Байгаль хамгаалагчаас байгаль хамгаалал эхэлдэг

10-р сарын 10, 2018 8:10 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хууль эрхзүй Уншсан: 16
10-10-7

Б.СОЛОНГО

Байгаль хамгаалагчийн талаар бэлтгэж буй нийтлэлийнхээ дараагийнхыг энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүмүүстэй уулзсан сурвалжлагаар үргэлжлүүлж байна. Мод, чулуу бэлтгэх чиг үүрэг бүхий ойн ангиас эхлэлтэй, өөрөөр хэлбэл, ашиглагчаас хамгаалагч болж чиг үүрэг нь өөрчлөгдсөн Нийслэлийн байгаль орчны газрын 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус газрын харьяалалтай 33 байгаль хамгаалагч нийслэлийн ногоон бүсийн 300 гаруй мянган га газарт хууль сахиулан ажиллаж байна.

ТОРГОХ БИШ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЧУХАЛ

Бид эхлээд хойд чиглэлийн зуслангийн бүсийг хариуцан ажилладаг төвийн хэсгийн ахлагч Д.Ганбатын Шадивлан дахь ажлын байранд ирлээ. Тэрээр хэсгийнхээ есөн хамгаалагчийн хамт энэ бүс нутгийн 20 гаруй мянган га газрыг хамгаалж ажилладаг юм байна. Байгаль орчны чиглэлээр сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй 28 жил энэ салбарт ажилласны сүүлийн 15-д нь байгаль хамгаалагч хийжээ. Зуслангийн бүсэд дулааны улиралдаа амрагчид, самар жимсчидтэй холбоотой дуудлага тасардаггүй. Дээрээс нь өвөлждөг айлууд ихтэй, хүн амын төвлөрөл их байдгаас ойн санд гарах зөрчил харьцангуй их байдаг. Гэхдээ ой модноос машин машинаар нь зөөдөг, устгадаг байдал бараг үгүй болсныг тэд итгэлтэй хэлж байлаа. Гэхдээ зөвшөөрөлгүй худаг гаргах, байшин барих, газар хашаалах гээд зуслангийн бүсэд асуудал мунддаггүй ажээ. Ерөөсөө байгаль хамгаалагчийн ажил амралтын өдөр байдаггүй. Д.Ганбат ахлагчийн хувьд ч адилхан. Амралтын өдрөөр ч гэртээ очиж амжихгүй үе зөндөө гэнэ. “Гэрийнхнийгээ хааяа нэг очиж эргэнэ дээ” гэж байдаг л зүйл мэт ярих түүний амнаас хэцүү байна гэсэн үг гарахгүй нь ойлгомжтой байв. Зарим өдөрт эргүүл, шалгалтаар 110 км хүртэл явах үе байдаг аж. Ялангуяа хавар, намрын хуурайшилтын үед ой модны түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг байгаль хамгаалагчийнх.

Хүн амын төвлөрөл бүхий суурьшлын бүс дэх байгалийг хамгаалах, хууль дүрмийг сахиулах нь байгаль хамгаалагчаас олон чадварыг шаарддаг. Наад зах нь олон хүнтэй харилцдаг онцлогтой тул аливаа зөрчил гарахад хариуцлага тооцохоос илүү тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн байгаль хамгаалагчид анхаарч ажиллах ёстой. Энэ шаардлагын дагуу түүний ажлын байранд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр байшингаа дулаалах, ой модонд аялаж зугаалахдаа анхаарах талаар бичсэн олон төрлийн танилцуулга дэлгээтэй харагдана. Байгаль хамгаалагч бол байгаль хамгааллын хамгийн анхан шатны нэгж гэдэг утгаар танин мэдүүлэх, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ухуулах ажлыг гардан хийж, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс.  Гэсэн ч аливаа төсөл хөтөлбөр нийслэлийн байгаль хамгаалагчдыг тойроод орон нутаг руу чиглээд байдагт гайхдагаа хэлэв. Хамгийн сүүлд л гэхэд эко жорлон сурталчлах ажилтай болсноо сонирхуулан ярьж байлаа. Зөвхөн ярих, зааж сургах биш өөрсдөө үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй тул хоёр жилийн өмнөөс нүүрс түлэхээ больж шахмал түлш хэрэглэж байгаа ажээ. Ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлбэл гэр хорооллынхон ойн сан руугаа халдах нь нэмэгдэх вий гэсэн болгоомжлол тэдэнд байна лээ. Тиймээс шахмал түлшний хэрэглээг чадахаараа сурталчлах хэрэгтэй байна гэж байгаль хамгаалагч ах хэлсэн юм.

Д.Ганбат ахлагчийн­хаас хөдлөөд удалгүй зам дээр зогсох хоёр байгаль хамгаалагчтай тааралдав. Дүрэмт хувцсаа өмсч, улаан дохиур барьсан тэд замын эргүүл хийж байгаа нь энэ. Овор ихтэй машин, газар шорооны техник хэрэгсэл гээд байгаль орчны хууль зөрчсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдлыг зогсоон шалгах энэ ажил нь тэдний чиг үүрэгт байдаг. Бүрнээбазар, Төмөрбаатар нар байгаль хамгаалагчаар тав орчим жил ажиллаж байгаа аж. “Байгаль хамгаалагчаар ажиллахын сайхан нь юу юм бэ” гэж би асуухад “Байгаль дэлхийтэйгээ харьцаж амьдарна гэдэг сайхан шүү дээ. Энэ сайхан байгалиа үр хойчдоо бүтэн үлдээж чадвал гавьяа нь тэр юм болов уу. Мэдээж хүний амьдрал хойно цалин хөлснөөс эхлээд нийгмийн асуудлууд байлгүй яахав. Гэхдээ болохгүй, бүтэхгүйг тоочоод байлгүй өөрсдөө зохион байгуулалтаа сайжруулаад бүх боложоороо ажиллаж байна. Элдэв хүмүүстэй муудах, сайдах үе ч гарна. Гэхдээ би л хууль сахиулагч гээд дүрэмдээд, загнаад байх нь өнөөдрийн нийгэмд утгагүй зүйл.  Аль болох ойлгуулахыг хичээж, харилцааны тал дээрээ анхаарахыг хичээдэг. Одоо бас нэг үеэ бодвол иргэдийн хандлага өөр болсон шүү дээ” гэж тэд хариулсан юм.

“БУУТАЙ ТУЛАХ ҮЕ ОЛОН”

Байгаль хамгаалагчид зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, торгууль шийтгэл ногдуулах эрхтэй байсан бол өнгөрсөн оноос хуульд өөрчлөлт орсноор улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг болжээ. Ажилласан жил туршлага, мэргэшсэн байдал зэрэг тодорхой шалгуурыг хангаснаар улсын байцаагчийн эрхийг авдаг. Одоогоор нийслэлийн 33 байгаль хамгаалагчийн ес нь эрхээ авсан байна. Хэрэв торгууль ногдуулах нөхцөл байдал үүсвэл тухайн байцаагчаа дуудаж ирүүлээд хэрэг бүртгэл нээн, прокурорт бүртгүүлэх байдлаар асуудлыг шийддэг болсон байна. Тиймээс улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын ачаалал эрс нэмэгдсэн аж. Нийслэлийн байгаль орчны газраас бусад хамгаалагчаа чадавхжуулах, мэргэшүүлэх, улсын байцаагчийн эрхтэй болгох тал дээр тодорхой зорилтууд тавьсан байгаа аж.

Нийслэлийн байгаль хамгаалагчдаас насны хувьд хамгийн залуу нь хэрнээ улсын байцаагчийн эрх авсан, өөрийгөө чадавхжуулах тал дээр идэвх зүтгэлтэй ажилладаг нэгэн бол байгаль хамгаалагч Н.Дорж. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтуруун орчмын 21 мянган га газрыг хариуцан ажиллаж байгаа шилдэг ажилтны нэг аж. Тэрээр байгаль хамгаалал, экологич мэргэжлээр төгсөөд найм дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Эргүүл, шалгалтаа цаг тухайд нь хийхээс гадна хот руу нэвтрэх товчоонд дамжин өнгөрөх мод модон материал, ан амьтны тээвэртэй холбоотой хяналт, шалгалтыг цагдаа, мэргэжлийн хяналтынхантай хамтран гүйцэтгэдэг. Энэ жил улсын байцаагч болоод дөрвөн сая төгрөгийн торгууль тавьсны дийлэнх нь зөвшөөрөлгүй худаг ухсан зөрчил байжээ. Хариуцсан нутаг дэвсгэрт нь ойн сан бага хэдий ч газар шороо, хог хаягдлын зөрчил нэлээдгүй гардаг аж. Тухайлбал, арьс ширний Эмээлт орчмын хог хаягдлын асуудал байнга үүсдэг гэнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн бүсэд орж ирсэн баавгайн бамбаруушийг байгальд нь буцааж тавих ажиллагаанд энэ залуу хамгаалагч ажиллажээ.

“Би бол байгаль орчны мэргэжлээрээ уул ус, газар шороо, эх орныхоо төлөө зүтгэж байгаа албан албан хаагч. Хойч ирээдүйдээ байгалиа үлдээх, хамгаалж үлдэх нь миний үүрэг. Байгаль хамгаалагчийн ажил онцлог ихтэй. Аливаа хүний эв, аяыг тааруулж харьцах, харилцааны асар их чадварыг шаарддаг. Тарвага агнаж байгаад баригдсан хүн дээр очиж шаардлага тавихад хүнтэй биш буутай нь тулна гэсэн үг. Тиймээс бууг нь эхлээд салгах, дараа нь байгаль орчны хууль дүрмийг ойлгуулах гээд шат дараатайгаар зөв мэдэрч ажлаа хийх чадварыг биднээс шаарддаг” гэж Н.Дорж ярьсан юм. Тэр бүр төсвөөс гар харалгүйгээр байгаль хамгаалагчдынхаа өөрсдийнх нь боломж бололцоо, зүтгэлд нь тулгуурлан ажлын бай­раа тохижуулах, дулаа­лах уралдаант аяныг Нийслэлийн байгаль орчны газраас 33 хамгаа­лагчийнхаа дунд зарлажээ. Н.Дорж аяны хүрээнд постныхоо гадна цэцэг тарьж, хашааны хаалган дээрээ ан амьтны дүрсийг өөрөө зурж гоёсноо биднийг үдэхдээ харуулав.

Ийнхүү бид нийслэлээр овоглосон байгаль хамгаалагчдын ажилтай багахан хугацаанд танилцсан юм. Тэдний ажиллах нөхцөл, техник хангамжийг сайжруулж, аюулгүй байдлыг баталгаатай болгох зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжил нэгт нөхөр нь амиа алдсан явдал харуулсныг өчигдрийн нийтлэлээрээ бид хүргэсэн. Гэхдээ бодит байдалд үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчдын хэн нь ч зовлон тоочоогүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *