Баялгийн хараалаас сэрэмжилсэн монголын “чоно” эдийн засаг

7-р сарын 17, 2013 11:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 832
БНСУ-ын “Кореа Хералд” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Б.БАРС

БНСУ-ын “Кореа Хералд” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Улаанбаатараас 48 км-ийн алсад салхи сэвэлзсэн хээр талд сүндэрлэдэг Чингис хааны морьтой 40 метр өндөр төмөр хөшөө ихийг өгүүлнэ. Тив дамнасан аугаа гүрнийг цогцлуулагчийн энэ хөшөөг жуулчны хувийн компани өөрийн хөрөнгөөр босгосон байгаа юм. Энэ бол ардчилал, капиталист эдийн засгийн шинэчлэлийн бодлого тус орныг хэрхэн өөрчилж буйн тод жишээ.

Гурван сая хүрэхгүй хүн амтай энэ улс сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, нүүрс, зэс, мөнгө, тэр ч бүү хэл уран, флюоритийн асар их баялагтайгаа илрүүлжээ. Энэ бүх баялгийнх нь үнэлгээ хэдэн триллион ам.долларт хүрэхээр юм.

Гэвч энэ нь хөөр баярын оронд улстөрчдийн давхаргын авилгыг хөөргөж, өнгөрсөн сонгуулиудад ширүүн сөргөлдөөнд хүргэсэн билээ. Монголчууд байгалын баялаг нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, авлигыг өөгшүүлэн эдийн засгийн бусад салбарыг царцааж болзошгүйд зовниж байгаа юм.

Сөүлийн Ханнам дүүрэг дахь байрандаа Монголын Элчин сайд Б.Ганболд ярилцлага өгөхдөө, “Мэдээж бид эрсдлийг ойлгож байгаа. Манай улс уул уурхай зэрэг стратегийн салбаруудад хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчноо сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Шинэ хуулиудын зохицуулалт гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгахын сацуу тэдний эзэмших хувийн хязгаарыг тодорхой болгож өгөх юм” гэжээ.

Баруун болон хойд талдаа дөрвөн мянган метрээс дээш өндөр уулстай, зүүн өмнөд хэсэгтээ тэгш хээр талтай энэ улсад ойролцоогоор 130 тэрбум тонн нүүрс агуулагдаж буй.

Ер нь Монгол маш хурдан баяжиж байна. 1990 оны тусгаар тогтнол, ардчиллын төлөөх шинэчлэлээс хойш тус улсын эдийн засаг жил бүр дунджаар 4.5 хувиар өсч, харин 2004 оноос өнөөг хүртэл энэ үзүүлэлт бүр 9.4 хувьд хүрчээ.

Монголын эдийн засаг 2011 онд 17.5 хувиар өссөн нь тухайн жилдээ дэлхийд тэргүүлж байлаа. Дараа жил нь эдийн засгийн өсөлтийн хурдац буурсан ч 12.3 хувь байж дэлхийд дөрөвт бичигдсэн юм. Иймээс 1980-аад оны Азийн бар улсуудтай жишин Монголыг “чоно” эдийн засагтай гэх болжээ.

Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 оны 450 ам.доллараас суга өсч  2012 онд гурван мянга гаруй ам.долларт хүрсэн байна. Гэнэтийн их мөнгө цутгах болсон нь тус улсад баялгийн хараалын илрэл болох авлига, орлогын шударга бус хуваарилалтыг дэврээжээ. Монголын нийт хүн амын 30 хувь нь одоо ч гэсэн өдөрт 1.25 ам.доллараар амь зогоон ядуу зүдүү амьдарч байгаа аж.

 “Transparency International” байгууллага 2012 онд гаргасан авлигын төвшний жагсаалтдаа Монголыг176 орноос 94-т оруулжээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авч, 41,9 хувийн санал хураасан гол өрсөлдөгч Б.Бат-Эрдэнийн өмнө арайхийн орсон юм.

Энэ сонгууль үндсэндээ Ц.Элбэгдоржийн уул уурхайн салбарыг гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хөгжүүлэх бодлогыг дэмжих эсэхийг харуулсан бүх нийтийн санал асуулга байсан гэж хэлж болохоор. Мөн ард түмний авлигыг хазаарлах хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байлаа.

Элчин сайд Б.Ганболд ярихдаа,”Монгол улс баялгийн хараалыг тойрч гарах бүрэн боломжтой. Манай иргэд төрийн аливаа бодлогыг маш гярхай ажигладаг. Дээр нь манайд чөлөөт хэвлэл, хянуур хууль тогтоох байгууллагатай. Энэ гурван хүчин зүйл нийлээд эдийн засгийг зөв голдрилоор явуулах боломжийг хангаж байгаа юм” гэжээ.

Монгол бол Хятад, Оросын дунд хашигдсан улс. Тус улс 1990 оноос хойш хоёр аварга хөршийнхөө нөлөөллийг багасгахын тулд гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж иржээ. Энэ бодлогынхоо хүрээнд Монгол улс газар зүйн хувьд хил залгадаггүй Япон, АНУ, Европын холбоо, Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа идэвхжүүлсээр иржээ.

Москвад боловсрол эзэмшсэн Б.Ганболд Солонгосын хойгийн талаархи туршлагатай дипломатч юм. Тэрээр 1989-1993 онд БНАСАУ-д ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Сөүлд томилогдсон бөгөөд БНСУ-ыг Монголын маш чухал гуравдагч хөрш гэж тодорхойлдог нэгэн.

Хоёр орны худалдаа 2012 онд 500 сая ам.долларт хүрч, БНСУ-ыг БНХАУ, ОХУ, Японы дараа дөрөвдэх том худалдааны түнш болгожээ. Үүнээс гадна БНСУ Монголд 300 сая ам.долларын хөрөнгө оруулж энэ үзүүлтээр долоод бичигддэг байна.

БНСУ тус улсын томоохон төслүүдэд оролцож байгаа бөгөөд “Самсунг” корпорац гэхэд 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн Улаанбаатарын шинэ нисэх буудлыг барихаар шалгарчээ. “Поско” корпорац Улаанбаатарын тавдугаар цахилгаан станцыг барих талаар сүүлчийн шатны хэлэлцээгээ эхлүүлээд байгаа аж.

Солонгосын компаниуд түүнчлэн 10 тэрбум ам.долларын өртөг бүхий Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох юм. Улаанбаатар Бээжингийн тэг дунд орших жижигхэн Сайншанд хот олон төрлийн боловсруулах үйлдвэр, цахилгаан болон ус дамжуулах сүлжээний аварга том төв болох төлөвтэй.

Хоёр орны иргэд хоорондын харилцаа ч улам бүр өргөжиж, 2012 онд хоёр орны 100 мянга гаруй иргэн харилцан зорчжээ. Одоогоор Монголын 26 мянган иргэн БНСУ-д ажиллаж, таван мянган оюутан их, дээд сургуулиудад суралцаж байгаа юм. Харин Монголд БНСУ-ын гурван мянга орчим иргэн байнга оршин суудаг ажээ.

Нийт: 4 Сэтгэгдэл

Caroline
2016 оны 12-р сарын 2

Holy Toleod, so glad I clicked on this site first!

Geralyn
2016 оны 12-р сарын 3

Fidinng this post. It’s just a big piece of luck for me. http://ffvprdkac.com [url=http://mkenxeqhhqr.com]mkenxeqhhqr[/url] [link=http://ceoimzr.com]ceoimzr[/link]

Cherry
2017 оны 1-р сарын 31

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *