Барилгын компаниуд хүч хэрэглэдэг л болчихжээ

7-р сарын 27, 2012 10:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 198

 

О.ЭРДЭНЭБҮРЭН

 

Нийслэлд барилга, зам засварын ажлыг цаг минуттай уралдан хийж байна.  Нэг хэсэг нь барилга барих гэж зүтгээд нөгөө хэсэг нь бариулахгүй гэж тэмцээд хоёр тал болоод хуваагдчихаж. Гэвч барилга барих гэж зүтгэгчид оршин суугчдын эрх ашгийг хохироохын дээдээр хохироож, ажил төрлөө ч умартан тэмцэл хийхэд хүргэж буй тод жишээ болсон үйл явдал Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд өчигдөр өрнөлөө. Барилга барина, барихгүй гэсэн ширүүхэн маргаан эцэстээ оршин суугчдын ялалтаар өндөрлөсөн юм. Ер нь ихэвчлэн ийм тэмцэлд барилгын компаниуд ялдаг. Харин энэ удаад оршин суугчдын гурван өдөр нойр, хоол, ажил төрлөө умартан тэмцсэний үр дүн гарч ялалт байгуулав. Барилга барьж болно. Харин хаана, иргэдийн эрх ашгийг хохироохгүй газар барихаа л зөв тооцоолох нь чухал. Гэтэл хоёр байрны айлуудын нарыг хааж, арванхоёр давхар барилга барих гээд зүтгэх юм.

Зүгээр ч нэг зүтгэхгүй, барилга бариулахгүй гэж тэмцэж буй хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс хэд дахин том биетэй бадриун залуусаар хашуулж байгаад л хашаа хатгах жишээтэй. Тэтгэврийн таяг тулсан нэг хөгшинийг том биетэй гурван  залуу хашиж байгааг харсан хүмүүс “Хийх юмаа олж ядсан залуус хөгшид, эмэгтэйчүүдийг дээрэлхэх ажил хийдэг болж. Тэд энэ ажилдаа мэргэш­чихэж. Өөрийнхөө эмээ, өвөө шиг хөгшчүүдийг түл­хэж унагаад л ёс сур­тахуунгүй үйлдэл гаргаж байна. Энэ залуус барилддаг байж мэдэх юм. Барилдах хүн нь олдохгүй болохоор хөгшид, эмэгтэйчүүдэд бяр, чадлаа гаргаж байгаа байх” гэж байлаа. Үүссэн нөхцөл байдлын талаар Чингэлтэй дүүргийн нэг­дү­гээр хороо “Бат холбоо” СӨХ-ийн дарга Ж.Нэргүй байр сууриа илэрхийллээ. Тэрээр “”United business” компанийнхан бадриун биетэй залуусаар хамгаалуулж байгаад энэ сарын 21-ний өдөр арванхоёр давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлаа эхэлэхээр газрыг хашиж, ухаж эхэлсэн. Оршин суугчид бид газраа манаж байсан ч ухуулахгүй байж чадаагүй.  Тэмцээд хүчрэхгүй болохоор нь  арга ядахдаа “Хөх Монгол” хөдөлгөөнийхнийг дуудаж туслалцаа авсан. Чингэлтэй дүүргийн газрын албанаас өчигдөр /уржигдар/ барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Тэр дагуу өнөөдөр /өчигдөр/ газрын албаны байцаагч нар ирж тойруулан барьсан хашааг нь нурааж, аччихаад яваад өглөө. Үүнд нь иргэд маш их баяртай байна. Бидний амьдарч байгаа байр 1956 онд ашиглалтад орсон барилга. Суурийн бэхэлгээ нь муудсан байгаа учир хажууд нь тулгаж өндөр барилга барихаар нурж мэднэ. Хэрэв барилга барих явцад манай барилгад цууралт үүсч нурвал яах вэ. Бид энэ эрсдлийг гаргуулах байх үүднээс л тэмцсэн юм. Ухсан нүүхийг буцааж шороогоор булж тэг­шилнэ” гэв.   Мөн үүнтэй төстэй үйл явдал Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд болов. “Гудамж хааж барилгын ажил эхлэх гээд байна” гэсэн иргэдийн гомдлын дагуу газар дээр нь очсон юм.  Иргэд гудамжаа таглуулахгүйн төлөө тэмцэж байгаа аж. Тус хорооны иргэн Д.Ганбат “Манай гудамжний үзүү­рийн хашааг барилгын компани худалдаж аваад 60 айлын орон сууц барихаар ажлаа эхлээд байгаа. Худалдаж авсан айлынхаа хашааг сунгаж гудамж хааж барилга барина гэж байна лээ. Энэ гудамжийг хаачих юм бол иргэд “100 айл”-ын замаар дамжаад гэртээ орж  чадахаа байна. Гудамжаа хаалгахгүйн төлөө энэ хавийн иргэд тэмцэж байна. Бүтэх эсэхийг нь хэлж мэдэхгүй нь. Худалдаж авсан айлынхаа хашаан дотор барилгын ажлаа хийвэл дургүйцэх юм алга. Гэтэл газраа сунгаж иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Бусад айлыг хохироож барилга барихыг бид зөвшөөрөхгүй” хэмээв.

1 Сэтгэгдэлтэй

Gracelynn
2016 оны 12-р сарын 1

I’ll try to put this to good use immyliatede.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *