Банкны тухай хуулийн төслийг хойшлуулав

11-р сарын 20, 2017 8:00 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 8
11-20-2

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар са­нал хураалаа. АН-ын бүл­гийн дарга Д.Эрдэнэбат  хэлэлцэх асууд­лыг хойшлуулах го­римын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон ги­шүүдийн 80 хувь нь татгалзсан. Д.Эрдэнэбат “Энэ хуулийн төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй байгаа. УИХ-ын даргын зөвлөл дээр яриагүй асуудлыг Д.Дамба-Очир оруулж ирсэн. Хэлэлцэх хууль­гүй болчихлоо гээд төлөв­лөгөөт бус цагаар Банкны чухал хуулийг оруулж ирж, хууль зөрч­лөө. Банкны тухай хуулийн 50 хувь нь өөрч­лөгдөхөөр байна. Үүнд хэд, хэдэн банкны эрхэд халдсан заалт орж ирж байна. Жишээлбэл, зээлийн дээд хэмжээний хязгаарыг төв банк тог­тооно гэсэн заалт орж ирлээ. Банкны төлөөлөл, санхүүгийн төлөөлөлтэй уулзаж байр суурийг нь сонсох ёстой” гэв.  Энэ үеэр гишүүд мөн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

УИХын гишүүн Ж.Энхбаяр:

-Эдийн засгийн хүнд­рэлээс гарах зайлш­гүй шаардлагатай. Жи­жиг зээлийг бид том зээлээр төлөөд хэ­дэн жил аргаллаа. Өнөө­дөр банкны байдал ямар байгаа талаар Мон­гол­банкны удирдлагаас хаалттай хуралдаан хийж, сонсох шаардлагатай. Моргейжийн хямрал бодитой нүүрлэж байна. Своп зээлийн гэрээ дуусаж байгаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Тиймээс хурал­даа­ныг хаалттай горимоор шийдье.

УИХын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засгийн хүнд­рэлтэй цаг үед банк, санхүүгийн бай­гууллагын чадамжийг дээшлүүлэх шаардлагатай. Харамсал­тай нь, Мон­голбанк эрх мэд­лийг өөр дээрээ ав­сан, арилжааны банк­ны асуудалд оролц­сон, Засгийн газарт хариуц­лага үүрүүлсэн хууль оруулж ирж байна. Аливаа өргөн барьсан хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа 50 хувиас илүү агуулга алдуулж болохгүй гэдэг. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулийн 80 хувийг өөрчилж байна. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна.

УИХын гишүүн Ж.Мөнхбат:

-Банк санхүүгийн асуудал их эмзэг. Бид хуульдаа өөрчлөлт оруу­лах нь зөв. Энэ хуу­лийн төслийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн. Гэтэл эргээд оруулаад ирж байна. Банкийг татан буул­гахыг прокурор шийд­дэг. Гэтэл Захир­гааны шүүхээр шийднэ гэж оруулж ирж байгаа. Зөрчилтэй зүйл их байгаа. Бүх хуульд өндөр шаардлага тогтоосон хуулиа мөрдөх ёстой. Төрд буруу жишиг тогтоож болохгүй.

Ийнхүү гишүүдийн байр суурийг сонссоны дараа УИХ-ын дарга дээрх хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан на­мын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *