Баруун бүсийг хамарсан “оюуны наадам”

5-р сарын 17, 2018 9:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 10
5-17-5й1

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад “Оюуны наадам”-ыг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ наадам анх 2002 онд Завхан аймгийн Идэр сумаас эхэлсэн түүхтэй. Өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, Завхан нутгаар овоглосон алдар цуутнуудыг бэлтгэх гүүр болгохыг анхлан санаачлагч Д.Батсайхан зорьжээ.

ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, ЧАНСАА НЭМСЭН “МАТ”-ЫН ОЛИМПИАД

“Оюуны наадам”-д зөвхөн хүүхдүүдийн дунд болдоггүй. 4-12 дугаар ангийн сурагчид болон багш, эцэг эхчүүд оюун ухаанаа уралдуулдаг юм байна. Хэдийгээр Идэр сумаас эхэлсэн ч жил бүр хүрээгээ тэлсээр баруун бүсийн аймгуудыг хамрах болсон тухай “Оюуны наадам”-ын ерөнхий менежер Д.Ренчинсүрэн онцолсон юм. Нэг, хоёрдугаар бүсээс гарч финалд шалгарсан хүүхдүүд хоорондоо өрсөлдөнө. “Уран бодолтын аварга”, “Үнэмлэхүй аварга” шалгаруулах бөгөөд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд ч бүхий л хүчээ дайчлан оролцдог. Хүүхэд, эцэг эх, багшийг холбож буй энэ гүүр хүмүүс хоорондын “амьд” харилцааг бий болгодог тухай “Чандмань эрдэнэ” лаборатори сургуулийн эцэг эх Э.Минжбатаа ярьсан юм. Тэрээ зарим үед хүүхдээсээ асуух нь ч бий. Олимпиад ойртох үед завгүй болохын зэрэгцээ хүүхдээрээ шахуулах ч энүүхэнд. Бас болоогүй “Та чадсангүй юу” гэж хэлүүлэхгүйн тулд сайн давтах хэрэгтэй болдог хэмээн инээмсэглэв. Тэр жил хүүхэд нь түрүүлээд аав нь шагналт байрт шалгарч чадаагүй тохиолдол гарсан аж. Гэтэл дараа жил нь өнөөх аав “Би заавал медаль авах ёстой. Хүүхэддээ бүтэн жил шооллууллаа” гээд гүйж явсан гэдэг. Энэ мэтчилэн жил ирэх бүрт хүрээгээ тэлж, чансаа нэмсэн “Оюуны наадам” зөвхөн Завхан нутгийнх байхаа больжээ. Ингэж хэлсэн нь учиртай. Энэ жилийн наадамд Увс аймгаас хүүхдүүд оролцож байв. Тэд өмнө нь оролцогч бүр медальтай буцсан гэхэд хилсдэхгүй юм билээ. Харин энэ жил “Завхан нутгийн оюунлаг хүүхдүүдийг гүйцэхээ больжээ” гээд финалын шагнал гардуулсан индэр дээрээс хэлж байв.

ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТЫГ АВЪЯАСЛАГ БАГАЧУУД ЧИМЭВ

Завханчууд авъяаслаг багачуудынхаа тоглолтоор олон ч арга хэмжээг тахалсан. Энэ удаагийн наадам ч тэдний тоглолтоор чимэг нэмсэн харагдав. Амьд хөгжмийн тоглолт, морин хуурын аяз гээд шагнал гардуулах ёслолыг “онцгой” содон болгосон юм. “Оюуны наадам”-ыг зургаан бүсэд зохион байгуулж 3700 гаруй багш, сурагч, эцэг эх оролцсон. Бүс бүрт наадмын нээлтийг хийхэд авъяасаа сонирхуулсан хүүхдүүдээс “Хүндэтгэлийн тоглолт”-ын эздийг бүрдүүлжээ. Цагаанхайрахн сумын сургуулийн сурагч Дэлгэрмаа “Нарны хаан хүүхдүүд” дууг цангинатал дуулж үзэгчдийн сонорыг мялаасан юм. Наадмыг зохион байгуулагчид тулгын гурван чулуу шиг эцэг эх, багш, хүүхдүүд хамтдаа байх нь илүү үр өгөөжтэй байдгийг хэлэв. Тиймдээ ч энэ наадмын чансаа өссөөр байгааг оролцогчид онцолж байлаа. Оюуны наадмыг санаачлагч, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Авъяасыг хөдөлмөрөөр тордож амжилтад хүрдэг” хэмээн олимпиадад оролцогч хүүхдүүдэд захисан юм. Тэрээр Завхан нутгийн хүүхдүүд ирээдүйд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд оюун ухаанаараа түүчээлэх учиртай. Тиймээс сэтгэх бодох чадвараа хөгжүүлэхэд нь энэ наадам суурийг нь тавих эхлэл байгаасай гэж хүсдэгээ дамжуулсан.

“БҮТЭН ЗҮРХ”

Наадмын хаалтын үеэр “Бүтэн зүрх” хөдөлгөөн өрнүүлснээ дуулган Тосонцэнгэл сумын бүтэн өнчин 90 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээж гардуулсан юм. Энэ санаачлагыг хэрэг­­жүүлэхийн тулд уриалга гарган олныг хам­руул­с­ан байна. Орон нутгийн удирдлагууд бо­лон бизнесийнхэн дэм­жиж олон хүүхдийг ирээдүйд итгэх итгэлийн гэрлийг бадамлуулжээ. Тухайлбал, бизнес эрх­лэгч Нарантуяа, Бямбадоо гээд олон хүнийг нэрлэж болно. Түүнчлэн энэ үеэр таван жилийн өмнө Сонгино суманд болсон олимпиадад хоёр ихэр хүүхэд алт, мөнгөн медаль хүртэсэн тухай наадмыг санаачлагч Д.Батсайхан ярив. Тэд энэ удаад ч мөн л энэ наадамд амжилттай оролцсон байна. Учир хоёр ихэр бүтэн өнчин. Гэсэн хэдий ч аливааг түүчээлэх, оюунаа хөгжүүлэх чин эрмэлзлэл нь тэдний ирээдүйг гэрэлтүүлж буй. Ихэрүүдэд ч мөн тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламжийг гардуулсан юм. Холын хол тэнгэрт байгаа аав, ээж нь хоёр хүүхдээ хараад баярлаж, бахархаж суугаа. Завхан нутгийнхаа нэрийг тив дэлхийд дуурсгасан ирээдүйн эзэд болохын ерөөл өргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *