Багш нарын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэв

9-р сарын 20, 2018 8:36 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 15
9-20-1й1

Т.САЙХАН

МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд багш нарын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Багш нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд тэмцээд байгаа юм биш. Өнгөрсөн арван жилд ам.долларын ханш өсч, инфляц нэмэгдсэнээс үүдэж монгол төгрөг үнэгүйдсэн. Тиймээс хулгайлагдсан мөнгөө тэнцүүлэх шаардлага тавьж тэмцсэн гэж ойлгож байгаа. Тиймээс багш нарын тэмцлийг дэмжиж байгаа юм” гэлээ.

Ногоон намын дарга О.Бум-Ялагч: ГЕРМАНД БАГШ НАРЫН ЦАЛИН 5300 ЕВРО, МОНГОЛД 200 ЕВРО БАЙНА

-2008 онд ам.доллар 1150 төгрөг байсан бол 2018 онд 2500 төгрөгтэй тэнцэж байна. Нийгэм эдийн засгийн байдал хямарч байгаа тул багш нар маань бүсээ чангалах бололцоогүй болсон. Тиймээс багш нарын тэмцлийг манай нам дэмжиж байгаа. Германд багш нарын цалин 5300 евро байдаг бол монголд 200 евро байна. Тиймээс бид тэмцэх ёстой. Багш нарын цалинг хөвдөг болгочихвол өнөөдрийн асуудал үүсэхгүй. Гэтэл эрх баригчид ажлаа хийхгүй байна. Хийдэг хүмүүсийг нь гаргаж, ирээдүйг харсан бодлого боловсруулах хэрэгтэй байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: БАГШИЙН НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДАЛ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Багш нарын тэмцэл үүгээр дуусаагүй, ажил хаялт түр зогссон байгаа. Тэгэхээр ирэх оны төсөв хэрхэн батлагдахаас хамаарч цаашдын асуудал шийдэгдэнэ. Бид багш нарын суурь цалинг 1.5 сая төгрөгт хүргэхээс цааш мөнгөний ханшийн зөрүүг арилгаж чадахгүй юм.  Багш нарын нэг сурагчид ногдох хувьсах зардал анх 2008 онд батлагдаж байсан. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй. Тэгэхээр суурь цалингаа зөв, шударга тавьж байж дараагийн асуудлыг ярих ёстой. Өнөөдрийн багш нарын тэмцэл бол өнөөгийн ялзралын эсрэг тэмцэл юм. Намрын чуулганаар хэлэлцэх 2019 оны төсөв хэрхэн батлагдахаас багш нарын тэмцэл хамаарна. Тиймээс багш нарын тэмцлийг улс төрийн өнцгөөс харахаас илүү, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт үзэх ёстой. Ийнхүү дээрх дөрвөн намаас мэдэгдэл гаргасныг МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл уншиж, танилцуулав. Тэрээр “Багш нарын суурь цалинг 1.5 саяд хүргэх бүрэн боломжтой. Багш нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэж олон сарын турш тэмцсэн ч, эрх баригчдын нүд сохор, чих дүлий байсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан олон жилийн бодлогын золиос нь жирийн ард иргэд болж байна. Цалингийн ангиллаар хамгийн бага цалинтайд тооцогдож байгаа тул ажил хаяхаас өөр аргагүй болсныг удаа дараа сануулсан ч МАН-ын Засгийн газар тоохгүй байсаар өдийг хүрсэн юм. Эрх баригчид МҮЭХ-г элдвийн аргаар хууран мэхэлсээр багш нарын тэмцлийг тасаллаа. Багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байна. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх, татварын шалгалтаар тогтоогдсон 1.8 тэрбум ам.долларын төлбөрийг төлүүлэх замаар цалин нэмэх боломжтой. Байгалийн баялгийг түүхийгээр нь экспортолж байгаа тохиолдолд татвар ногдуулж болно. Оффшор данс руу зугтаалгасан их хэмжээний мөнгийг эргүүлэн төвлөрүүлэх. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний мөнгө авсан этгээдээс хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох замаар цалин нэмэх боломжтой. Иймд багш нарын шударга шаардлагыг олноороо уухайлан дэмжицгээе” гэж уриалав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *