Байтынхан ойрын 10 жилийн бодлогоо тодорхойллоо

11-р сарын 11, 2018 3:14 pm Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 11
9aa65f64422798de356900b588c4f327_1200

 

Монголын байт харвааны холбооны ээлжит их хурал, зөвлөгөөн өчигдөр Чингис зочид буудалд болж, 2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлогоо тодорхойллоо.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан 2014-2018 оны ажлын тайлангаа тавьж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа болон хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дүрэмд оруулах бүтцийн өөрчлөлтийг хэлэлцүүлж батлууллаа. Дүрэмд орсон гол өөрчлөлт нь тамирчдын ёс зүй, цол зэргийг хариуцсан болон ойрын 10 жилийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөвлөлүүд нэмж байгуулав.

Мөн  БХХХ-ы Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд, дэд ерөнхийлөгчөөр Х.Отгонтуяа, В.Ариунболд, П.Мөнхтулга нарыг сонгосон байна. Дэд ерөнхийлөгч нар кампаунд, рекурв, пара гэсэн байт харвааны төрлүүдээ хариуцан ажиллах юм. МББХ-ы Ерөнхийлөгчөөр хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар П.Цагааныг улируулан сонголоо.

2028 он хүртэлх хөгжлийн бодлогын нэг гол зорилт нь байт харвааны спортыг хөдөө орон нутагт дэлгэрүүлэх, дэмжих, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллүүлэх, шинээр тамирчид төрүүлэх, шигшээ багийг сэлбэх, материаллаг баазаа сайжруулах юм байна.

Их хурлын үеэр Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор  “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”,  Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа   “Тамирчны сахилга бат, ёс зүй” зэрэг сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьсан байна.

Дашрамд дурдахад 2019  он байтынхны хувьд тун хариуцлагатай жил болох аж. 2020 оны Токиогийн олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэг, Голландад болох бөгөөд энэ тэмцээнүүдэд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай. Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан байтын тамирчдаа Японд бэлтгэл хийх асуудлаар тус улсын Оказаки хотын удирдлагуудтай уулзаж, тохиролцсон бөгөөд саяхан Японы төлөөлөгчид ирж баталгаажуулсан байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *