Барилгын салбарын гээгдсэн хүмүүс

9-р сарын 28, 2018 2:11 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 16
42659990_317271582382686_159350794284433408_n

Сүүлийн арав гаруй жилд хамгийн эрчимтэй хөгжиж буй салбарын нэг бол барилга. Хаа сайгүй сүндэрлэн босч байгаа худалдаа, үйлчилгээ болон оффисын зориулалттай барилгууд мөн орон сууцны хорооллууд архитектурын шийдэл болон чанараараа социализмын үеийнхээс хэд хэдэн шат ахисан гэж дүгнэж болох. Гэхдээ энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудал хоцрогдож байгааг анхаарах цаг болсон.

Урьд нь Барилга трест, Барилгын материалын үйлдвэрлэлийн бааз, Барилга угсралтын контор гэх мэт улсын байгууллагууд жилийн дөрвөн улирлын турш тогтмол ажиллагаатай байсан болохоор тэдгээрт ажиллагсад байнгын орлогын эх үүсвэртэй байсан.

Харин энэ салбар хувийн хэвшилд шилжсэнээс хойш үйл ажиллагаа нь улирлын шинжтэй болж, үндсэн ажилчинтай компани бараг л үгүй болсон. Дулааны улирал эхлэхээр ажилчны эрэлд гарч, эсвэл туслан гүйцэтгэгч бригадуудтай хамтран ажиллана. Бригадууд нь мөн л байнгын ажилчингүй. Учир нь бригад ахалж байгаа хүн багийнхныгаа ажлаар тасралтгүй хангаж чадах баталгаа байдаггүй. Нэг ажил гүйцэтгэж дуусаад дараагийн ажлаа хайж байх зуур хүлээж цөхсөн ажилчид нь өөр ажил хайж, наашаа гэснийг нь дагах жишээтэй. Эсвэл нэг барилга дээр хэдэн хүн нийлж ажилласнаа санаа болон гар эс нийлбэл дараагийн ажилд өөр хүмүүстэй хамтрах нь ч бий. Өөрөөр хэлбэл, энэ салбарт тууштай хамтарч ажилладаг баг байхгүй гэхэд үнэнээс төдийлөн зөрөхгүй байх.

Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь бэлэг тэмдэг төдий цөөн тооны инженер, техникийн ажилтантай, ямар нэг тендерт ялж, төсөл хэрэгжүүлэх болсон үедээ л тэднийгээ дуудаж ажиллуулдаг. Үүнийг нь буруутгах аргагүй юм. Учир нь одоо цагт барилгын ажил гүйцэтгэнэ гэдэг харганы ноос түүж, эсгий хийхийн дайтай болсон. Хэдийгээр дулааны улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлдэг ч энэ нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани ажилтай болно гэсэн үг биш. Ямар нэг тендер зарлагдлаа гэхэд 10 компани өрсөлдөж, нэг нь л ялна. Үлдсэн хэд нь дахиад л ажлын эрэлд гарна. Өөрсдөө санаачилгаараа байшин барилга, хороолол баръя гэхээр газрын зөвшөөрөл, мөнгө санхүүгээс эхлээд түмэн бэрхшээлтэй учирна.  Ингээд зарим жилдээ ганц ч ажил олж авч чадахгүй өнгөрөх нь бий. Ийм нөхцөлд баахан хүнд сул цалин өгч, даатгал, татварыг нь төлж суухыг хүсэх эрүүл ухаантай хүн олдохгүй биз. Тэгэхээр барилгын салбарт ажиллагсад ихэнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Ирээдүйдээ санаа тавьдаг цөөн хэсэг нь хувиараа шимтгэлээ төлөөд явах нь бий. Нэгэнт нийгмийн даатгал төлдөггүй болохоор тэд банкнаас зээл авахаас эхлээд өчнөөн хүндрэлтэй тулгардаг. Хамгийн гол нь тэтгэврийн насанд хүрэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жил нь хүрэхгүй, хүрлээ гэхэд хамгийн багаар тооцогдох нөхцөл байдал хэдийнэ үүсчихээд байгаа юм.

Иймд барилгын салбарт тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах боловсон хүчнийг бий болгохын тулд авч болох зарим арга хэмжээний талаар хууль тогтоогчдод санал  дэвшүүлье.

  1. Юуны өмнө барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлгээг дээшлүүлэх хэрэгтэй. “Монгол барилгачид өнөөдөр цалин буулаа бол орой нь шоудаад, маргааш нь ажлаа тасалдаг, бусад үед ч ажлаас хоцрох, барилгын материалаас хумслах зэргээр зөрчил гаргадаг” хэмээн ажил олгогчид ам муутай байдаг. Энэ нь ч гаднаас ажиллах хүчин оруулж ирэх шалтгаан болдог. Тэд ажлын бүтээмж өндөртэйн дээр архи ууж, агсам тавих, ажлаа тасалдуулах нь бага. Тиймдээ ч монгол ажилчдаас харьцангуй өндөр цалин хөлс авдаг. Гадны иргэдэд өгч байгаа энэхүү мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэхийн тулд монгол ажилчдын сахилга батыг сайжруулах нь нэн чухал. Үүнийг эдийн засгийн хөшүүргээр хийх боломжтой. Хөдөлмөрийн үнэлгээг эрс нэмэгдүүлж, ажлын байранд архидан согтуурах, ажил таслах зэрэг зөрчил гаргасан бол хатуу хариуцлага тооцдог болчихвол өндөр цалинтай ажлаа алдахгүйн тулд сахилга бат сахьдаг болно.

      Энэ нь өнгөц дүгнэхэд, ажил олгогчийн зардлыг өсгөж байгаа мэт харагдаж мэднэ. Гэхдээ ажлын бүтээмж өндөр, мөн санхүүжилт тасалдахгүй бол богино хугацаанд захиалгат ажлыг гүйцэтгэж, тэр хэрээрээ гүйцэтгэгч байгууллагын ашиг нэмэгддэг. Эндээс цалингийн өсөлтийг нөхөх боломжтой.

Статистикаас харахад, манай улс жилд дунджаар 20 мянга гаруй ажиллах хүч “импортолдог”. Монгол Улсад түр оршин сууж буй иргэний тоо улсын нийт хүн амын нэг хувиас хэтэрч болохгүйг хуульчилсан байдаг. Ямартай ч энэ хувь хэмжээнд барьдаг бололтой. Тэгвэл гадны ажиллах хүчийг хэн, хаанаас оруулж ирдэг вэ гэсэн асуулт ургана. Гадаадын ажиллах хүчний дийлэнх нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд БНСВУ, БНАСАУ зэрэг орнууд удаах байранд жагсдаг аж. Ажиллах хүч оруулж ирж буй компаниуд нь мөн голдуу гадны хөрөнгө оруулалттай байх бөгөөд уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Гадны ажилчдад өндөр цалин олгохын зэрэгцээ тэдний өмнөөс ажлын байрны төлбөр хэмээн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх буюу 480 мянган төгрөг төлдөг. Энэ нь сард 10 тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Барилга болон уул уурхайн салбарын ажил нь улирлын шинжтэй бөгөөд таваас есдүгээр сар дуустал идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж үзвэл энэ хугацаанд зөвхөн ажлын байрны төлбөрт 50 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байх нь. Үүний дээр тэдний цалин хөлсийг тооцвол хэд нугарсан  дүн гарна. Гадагшаа гарч буй энэ их хэмжээний мөнгөн урсгалыг зогсоохын тулд үндэсний ажиллах хүчний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, хариуцлагыг чангатгах нь төр гэхээс илүүтэй энэ салбарт бизнес эрхлэгчдийн шийдэх асуудал юм.

      Нөгөөтэйгүүр, тендер зарлаж буй төрийн байгууллагууд Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмыг мөрдөж, “тендер дамлагч” биш, ажил хийдэг компанийг сонгож байх нь чухал. Аль болох олон зуучлагчаас татгалзвал ажил гүйцэтгэгчид ирэх ашиг нэмэгдэж, ажилтнуудын цалин хөлсийг ч нэмэгдүүлэх боломжтой болно. Иймд ажилтангүй, техник, тоног төхөөрөмжгүй компанид тендер өгсөн, ажил гүйцэтгүүлсэн төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг хуульд тусгаж өгөх шаардлагатай.

  1. Мөн барилгын компанид ажилд орж байгаа бол өмнө ажиллаж байсан газраас нь тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмж, сахилга хариуцлага зэргийг илэрхийлсэн тодорхойлолтыг заавал авч, харгалзан үздэг болох. Үүнийг салбарын журмаар тогтоож болох юм. Ингэснээр нэг газар хэд хоног ажиллаад, дуртай үедээ ажил хаядаг, хариуцлагагүй, замбараагүй байдлыг таслан зогсоох, улмаар сайн тодорхойлолт авч, хожим илүү сайн ажилд орохын тулд хувь хүн ажлын бүтээмжээ дээшлүүлж, хариуцлагаа өндөрсгөх болно. Энэ аргыг баруун европт дундад зууны үеэс хэрэглэж эхэлсэн байдаг. Жишээлбэл, гэрийн үйлчлэгч ажилд авахдаа өмнө ажиллаж байсан гэрийн эздийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргадаг байж. Ийнхүү барилгын салбарт ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар тэдний хариуцлагыг чангатгаж, тэр хэрээрээ гадны ажилтнуудад олгож буй цалин хөлсийг дотооддоо, бүр тодруулбал, монгол хүн, монгол өрхөд шингээж болох юм.
  2. Үүний зэрэгцээ зайлшгүй эргэж харах нэг асуудал бол барилгын салбарт ажиллагсдын нийгмийн даатгал. Өмнө хэлсэнчлэн нэгэнт тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй болохоор ажил олгогчийн зүгээс ажилчдынхаа нийгмийн даатгалыг тогтмол төлөөд байх боломжгүй байгаа. Тиймээс үйл ажиллагаа явуулаагүй буюу сул зогссон үедээ ажилчныхаа даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөөд явсан бол тайлант жилийн эцэст Нийгмийн даатгалын сангаас эргүүлэн олгодог байх. Ингэхдээ компани болон ажилтан өөрөө зургаагаас доошгүй сар шимтгэлээ төлсөн байх шаардлага тавьбал зохино. Учир нь манай улсад бүтээн байгуулалтын ажил зөвхөн дулааны улиралд өрнөдөг тул энэ хугацаанд компани болон ажилтан даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлага тавьж байгаа юм. Энэ тохиолдолд үлдсэн зургаан сарын даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас олгодог байх санал тавьж байна. Ингэснээр энэ салбарт ажиллагчид тогтвор суурьшилтай ажиллах эрхзүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Барилга, орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Энэхүү хэрэгцээг хангахын тулд наранд халж, хүйтэнд хөрч, хөлсөө дуслуулан, та бидний оршин суудаг хот, тосгоны өнгө төрхийг бүрдүүлдэг барилгачдынхаа нийгмийн асуудлыг төр анхааралдаа авч, бодитой дэмжлэг үзүүлэх цаг болсоон.

Э.Ирэхбаяр

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *