Б.Жавхлан: Нэгж хувьцааны үнэ чухал биш хамгийн гол нь компанийн үнэ цэнэ чухал

9-р сарын 4, 2018 1:43 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 14
z1

Ц.МЯГМАРБАЯР

Даатгалын салбарт анх удаа хувьцаагаа нээлттэй арилжаалж буй “Мандал” даатгал компани “Цан цохих ёслолын арга хэмжээ” –г өнөөдөр /09.04/ Монголын Хөрөнгийн биржид  зохион байгууллаа.  Тус компани долоон жилийн дотор буюу энэ оны эхний хагас жилийн байдлаар салбартаа хураамжийн орлого болон ашигаараа тэргүүлжээ. Тус компанийн нэвтрүүлсэн “Жаргалан эрүүл мэндийн даатгал” нь 2015 онд Bloomberg Awards-аас “Шилдэг инноваци” шагналыг хүртэж байсан бол “Сонголт Авто Тээврийн хэрэгсэлийн даатгал” нь хамгийн олон хүн даатгуулсан тээврийн хэрэгслийн даатгал болжээ. Монголдоо төдийгүй Азийн тавцанд өрсөлдөх даатгал, санхүүгийн олон улсын брэнд бий болгож үр ашгийг нь олон түмэнд хүртээх нээлттэй компани болох хэлбэрийг сонгож байна. Нийт хувьцааныхаа 25 хувийг арилжаалж 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болж байна. Нэгж хувьцааны анхны үнэ 4800 төгрөг ажээ. Цан цохих ёслолын үеэр “Мандал” Даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлангаас зарим зүйлийг тодруулав.

-Банк давамгайлсан санхүүгийн зах зээлд, даатгалын  салбар хүч түрэн гарч ирж байгаа нь том дэвшил юм. Энэ амжилтаа хуваалцана уу?

– Монголд банк давамгайлсан санхүүгийн зах зээл илүү хөгжсөн байна. Санхүүгийн зах зээлийн тоглогчдыг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд даатгал болон хөрөнгө төвлөрүүлэлтийг  хөгжүүлэх  ёстой болж байна. Хөрөнгийн зах зээлд сонирхолтой хэлбэрийн бүтээгдэхүүн гарч ирж болно. Хэн худалдаж авах вэ гэхээр даатгалын компаниуд,  нөөцийн санд цугларсан хөрөнгөөрөө худалдаж авах бололцоо бүрэлдэх юм. Тэгэхээр даатгалын салбар IPO хийж байна гэдэг нь олон нийтээс  хөрөнгө татаж, зөрүүлээд хөрөнгийн зах зээлээ дэмжих үйл явдал болж байна.

-Даатгалын талаарх ойлголт бага байгаа энэ үед олон нийтээс 7.5 тэрбум хөрөнгө татна гэдэг том ажил. Бодвол судалгаа хийж байж IPO хийж байгаа байх л даа?

 -Даатгал дотроо хоёр үндсэн бизнестэй. Даатгалын үндсэн бизнес. Нөгөөх нь хөрөнгө оруулалтын бизнес гэж. Үндсэн бизнесийн талаар иргэд буруу, дутуу ойлголттой байх хандлага бий. Энэ ойлголтыг нэмэгдүүлэх даьж гарахын тулд  даатгалын компаниуд мэдээлэл, ойлголт төрүүлэх сувгаа амьдралд ойр, хэрэгцээтэй зүйлийг нь олж харсанаар даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх боломжтой.  Манай компани нэг талдаа даатгуулагчдынхаа нөгөө талдаа хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах шаардлагатай болно. Тэгэхээр даатгалын компани ашигтай харагдаж байгаа ч нөгөө талдаа хувьцааг нь эзэмшээд эзэн болох боломжийг бас олгож байгаа юм.

-Банкууд даатгалын үйлчилгээг ялангуяа том зээлдэгч нарт хийдэг. Үүнээс ямар ялгаатай вэ?

– Банкууд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа нь даатгалын компанийн бүтээгдэхүүнийг зарж өгч байгаа юм. Даатгалын салбар өнөөдөр хүн хүч, боловсон хүчний хувьд харьцангүй жижиг байна. Ийм тохиолдолд банк шиг  даатгалын компаниуд аймаг сум болгонд салбараа нээх боломжгүй. Тиймээс банкны дэд бүтэц, системийг ашиглаж даатгалын бүтээгдэхүүнээ зарж борлуулж байна.

-Гэхдээ даатгал бол сайн дурынх. Тэгвэл банк зээл авах бүрт даатгалд хамруулахыг хүчээр санал болгож байна гэж харж болох уу?

– Хэдийгээр санал тавьж буй ч тэр хүний зээлийг эрсдэл оруулахгүй гэдэг үүднээс даатгалд хамруулж байгаа нь буруу зүйл биш.

-Нэгж хувьцааны үнэ 4800 төгрөг гэдэг нь үнэтэй биш үү?

-Хувьцааны үнийг яримааргүй байна. Түүний цаадах үнэ цэнийг ярих хэрэгтэй. Жишээлбэл, бид ойролцоогоор зургаан сая хувьцаатай. Үүнээс 4800-г нь Хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргаж байна. Бид хүсвэл зургаан сая хувьцаагаа 600 сая хувьцаа болгож 100 дахин хуваагаад нэгж хувьцааг 48 төгрөгөөр зарж болно. Гэхдээ цаад бодит үр дүн, компаний үнэлгээ өөрчлөгдөхгүй.

-Хөрөнгө оруулалтыг ихээр татсан гэж байна. Хэрэв эрсдэл үүсэхгүй бол яах вэ. Хөрөнгө дансандаа мэдээж зүгээр байлгаад байхгүй. Тэгэхээр өсгөх нь тодорхой. Нөгөө талаар давхар даатгалд  тухай дэлгэрүүлж ярина уу?

-Хөрөнгө татсанаар илүү их даатгал хийх бололцоотой болно. Манай компани сүүлийн таван жилд орлого жил бүр дунджаар 50 хувийн өсөлттэй байгаа.  Энэ өсөлтийг хэвээр хадгалах цааш нэмэгдүүлэхийн тулд үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн давхар даатгал гэдэг ойлголт бий. Өөрсдийнхөө чадавхиас давсан эрсдлийг олон улсын зах зээлд гаргадаг. Тэгэхээр зардал нэмэгдэнэ. Эрсдэл даах зардлыг бууруулснаар манай ашигт ажиллагаа нэмэгдэнэ гэж харж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *