Банк VS Финтек

11-р сарын 12, 2018 7:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 19
IMG_5387-1140x660

Б.ТӨГС

Санхүүгийн хялбар үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг финтек гэж нэрлэж байна. Банкуудын үзүүлж буй онлайн үйлчилгээнээс энэ нь тэс өөр бөгөөд ялангуяа хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ухаалаг гар утсаар дамжуулан дэлхийд хурдтай хөгжиж байна. Эдийн засагч Ө.Үүлэнгийн судалгаанаас ашиглан финтекийн талаар эхлээд танилцуулъя.

Финтек нь “Finance-Technology” гэсэн үгийн товчлол буюу “санхүү” болон “технологи” гэсэн үгнээс бүрдсэн шинэ нэр томъёо юм. Дэлхий дээр ухаалаг гар утсаар дамжуулан санхүүгийн үзүүлдэг 16 төрлийн 1600 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. 2008 онд Америкт хамгийн анх финтекийн үйлчилгээ нэвтэрч хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан бол 2013 онд хоёр дахин өсчээ. Харин дараа жил нь 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж томоохон банкуудыг цочролд оруулж байжээ.

Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаржуулж өгснөөр хэрэглэгчдэд дуртай цагтаа гар утсаараа дамжуулан хаанаас ч хүссэн үйлчилгээ авч болох цогц үйлчилгээг олгож буй. Гар утаснаасаа бүхий л төлбөр тооцоо, шилжүүлгийн хийж болох бөгөөд  зээл авахад хүртэл банк руу явах шаардлагагүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хайх зэрэг үйлчилгээг хүртэл үзүүлж цар хүрээгээ тэлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл  уламжлалт банкны болхи, төвөгтэй, хураамж ихтэй, цаг үрсэн, хүнд сурталтай үйлчилгээ дэлхийд өдөр ирэх тутам хэрэглэгчдээ алдсаар байгаа гэсэн үг. Зарим улс оронд финтекийн нөлөөгөөр банкуудын үйлчилгээ улам сайжирч байгаа бол хаалгаа барьж буй нь ч олон байна. Харин банкууд финтектэй өрсөлдөж чадвал тийм ч амархан бууж өгөхгүй байж чадна. Тухайлбал, 2013 онд Хятадад финтекийн хөрөнгө оруулалт Хонконгийн бирж дээр хийгдэж эхэлсэн ч Америк шиг хөгжөөгүйн шалтгаан бол банкны төлбөрийн онлайн үйлчилгээ болон хураамж зэрэг нь бараг  үнэгүй байдагтай холбоотой аж.

Дэлхий дахинд ийнхүү старт ап бизнесмэнүүдийг дэмжих бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, технологийн ертөнц улам хурдаа авч байна. Японд л гэхэд 2014 онд финтекийн компани байгуулагдсан нь цаг үеэсээ хоцорсон гэсэн шүүмжлэлийг хүртжээ.

Харин манай улсад жилийн өмнөөс финтек технологийг бага зэрэг ашиглаж эхлээд байна. Одоогийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь анхны цахим мөнгөний лицензээ авч төгрөгтэй адил үнэ цэнэтэй болсон “Candy”-г ашиглан гар утаснаасаа төлбөр тооцоогоо шуурхай шийдэх, зээл авах зэрэг финтек үйлчилгээг санал болгож байгаа “Мобиком” корпораци байна. Мөн энэ салбарт хүч түрэн орж ирсэн “Лэнд.мн” компанийг нэрлэж болно. Тус компани нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек санхүүгийн бизнес моделийг 2016 онд анх удаа нэвтрүүлсэн. “LendMN” аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Түүнчлэн цахим мөнгөтэй адил санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг болсноороо нэлээд идэвхтэй явж байна. Мөн энэ оны хоёрдугаар сараас хөрөнгийн зах зээлд үнэт цаасны танилцулгаа хийн, нээлттэй хувьцаагаа зарлан, арилжаалж буй анхны финтек компани болсон юм.

Ийнхүү манай улсад технологийн хувьсал, шинэчлэл дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Үүнтэй зэрэгцэн арилжааны банкууд үйлчилгээгээ улам сайжруулах, тэдэнтэй өрсөлдөх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Гэхдээ одоохондоо банкны урт удаан дараалалтай салбарын үйлчилгээнээс бүрэн салж чадаагүй, онлайн банкны хэрэглээ төдийлөн эрчээ аваагүй өнөөдрийн нөхцөлд финтек компаниуд үйлчилгээгээ илүү олонд таниулах, сурталчлах шаардлага зайлшгүй бий. Ямартай ч дэлхий нийтээр санхүүгийн бүх үйлчилгээг гар утсанд шилжүүлж дөнгөлөө. Тун удахгүй АТМ, карт, пос машин зэргийг халж, хүнд сурталтай, бичиг цааснаас салаагүй, төвөг ихтэй уламжлалт банкны үйлчилгээ халаагаа өгөх вий. Хэрэв банкууд оршин тогтнохыг хүсвэл хүссэн хүсээгүй финтектэй өрсөлдөж таарах нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *