Барьцаа хөрөнгийн үнэлгээ үйлдвэрлэгчдэд саад болдог

10-р сарын 2, 2015 10:53 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 105
10-2-7

Д.ОЮУНЧИМЭГ

“Dream shoes” үндэсний гутал үйлдвэрлэгчдийн нэг гэдгийг хүмүүс таньдаг болжээ. Тэд ихэвчлэн хувь хүний захиалгаар үйлдвэрлэлээ явуулдаг байна. 2012 онд анх захиалгын гутал үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа “Dream shoes” гутлын үйлдвэрийн захирал Н.Мөнх-Очир хэллээ. Үзэсгэлэн худалдаануудад оролцож олонд танигдсан тус үйлдвэрийнхэн өргөжин тэлж, тоног төхөөрөмжөө сайжруулахыг зорьж буй. Гэвч санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдэг том тээг тэдэнд саад болсоор.

Одоогоор монгол гутал, пүүзнээс бусад бүх төрлийн гутал оёж байгаа аж. Тэд өөрсдийн сурталчилгаагаа сошиал медиагаар түлхүү явуулдаг байна. Хэдийгээр хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулахыг хүсдэг ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байгаагаа Н.Мөнх-Очир захирал нуусангүй. Тус үйлдвэрийнхэн их хэмжээгээр гутал үйлдвэрлэдэггүй бөгөөд том аж ахуйн нэгжийн захиалгаар ажлын гутал үйлдвэрлэж байсан туршлага бий гэнэ.

“Dream shoes” гутлын үйлдвэр таван ажлын байрыг бий болгосон байна. Хоёр жилийн өмнө жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газарт хандан төсөл хүргүүлж байжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байв. Хэдийгээр төсөл нь шалгарсан ч арилжааны банкны барьцаа хөрөнгийн шалгуурыг давалгүй бүдэрчээ. Түүнчлэн батлан даалтын сангаар баталгаа гаргуулан өөрийн хөрөнгө болох орон сууц зэрэг зүйлийг тавьсан ч хангалтгүй байсны улмаас хасагдсан гэдэг. Энэ цагаас хойш зээл хөөцөлдөнө гэдэг бүтэшгүй даваа хэмээн орхисон тухайгаа Н.Мөнх-Очир хэлсэн юм.

ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ДЭМЭЭР

“Dream shoes”-ийнхэн үнэнч хэрэглэгчдийнхээ дэмээр өдий зэрэгтэй яваагаа онцолсон. Тэд захиалгаа өөрийн үйлдвэрийн “Dream shoes”, “Монголд үйлдвэрлэв” пэйж хуудсаар авдаг байна. “Хэрэглэгч хаан” гэлцдэг ч тэдний хүсэлт бүрийг биелүүлэх нь зарим үед бэрхшээлтэй гэнэ. Учир нь нэртэй брэндийн гутлыг дууриалган хийлгэх хүсэлт нэлээдгүй ирнэ. Тиймээс загварын хувьд өөрсдийнхийгөө бусдад таниулахыг илүүд үздэг байна. Н.Мөнх-Очир “Үйлчлүүлэгчид маань үнэтэй брэндийн гутал дууриалгаж хийлгэхийг хүсдэг. Оюуны өмчөөр хамгаалагдсан байдаг учраас тэр бүр хуулбарлах боломжгүй” гэж байсан. Хэдийгээр хүмүүсийн захиалгаар хийж байгаа ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн худалдаанд борлуулахаар үйлдвэрлэх зорилготой аж.

ДОТООДООС ТҮҮХИЙ ЭДЭЭ АВДАГГҮЙ

Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчдийн гутлыг хүмүүс сонирхох болсон. Энэ нь урд хөршөөс оруулж ирэх хямд гутал авахаас татгалзаж байгаагийн илрэл хэмээн үйлдвэрлэгчид хэлдэг. Тус үйлдвэрийнхний хувьд гурван жилийн өмнөхтэй харьцуулахад худалдан авагч эрс өсч байгааг онцолсон юм. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж буй нэг хэлбэр. Гутлын түүхий эдийг Гуанжугаас авдаг байна. Учир нь манайд байгаа арьс төдийлөн хүмүүсийн таашаалыг хүлээж чадахгүй байгаа нь бэрхшээлтэй. Мэдээж дотоодын зах зээлээс түүхий эдээ авахыг хүсдэг. Харамсалтай нь дотоодын арьс боловсруулалт муугаас гадна гутал хийсний дараа суналт өгч хэлбэр алдах эрсдэлтэй юм байна.

ИТГЭЛ НАЙДВАР ТАСРАХГҮЙ

“Dream shoes” гутлын үйлдвэрийн захирал Н.Мөнх-Очир санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт шийдэгдвэл хийхээр төлөвлөсөн олон ажил байгаагаа дуулгасан. Тэрээр арьс боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зорьж буй. Хэдийгээр олон зүйл хийхийг хүсч байгаа ч зээл авна гэдэг бүтэшгүй даваанд бүдэрсэн тэрээр шантарч байгаа нь ажиглагдаж байв. Гэсэн хэдий ч ажлын байраа хадгалж, цаашид нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээж тулгарч байгаа бэрхшээл бий. Тэр бүгдийг даван туулах эрч хүчийг үйлч­лүүлэгчдээсээ авч буйгаа тэрээр онцолж байсан юм. Үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлогын хүрээнд эл үйлдвэр өргөжих биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

JimmiXzSq
2017 оны 5-р сарын 20
GoldenTabs
2018 оны 1-р сарын 9
GoldenTabs
2018 оны 1-р сарын 9
mike11
2018 оны 4-р сарын 18
Judi
2018 оны 5-р сарын 12

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *