Багануур: “Нүүрс” хөтөлбөрөөс 3.9 тэрбумын алдагдал хүлээсэн

9-р сарын 11, 2015 8:20 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 50
1-2-9-11

Б.ЗАЯА

“Нүүрс” хөтөлбөрөөр “Багануур” компанид хохирол учруулсан хэрэгт холбогдсон Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, “MGL SB” компанийн захирал Н.Даваахүү, компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох шүүх хурал өчигдөр болох байсан ч дахин хойшлов. Хэдийгээр шүүх хурал хойшилсон ч шүүх танхимд үйл явдал ийн өрнөв. Шүүх хуралд гэрчээр татагдаад байсан “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, шинжээч Ш.Ичинхорлоо нар ирсэн юм. Харин гэрчээр оролцохоор хүсэлт гаргаад байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ болон зарим гэрч нар ирсэнгүй. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх бүрэлдэхүүнд хандаж “Нүүрсийг 27500 төгрөгөөр зарах тогтоолд гарын үсэг зурсан Багануур компанийн ТУЗ-ийн дарга н.Жигжид ирэх ёстой байсан. Шүүх албадан ирүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн прокурорын газарт хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахдаа Ш.Ичинхорлоогийн АТГ-ынхан дүгнэлтийг урьдчилан үйлдэж хүчээр гарын үсэг зуруулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн яриатай бичлэгийн хамт өгсөн. Эдгээр нотлох баримт хэргийн эд мөрийн баримтад алга. Яагаад нотлох баримт хэрэгт авагдаагүйг тайлбарлах ёстой” гэв. Мөн түүний үйлчлүүлэгчийг энэ сарын 2-нд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсныг баримттайгаар тайлбарлахыг шүүхээс хүсэв. Харин Л.Гансүх өмгөөлөгч Ц.Цэрэнжээг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан юм. Ц.Цэрэнжээ өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай байснаас ирж чадахгүй гэдгээ мэдэгджээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Шаравнямбуу үйлчлүүлэгчдийг нь олон сараар хорьж байгааг буруушааж байв.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАВ

Шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх болон өмгөөлөгчдийг хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ болон гэрч нарыг байлцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг танилцуулсан юм. Шүүгдэгчдийн хувийн мэдээллийг танилцуулж шүүх хурал эхлэх болоход Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Шаравнямбуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзав. Л.Гансүх нарын шүүх хурал зарлагдах бүрт шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж байсныг тэрээр онцолсон юм. Шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийг зөвлөгөөнөөр шийддэг аж. Тиймээс шүүгчид журмаа зөрчиж байна гэв. Түүнчлэн Ц.Баасандорж өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнийг даргалсан Х.Идэрийг ашиг сонирхлын зөрчилтэй гэв. Түүний ярьснаар “Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир АТГ-т хар тамхины хэргээр байцаагдаж байгаа. Ийм үед АТГ-ынхан Х.Идэр шүүгчийн ахыг барьцаалж өөрсдийн дураар шийдвэр гаргахыг шаардаж байж болзошгүй. Тэд ингэж чадах газар. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна” гэж байв. Үүний дагуу шүүгчид ерөнхий шүүгчтэй зөвлөлдөхөөр дахин завсарласан юм. Өчигдөр 17:00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэхээр танхимд цугласан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүйгээс хурлыг энэ сарын 15 хүртэл хойшлуулжээ.

Д.Энхбаяр: ШИНЖЭЭЧИД ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГААГҮЙ БАЙХ

Шүүх хуралд хохирогч талаас “Багануур” компанийнхан ирсэн юм. Тус компанийн өмнөөс хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч Д.Энхбаяраас зарим зүйлийг тодруулав.
-Та шүүх хурал эхлэ­хэд шүүгдэгчдийн өмгөөлөгчдийг ёсзүйгүй хандаж байна гэж нэлээд шүүмжилллээ?
-“Нүүрс” хөтөлбөртэй холбогдсон энэ хэрэг удаан хугацаанд анхан шатны шүүх дээр байлаа. Удаа дараа хохирогч, гэрч нар, ялангуяа шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын асууд­лаар хойшилсон. “Багануур” компанийн хувьд шинжээчийн дүгнэлтэд заагдсанаар 3 992 900 мянган төгрөгийн хохирол тооцогдоод байгаа. Шүүх хуралдаан эцэслэх болоогүй, процессын ажил явагдаагүй байгаа болохоор үр дүнгийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-“Багануур” 3.9 тэрбум төгрөгийн хохиролтой гэлээ. Шинжээчдийн дүгнэлтийг хууль бус байсан гэж шүүгдэгчдийн талынхан мэдэгдээд байгаа шүү дээ?
-Мэргэжлийн шин­­жээч­­дийн хувьд бүрэл­дэхүүнтэй гурван шинжээч дүгнэлтээ гаргачихсан. Тэд худал дүгнэлт гаргаагүй гэж бодож байна. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэж байгаа байх. Хохирлын хувьд мэргэжлийн байгууллагын шинжээчид ингээд тогтоочихсон. Харин гэм буруугийн асуудлыг шүүх хурал эцэслэн шийднэ. Дахин хэлэхэд, “Багануур” хэмээх төрийн өмчит компани шинжээчдийн дүгнэлтэд заагдсан дээр хэлсэн хохирол буюу алдагдлыг хүлээсэн.
-“Нүүрс” хөтөлбөрийн ачаар “Багануур” ашигтай ажилласан юм биш үү. Энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ баримт хүртэл байгаа гэсэн?
-Үгүй. Харин ч алдаг­далтай ажиллаж байсан нь санхүүгийн жилийн эц­сийн тайлангаас тодорхой харагдаж байгаа.
-“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд үү?
-Тийм. Нүүрс хөтөлбөрийн хүрээнд ч тэр, урд өмнө нь байнгын алдагдалтай ажиллаж ирсэн компани. Яагаад ийм мэдээлэл яваад байгаад гайхаж байна.
-Захирал М.Отгонбаяр өмнөх хурлуудад ямар шалтгаанаар ирээгүй юм бэ?
-Түүнийг сүүлийн буюу өнөөдрийн /өчигдөр/ шүүх хурад л дуудсан. Дуудсаны дагуу л ирж байгаа.
-Түүнийг бас АТГ-ынхан тулгаж мэдүүлэг авсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?
-М.Отгонбаяр захирал мэдүүлэг өгсөн. Гэхдээ АТГ-аас мэдүүлгийг тулгаж, хөтөлж авсан гэдгийг мэдэхгүй байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *