Байгальд ээлтэй ба ээлгүй гишүүдийг зарлав

11-р сарын 19, 2015 5:48 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 74
DSC_0464

Ц.БАЯР

“Хөвсгөл далайн эзэд” ТББ-аас жил бүр гаргадаг “ Ногоон од” сэтгүүлээрээ дамжуулан 2012-2016 оны УИХ бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгаль орчны төлөө хийсэн ажил болон “Байгальд хамгийн ээлтэй” ба “Байгальд хамгийн халтай” гишүүд хэн хэн байсныг тодруулан өнөөдөр олон нийтэд  зарлалаа. Мөн энэ удаагийн УИХ-ыг байгальд хамгийн ээлгүй УИХ байсныг онцолсон. 2006 оноос эхлэн “Хөвсгөл далайн эзэд ” ТББ, Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвсэлтэй хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор хэрэгжүүлдэг “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд “Монголын байгаль орчны хууль тогтоомжийн үнэлгээ” сэтгүүлийг жил бүр хэвлүүлж, олон нийтэд хүргэдэг уламжлал тогтоод долоон жил болжээ. Мэдээллийг тус ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюун-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Г. Баттуяа нар хийлээ. “ УИХ-ын гишүүд 2012 оны намрын чуулганаас 2014 оны хаврын чуулган хүртэлх бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгальд ээлтэй нэг хууль санаачилж, гурван хууль баталж, байгаль орчны асуудлаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 11 удаа  асуулга,  зургаан удаа асуулт тавьж, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг гурван удаа хянан шалгасан дүнтэй байна. Бүхэл бүтэн чуулган хуралдах гурван жилийн хугацаанд Байгальд ээлтэй ганцхан хууль санаачилж, гуравхан хууль баталсан дүнтэй үнэлэгдэж буй 2012-2016 оны энэхүү УИХ нь Монгол орны байгаль орчныг хамгаалахын төлөө хүсэл зориг, хүчин чармайлт гаргадаггүй, “Байгальд хамгийн халтай УИХ” болох нь харагдаж байна” гэж тус ТББ-ын тэргүүн Б.Баярмаа  мэдээлсэн. Түүнчлэн 2013 оны намрын чуулган нь байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж, нэг ч хууль батлаагүй дүнтэй гарсан тул “Байгальд хамгийн ээлгүй чуулган”-аар тодруулан түмэн олонд зарлаж байгаа гэдгээ тэд дуулгасан.

  УИХ-ын гишүүдийг байгаль хамгаалах талаар хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг таван  үндсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, “Байгальд хамгийн ээлтэй” ба “Байгальд хамгийн халтай” гишүүдийг тодруулж олон нийтэд ийнхүү зарласан. Энэ удаад 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, гаргасан идэвх санаачлага, хүчин чармайлтынх нь чансааг тогтооход УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар “Байгальд хамгийн ээлтэй” гишүүнээр, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “Байгальд хамгийн халтай” гишүүнээр тодорлоо.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *