Бангкокт дэлбэрэлт болж, 27 хүн амь үрэгдэв 

8-р сарын 19, 2015 10:12 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 36
pb-120214-bangkok-explosion-da-02.photoblog900

М.ХҮСЛЭН

Өнгөрсөн даваа гаригийн орой Тайландын нийслэл Бангкок хотын  төвд  хүчтэй   дэлбэрэлт болж 27 нь амь үрэгдэж, 80 гаруй гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтэд нийтдээ 130 гаруй хүн өртсөн гэж Тайландын үндэсний цагдаагийн албанаас мэдээлжээ.

Дэлбэрэлт Бангкокийн төвийн жуулчид ихээр ирдэг газарт болсон байна. Уг газарт тансаг зэрэглэлийн зочид буудал, худаладаны төвүүд олноор байршдаг аж. Буддын  сүсэгтнүүд мөргөл үйлддэг сүмийн эсрэг талд өнгөрсөн даваа гаригийн орой 19.00 цагийн үед нэг бөмбөг дэлбэрсний дараа залгуулаад мотоциклд бэхэлсэн тэсрэх бөмбөг болон хажууд нь таксинд байсан тэсрэх бодисыг  дэлбэлжээ. Хэрэг болсон газарт саперууд өөр хоёр тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгосон байна.

Одоогоор халдлагыг  зохион байгуулсан гэж ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна. Тайландын Батлан хамгаалахын сайд Правит Вонгсувон мэдэгдэл хийхдээ “Дэлбэрэлтийг зохион байгуулагчдыг заавал илрүүлж, зохих ялаар нь шийтгэх болно.  Бангкокийн төвд болсон дэлбэрэлтүүд тус улсын аялал жуулчлалын бизнес, эдийн засгийн эсрэг чиглэгдсэн” гэжээ.

Халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн дотор Хятад, Филиппиний дөрвөн жуулчин байсан гэсэн мэдээлэл байгаа.Хятадын “Синьхуа” агентлаг халдлагын улмаас БНХАУ-ын  15 жуулчин шархадсан тухай дамжуулжээ. Тус улс халдлагад хичнээн хүн өртсөн талаарх мэдээллийг тодруулж байна. Ер нь амь үрэгдсэн гадаадын жуулчдын талаар баталгаатай мэдээлэл гараагүй байгаа ажээ.

Шархадсан хүмүүсийг  авчирч байгаа Бангкокийн цагдаагийн эмнэлгээс авсан мэдээгээр дэлбэрэлтэд өртсөн иргэдийн ихэнх нь хятад жуулчид ажээ. Халдлагын үеэр нэг япон жуулчин шархадсан тухай “Киодо” агентлаг дамжуулсан байна.

Дэлбэрэлтийн дараа Тайландын нийслэлд аюулгүй байдлыг чангатгажээ. Түүнчлэн Бангкок хотын бүх сургуулийг хаасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *