Боксчин Г.Баяртогтох гэж хэн бэ?

7-р сарын 31, 2018 4:29 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 17
7-31-6

Ч.ЗОТОЛ

“Хилчин” спорт клубын тамирчин, ОУХМ Т.Чулуунтөмөрийг  халз тулаанд дуудсан  Мэргэжлийн боксын дэлхийн залуучуудын аварга Г.Баяртогтохыг Polit.mn сайт уншигч танаа  танилцуулж байна.

-Тэрээр  1994 онд Дорнод аймгаас боксын спортын гараагаа эхэлж Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатын  удирдлагад боксын спортоор анх хичээллэжээ.

-1997-2000 онд улсын шигшээ багийн тамирчин байсан. 2000 онд 20 настайдаа мэргэжлийн боксоор хичээлэж эхэлжээ. Энэ хооронд америк, англи, солонгос, япон багш дасгалжуулагчидтай хамтарч ажилласан байна.

-БНСУ-д  Ким Баяраа нэрээр танигдсан.  2006 оноос хойш бараг долоон жил завсарласны эцэст  2014 оноос  рингэнд дахин  гарчээ.

-Түүний  хобби нь  тулалдах. Бокс миний амьдралын нэг хэсэг гэж тэрээр ярьдаг. Тэгэхээр зодог тайлах болоогүй.

-Улсын шигшээ багийн тамирчин байсны хувьд олимп, тив, дэлхийд амжилт гаргах боломж түүнд  байсан. Гэтэл тэр бүхнийг орхиж, дөнгөж 20-хон настай мэргэжлийн бокс руу орсон шалтгаанаа тив, дэлхийн жинхэнэ тулаанчидтай рингэнд гарч байж жинхэнэ тулаанч болно гэж боддог гэж тайлбарласан.

-Мэргэжлийн бокст 31  тулаан хийж, 24-т  нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан.

-Монголоос явж бокс хөгжсөн том улсын өндөр цалинтай боксчин болоогүйдээ харамсдаггүй.

-1998 оны дэлхийн залуучуудын аварга, 2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга. 2002-2007 оны өмнөд Солонгосын хоёр жингийн аварга. 2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол I-III  байрт явж ирсэн.

-АНУ-ын Лас Вегасаас эхлээд дэлхийн олон оронд тэмцээнд оролцсон бөгөөд Америкт очиж нударга зөрүүлсэн анхны монгол боксчин юм.

-Түүний хувьд бокс  ялсан ч, ялагдсан ч хамгийн гоё спорт.

-Г.Баяртогтохын  гэр бүлийн хүн Боксын спортын мастер, дасгалжуулагч, шүүгч Л.Мандах гэж бүсгүй бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг юм.

-Г.Баяртогтохын  аавын тал олон боксчинтой. Түүний  авга ах Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг юм. Мөн Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер Хосбаяр, Ольга нарын сайн боксчид бий. Харин аав нь чөлөөт бөхийн ОУХМ, хоёр олимпод оролцсон тамирчин, 52-ын Ганбат гэхээр монголчууд анддаггүй билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *