Багш хүн сэлж, сөрж, суралцахгүй л бол хэрэгцээгүй мэдээлэл дунд живнэ

10-р сарын 31, 2012 12:47 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 294

Э.ОРХОНСҮРЭН

Боловсрол хүний амьдралын хамгийн чухал зүйл. Бид хэр сайн мэдлэг боловсрол эзэмшинэ түүгээрээ насан туршынхаа хоолыг олж иддэг.  Тиймээс амьдралаа залгуулах мэдлэг боловсролоо бид авч чадаж байна уу. Багш нарын мэдлэг  хангалттай байж чаддаг уу гэх асуулт сүүлийн үед ихээхэн яригдах болсон. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн утга зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламтай ярилцлаа.

 

БАГШ НАРААС АВДАГ ШАЛГАЛТ ТЭДНИЙГ МЭДЛЭГЖҮҮЛДЭГ

 

-Боловсролын салбарт тулгамдаж байгаа олон асуудал байдаг. Гэсэн ч энэ удаа эдгээр асуудлыг түр орхиод энэ салбарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа, мөн цаашид өөрчилж шинэчилэх шаард­лагатай зарим зүй­лийн тухай ярилцъя гэж бодлоо.  Та дээд боловсро­лын байгууллагад олон жил ажиллаж байгаа туршлага­тай багш. Сүүлийн үеийн оюутан залуус маань дээд сургуульд өөрийгөө бэлдэх, суурь мэдлэгээ хэр эзэмшиж байна гэж боддог вэ?

-Хувийн ажиглалт, амьдрал дээрх туршла­гаасаа харахад 1990-ээд оны дараахнаас энэ асуудал эмх замбараагүй болж, ихээхэн суларч ирсэн. Харин сүүлийн жилүүдээс арай цэгцэрч эхэлж байх шиг байна. Элсэгчдийн суралцах чадвар, идэвх нэмэгдсэн. 90-ээд оны дараахнаас ер нь сурах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юмуу. Үүний оронд хөрш зэргэлдээ орнуудаар ганзгын наймаа хийж,  мөнгө олъё гэсэн хандлага нэлээд байсан. Мөн зарим багш нар ч  мэргэжлээ орхиж, бизнесийн салбарт шилжсэн.

Одоо бол мэргэжлийн багш нар ажилдаа тогтворжиж, оюутан сурагчдын сурлагын чанар сайжирч байна. Нэн ялангуяа сүүлийн үед манайд “багшийн анги” гэж бий болсноор хамгийн шилдэг дээд оноо авсан хүүхдүүд энэ ангид сурч байна. Эдгээр хүүхдүү­дийн сурах урам зориг их байгаа нь лекц, семинар дээр харагддаг. Иймд сурлагын чанар нэг үеэ бодвол сайжирч байна гэж бодож байна. 

-”Багшийн эрдэм шавиас эхтэй” гэдэг шиг их, дээд сургуульд багшилж байгаа багш нар сайн байвал, оюутан залуус төдий чинээ мэдлэг эзэмшинэ гэдэг. Гэтэл зарим хувийн сургуульд бакалавр зэрэгтэй, дөнгөж сургуулиа төгссөн багш нар хичээл зааж байгаа харагдах юм?

-Сургууль сургуу­лиа­раа багш нарын чадамж, эрдэм ном заах авьяас билиг өөр өөр байдаг.  Зарим нь муу байхад зарим нь сайн байна. Сургуулиудын хувьд ч гэсэн ялгаагүй. Гэтэл дээд боловсролд хувийн сектор гарч ирсэн. Хувийн өмч гэдэг тухайн хүний мэдэлд байдаг зүйл. Үүнтэй хол­боотой заавал өөрийнхөө төгсөгчдийг авна гэсэн явцуу үзэл гаргаад чадалтай багш нарыг шалгаруулж авдаггүй. Зөвхөн өөрт таалагдсан, чих зөөлөнтэй, хэлсэн үгийг нь биелүүлдэг хүнийг авах хандлага хавтгайрсан. Мөн зарим их дээд сургуулийн захир­лууд зөвхөн хамаатан саднаа ажиллуулдаг. Тэд бүгд авьяас билигтэй, эрдэм чадалтай байна гэж байхгүй. Үүнээс болоод багш нарын чадал, чадамж муудсан гэж боддог юм. Улсын их сургуулиуд бол багш нараа таван жил тутамд, олон жил ажилла­сан бол гурван жил тутамд атестатчилдаг. 60-аас доош оноо авсан хүнийг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг нь хүртэл цуцалдаг. Зарим хүмүүст нь анхааруулга өгдөг шүү дээ. Ийм нөх­цөлд багш нарын чадвар муу байна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл тэд тодорхой хугацааны дараа өөрийн ажил үүргийг шалгуулна гэсэн сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэлтэй байдаг юм.

 

САЙД ДАРГА НАР СОЛИГДОХ БҮРТ БОЛОВСРОЛЫН САЛБАР ТОГТВОРГҮЙ БОЛДОГ 

 

-Өдгөө XXI зууныг  мэдээллийн эрин үе гэж нэрлээд байгаа. Цаг үеэ дагаад хүүхэд, залуусын  мэдлэг, мэдээлэл хүрээгээ тэлж байна. Хүн бүр цахим хэрэглээнд нэвтэрч бай­гаа. Энэ үед багш нарын мэдлэг бас хурдацтай, хөгжингүй байх шаард­лагатай байх. Зарим хүн багш нарыг мэдлэг, мэдээллээр хоцорч байна гэж шүүмжилдэг. Та ямар бодолтой явдаг вэ? 

-Багш нараас өөрөөс нь л шалтгаална. Бидний ажил усанд сэлж байгаатай яг адилхан. Байнга л урсгал сөрж, сэлж л байхгүй бол амсхийвэл усны урсгал чамайг урсгаад аваад явна. Байнга л сэлж байх хэрэгтэй. Бага зэрэг  амрах ч боломжгүй гэсэн үг. Би бол насан туршдаа суралцаж байна. Бас нэг талаар орчин үеийн залууст сурах боломж маш их байна. Бидний үед гар утас бүү хэл зурагт гэдэг зүйлийг мэддэггүй цаг үе байсан. Өнөөдрийн энэ мэдээллийн технологи гэдэг нэг талаас сайн сайхан боловч хэт мэдээллийн дайрлага дотор амьдарч байна. Тийм учраас энэ дотроос өөрт хамгийн хэрэгтэй мэдээллийг олж авах шаардлагатай. Үгүй бол өөр буруу мэдээлэл олж аваад түүндээ живэх аюултай. Яагаад гэхээр залуу нас гэдэг эмзэг. Харин үүнд багш нар тус­лах үүрэгтэй. Өнөөгийн төвшинд семинарын хичээл хийхэд урамтай нь заавал тэр номын санд очиж тийм ном унш гэхээсээ илүүтэй ямар сайтаас энэ тухай мэдээллийг олж авч болох вэ гэдгийг нь зааж өгч байна. Ямар ч мэргэжлээс шалтгаалахгүйгээр ийм боломж бий болжээ. Бид орон зайн хувьд хаана ч байсан, онлайнаар харьцаж зөвлөгөө өгөх боломжтой үед амьдарч байгаа нь олзуурхууштай хэрэг юм. 

-Их сургуульд олон жил багшилж байгаа хүний хувьд манай боловсролын  салбарын өөрчлөлт шинэч­лэлтэд  дүн шинжилгээ хийж л суудаг байх. Энэ талаарх бодлоо хуваалц­вал…?  

-Монгол Улсын боловсролын тогтолцоо хуучин системийн үед ерөнхийдөө ЗХУ-ын академик буюу сонгодог чиглэлийн боловсролтой байсан. 1990-ээд оны ардчилсан шинэчлэлийн үр дүнд чиг баримжаа нь өөрчлөгдөж Америкийн прагматик чиглэл рүү хандаж эхэлсэн. Энэ хоёрын хооронд зөрчилдөх зүйл олон бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ шилжилтийн үед  боловс­ролын номлол гэдэг чухал зүйл байх ёстойг ойлгосон. Үүнээс улбаалан  Монгол Улсын дээд боловсролын хууль, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого гэж батлагдсан. Эдгээр нь бидний сургал­тад ашиглаж байгаа гол бичиг баримт юм. Гэхдээ бидэнд боловсролын цэгцтэй номлол одоогоор байхгүй байна. Үүний шинж нь нийгмийн байдал өөрчлөгдөхөөр нэг боловсролын тогтолцоо­ноос нөгөө рүү савладаг. Энэ нь урьд зааж байснаа нэг бол үгүйсгээд шинэч­лэлийнхээ зүг чиг, барим­жааг сайн олж чадахгүй байх зэргээр илэрч байна. Заримдаа засаг төр солиг­дох бүрт боловсролын асуу­дал янз янзаар хувир­даг. Сүүлийн үед Кемб­рижийн боловсролын чиг баримжаа руу орох гэж байна. Энэ нь тэр үед ямар засгийн газар, ямар сайд байсантай нэлээд холбоотой. Ийм савалгаа байх нь үр дүнгүй байх тал байдаг. Мэдээж хэрэг бид дэлхийн боловсролын чиг хандлага руу явах нь зайлшгүй. Гэхдээ бидний соёл иргэншил, үндэс суурь, улс эх орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд зохицсон номлолтой байх хэрэгтэй. Тогтсон номлолгүй учраас шуурга салхи хаанаас гарна түүнийг дагасан хулгайн салхи үүсдэг. Энэ нь сайн юманд хүргэхгүй. Дараагийн Засгийн газар, боловсролын сайд ямар чиг баримжаатай байх  юм бол гэсэн ажиглалт хүлээлттэй сууцгааж байна.

-Тэгвэл шинэ, хуучин боловсролын системийн хооронд ямар ялгаа байна гэж та харж байна?

-Миний бодлоор энэ хоёр системийн аль алинд нь сул болон давуу тал бий. Академик боловсрол гэдэг хүний суурь мэдлэгт илүү их анхаардаг. Академик боловсрол эзэмшсэн хүн ямар ч мэргэжил эзэмшсэн суурь сайтай байдаг. Прагматик боловсрол нарийн мэргэшсэн мэргэжил, чадвар, дадлаа анхаараад бусад зүйлийг орхигдуулдаг. Үүний тод жишээ бол дундаж америк хүн юм. Яагаад гэхээр тэд өөрсдийн хамгийн ойрын холбоотон Их Британи, Умард Ирландын нэгсэн вант улс хаана байна гэж асуухад газрын зураг дээр зааж чаддаггүй юм гэсэн. Энэ бол прагматик боловсролын нэг сул талын нэг жишээ.

-Та түрүүнд  боловсролын салбарт нэгдсэн нэг том цэгцтэй бодлог хэрэгтэй байна гэж байсан. Үнэхээр энэ салбарыг сайд, дарга нар солигдоход дагаж савладаггүй, тогтвортой байлгахын тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж?

-Үндэсний боловс­ролын номлол гэж баймаар байна. Төрөөс үүнийг дэмжиж шинж­лэх ухааны үндэстэй  шинэч­лэл хиймээр байна. Ийм зүйл байхгүй учраас манай боловсролын луужин цаг цагийн шуурганд савладаг болоод байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг өөрийн соёл иргэншлийн онцлогтой хэрхэн уялдуулж хослуулах талаар их юм бодож хийх шаардлагатай.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *