Болгар хилээ хаалаа

9-р сарын 21, 2015 10:17 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 48
9-21-4

Н.МӨНХЖИН

Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов хууль бус цагаачдад хил хязгаараа хааж буйгаа зарлав. “Хууль ёс, эмх журмын дагуу манай хилийг давах гэж байгаа хүмүүс морилогтун. Харин бусад нь цаашаа” хэмээн Борисов хэлсэн байна. Европт орж ирж буй дүрвэгсдийн асуудал нь гамшиг, аюул тарьж байна, үүнийг хэн ч тайван хараад сууж болохгүй хэмээн тэрээр онцоллоо. Болгарын эрх баригчид Туркийн цагдаа нартай хамтран ажиллаж, цагаач, дүрвэгчдийг хилд 40 км-ээс дотогш ойртуулахгүй байгаа аж. Зөвхөн автомашин, ачааны машинуудыг шалгаж нэвтрүүлж байгаа юм. Есдүгээр сарын 18-нд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Хорватын газар нутгаас дүрвэгсэд орж ирэхээс сэргийлж цэрэг, армиа дайчилж хил дээр аваачаад байна. Цэргүүд хил орчимд саад хаалт босгох гол үүрэгтэй ч ямар ч тохиолдолд бэлэн байна гэжээ.

Хорват улс ч цагдаагийн хүчээ зузаатгаж, Серб рүү хөтөлдөг бүх зам харгуйн хөдөлгөөнийг хянаж байна. “Хорват улсад цагаач, дүрвэгч хүлээж авах боломж байхгүй” хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Ранко Остич хэллээ. Сербид ирсэн дүрвэгсдийн тоо найман мянгад хүрвэл Хорват улс хил хязгаараа бүрэн хаана хэмээн мэдэгдэв.

Африк, Ойрхи Дорнодын орнууд дахь тогтворгүй байдлын улмаас улам олон дүрвэгч Европын холбооны газар нутаг руу орж ирсээр байна. Еврокомиссын төлөвлөж буйгаар, дүрвэгсдийг холбооны улс, орнууд хүн ам, эдийн засаг, амьдралын түвшин болон бусад хүчин зүйлээ тооцоолсны үндсэн дээр хувааж авах ёстой аж. Ийм хуваарилалтыг Унгар, Словак, Румын, Польш, Чех улс эрс эсэргүүцэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *