Бат оршихыг бэлгэдсэн даншиг наадам өргөн дэлгэр болов

8-р сарын 6, 2018 9:24 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 35
8-6-3й1

Т.БАТСАЙХАН

Хүй мандлын торгон ногоон   дэвжээн дээр Очирваань бурханы хөргийг, Өндөр гэгээн Занабазарын баримлын хамтаар залжээ.  Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй  Даншиг наадмын гол утга учир нь энэ билээ.  Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон даншиг наадам анх үүссэн түүхтэй юм. Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол билээ.

Д.Чойжамц: АРД ТҮМНИЙХЭЭ ЭВ НЭГДЛИЙГ БАДРААХАД НААДМЫН УТГА УЧИР ОРШИЖ БАЙНА

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байжээ. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр bонголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн байна.  Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай юм.   Энэ жилийн наадмыг эхлүүлэхийн өмнө Гандантэгчинлэн хийдийн соёмбот тугийг залж, дараа нь Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг дарга С. Батболд нар үг хэлсэн юм.  Д.Чойжамц хамба “Хүн арван цагаан буян хийж, хийсэн буянаа дагаж явбаас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ юм. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж байна”  гэв.

С.Батболд: ДАНШИГ НААДАМ БОЛ УЛААНБААТАР ХОТЫН  ТҮҮХИЙН НЭГ ХЭСЭГ

Харин Хотын дарга С.Батболд “Энэхүү наадам нь утга агуулга,  дэг жаяг,  түүх соёл, шашин уламжлал талаасаа  жуулчид, түүхчид,  судлаачдын анхаарлыг татдаг төдийгүй   ирээдүй хойч үедээ   ч таниулан ойлгуулах  гайхамшиг юм. Даншиг наадам нь нөгөө талаас монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх  зэрэг олон үндсэн шалтгаан болж  байсныг түүхчид  ч  тэмдэглэсэн байдаг. “Даншиг наадам -Хүрээ цам” нь  монголчууд бидний түүх, соёл, уламжлалыг  хадгалдагаас гадна  Их хүрээ, Нийслэл хүрээ гээд   хөгжлийн явцдаа оноосон нэрээ хэдэнтээ өөрчилсөн  өнөө цагийн  Улаанбаатар хотын  түүх  юм. Тиймээс  Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдтэй  хамтран  энэхүү наадмыг  зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Хүй долоон худгийг зорин ирсэн наадамчид, мөргөлчид, жуулчид та бүхэн маань  Очирваань бурханаа дээдлэн шүтэж, их тахилга,  хүрээ цамын хуралд оролцож, буян хураахын зэрэгцээ Гандантэгчинлэн хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх  боломжтой”  гэв.  Үүний дараа Очирваань бурханыг тахиж, урлагийн тоглолтоо хүргэж, наадам хөшгөө нээлээ.  Энэ жилийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдлаа.  Наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш даншигийн 17 цолтон төрсөн байдаг. Энэ удаагийн наадамд Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва, Даншигийн заан Б.Түмэндэмбэрэл, Даншигийн өсөх идэр начин Э.Энхбат, Д.Амарсайхан, Даншигийн начин О.Хангай, Б.Батжаргал, Д.Тогтохжаргал, Д.Пүрэв­дорж нар зодоглолоо.

Мөн Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд тэргүүтэй 30 гаруй улсын цолтон зодоглов. Үүнээс даншигийн аварга, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ. Р.Пүрэвдагва ийнхүү даншигт дөрөв дэх удаагаа түрүүлж даншигийн дархан аварга цол хүртлээ. Хүчит бөхийн барилдааны дүйз, болон дэлгэрэнгүй мэдээллийг  бид маргаашийн дугаартаа хүргэх болно.

З.БАТБАЯРЫН ХЭЭР МОРЬ ТҮРҮҮ МАГНАЙ БОЛОВ

Наадмын үеэр мөн Их насны морьд уралдаж, морьт харвааны тэмцээн болов.  Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа. Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм.

Жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.

ЦАМЫН БҮЖИГ ҮЗЭХ ГЭЖ ЯПОНООС 100 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Даншиг наадмын гол арга хэмжээ нь цамын бүжиг бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Цамын бүжиг бол хүнд хүчир ёслолын нэг юм. Хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Тухайлбал Гандан хийдийн лам, цам харайж байсан н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. Даншиг наадам Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг” гэж байв. Энэ жил зөвхөн цамын бүжиг үзэх гэж Япон улсаас 100 гаруй жуулчин иржээ. Мөн  “Цайны зам” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд 400 жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхлоо.  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмыг үзэхээр ирэх жуулчдын тоо өссөөр байгаа. Өнгөрсөн жил гэхэд зохион байгуулалтын зардал 200 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд жуулчид ихээр үзэж сонирхдог учраас  зардлаа нөхсөн. Наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь дэлхий нийтэд ховордоод байгаа зан үйл. Монголын ард түмний үндэсний урлаг соёлын томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн гайхамшигт өв” гэдгийг онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *