БНАСАУ-д спортын тоног төхөөрөмж нийлүүлэх ОУОХ-ны санал хүсэлтэд АНУ хориг тавив

7-р сарын 27, 2018 11:15 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 97
7-27-3
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах
© Валерий Шарифулин/ТАСС

Д.ЭНХЭЭ

 БНАСАУ-д оруулахыг хориглосон барааны жагсаалтаас спортын тоног төхөөрөмжийг онцгойлон тусад нь авч үзэх талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороонд хандсан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч (ОУОХ) Томас Бахын  санал хүсэлтэд АНУ хориг тавьсан тухай НҮБ дахь дипломат эх сурвалж ТАСС агентлагт уламжилсныг сурвалжлагч Мария Хренова мэдээлжээ.

“ОУОХ-ны хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороо сайшаасны эсрэг США дангаараа татгалзсан”  хэмээн агентлагтай ярилцагч өгүүлжээ.

ТАСС-ын мэдэлд эх нь байгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороонд явуулсан Бахын илгээлтэд “Пёнчанд саяхан болж өнгөрсөн 2018 оны өвлийн Олимпийн тоглолтууд НҮБ болон ОУОХ-ны хамтын ажиллагааны урт удаан хугацааны түүхэнд шинэ бүлэг болж орлоо. Нээлтийн ёслол дээр Солонгос улс, БНАСАУ-ын тамирчид Солонгосын нэгдлийг бэлгэдсэн нэг тугийн дор нэг баг болж оролцсон явдал эвлэрлийн маш хүчтэй дохиог дэлхий дахинд түгээсэн билээ” хэмээн тэмдэглэжээ.

“Үүнийг иш үндэс болгон Умард Солонгосын тамирчид олон улсын тэмцээнд бэлтгэх, урьдчилсан шатны тэмцээнүүдийг давж, дараа дараагийн олимпийн тоглолтуудад оролцох боломж бүрдүүлэхийн тулд спортын тоног төхөөрөмжийг НҮБ-ын хоригийн горимоос тусад нь салган авч үзэж, БНАСАУ-д нийлүүлэхийг ОУОХ-нд зөвшөөрөхийг хүссэн санал хүсэлтээ үүгээр илгээж байна”  хэмээн Бах уг баримт бичигтээ дурджээ.

Токиод болох 2020 оны зуны Олимпиадад БНАСАУ-ын шигшээ баг оролцох асуудлыг урагшлуулахын тулд дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа ОУОХ-ны тэргүүн өмнө нь мэдэгдэж байсан. Пёнчанд болсон өвлийн олимпод БНАСАУ-ын тамирчдыг оролцох боломжоор хангахын тулд тэдэнд зориулан ОУОХ нэмэлт квот олгож байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *