тэгвэл Монгол Улсын бондын хүү өссөн нь сайн мэдээ лав биш бололтой. Ийм өндөр хүүтэй мөнгө зээлэх байсан юм бол заавал бонд энэ тэр гаргаж сүр дуулиан болох ч албагүй баймаар. Бас биднийг гадаад зах зээл “ногоон” биш “улаан” өнгөөр дүрсэлж эхэлнэ гэсэн үг л дээ. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхан нийтлэлдээ “…Бодит байдал ийм байгаа учир “Standard & Poor’s” дөрөвдүгээр сарын эцсээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж “сөрөг” төлөвтэй болгожээ. Төсөв, мөнгөний бодлогоо хумихгүй, төсвөөс гадуурх зарцуулалтаа танахгүй, дотоодоосоо нэмж зээл аваад байвал дахин бууруулах гэнэ. Тэгвэл гадаадад үнэт цаас гаргах, үнэт цаасны төлбөрөө цагт нь хийхэд бэрхшээл үүснэ” гэж бас тэмдэглэсэн байна. Бодох л асуудал байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *