Б.Жаргалсайхан: Царай муутай болохоор хүүхнүүд намайг сонирхдоггүй бас тоодоггүй

10-р сарын 15, 2012 11:39 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 376

Ч.ЗОТОЛ

 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан улс төр, эдийн засгийн сэдвээр байнга  шахам ярьдаг.  Тэгвэл,  морь  бөх, хөөрөг даалин, хувцас хунар,  тэр дотроо хүүхнүүдийн  тухай ямар бодолтой явдаг бол. Энэ тухай хэгжүүн хариултуудыг хүргэж байна. Учир нь ийм сэдвээр тэр хэзээ ч ярилцлага өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс ярилцлага гэчихвэл угийн хэдэр зантай эрхэм зад загнах биз. Ямар ч гэсэн асуусан, тэр хариулсан нь энэ.

Дээл өмсөхгүй монгол хүн хаа байх вэ дээ. Надад дээл зохидог. Харин хөөр­гийг нас ахисан хойноо хэрэглэнэ гэж боддог

 -Таныг хурал цуглаан дээр л харж байснаас хүнсний зах орж явахыг хараагүй юм байна. Та ер нь хоол хийж үзсэн үү?

-Ажил их болохоор гэрийн ажилд оролцож чаддаггүй ч барааны үнэ ханшийг хэнээс ч илүү мэднэ. Харин хоол хийхдээ маруухан. Өглөө эрт гарч, үдэш орой харьдаг болохоор эхнэ­рийнхээ хийсэн бэлэн хоолыг идчихдэг юм. Тэ­гээд ч манай хүн намайг гэр орны ажилд оролцуул­даггүй, арын албыг бүрэн хариуцдаг.

-Хүүхдүүдээ хүмүү­жүүлэхдээ хэр хатуурхдаг вэ. Алганы амт үзүүлнэ биз?

-Би хүүхдүүддээ гар хүрэх байтугай  загнаж үзээгүй. Тэд маань зэм­лүү­лэхээр хэрэг хий­дэггүй. Хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх буруу, харин багаас нь бие даалгаж сургах нь чухал. Хүүх­дүүдийнхээ төлөө зүтгэх нь миний үүрэг. Тэднийхээ хүсэл сонир­хол, сурлага хөдөлмөрийг ямагт дээгүүр тавьдаг. Би өөрийгөө сайн аав гэж хэлнэ.

-Тэгвэл та өөрөө ямар хүүхэд байв. Алганы амт хүртэж байв уу?

-Миний аав офицер хүн байлаа. Зоотехникч мэргэжлтэй ч насаараа нягтлан бодогчоор ажилласан. Миний аав хүүхдүүддээ үлгэр дууриал болсон сайхан аав байсан. Биднийг  нэг ч удаа алгадаж, аашилж загнаж байсангүй. Бид ч тийм хүмүүжилгүй байгаагүй. Ааваасаа олон сайхан чанарыг нь өвлөж авсан.

-С.Баярын бичсэнчлэн та “40 мянгатын хулиганууд”-ын нэг   биз?

-Хулигаанууд байсан  байлгүй дээ. Би хулигаантаж, дүсгүйтэж явсангүй. Харин нисэх загварын дугуйланд явдаг шинийг санаачлагч хүүхэд байлаа.

-Өвөө чинь лам байсан гэсэн. Та шүтлэгтэй юу?

-Өвөө минь Булган аймгийн Хөгнө хааны хүрээний том лам байж хэлмэгдэж явсан гэдэг. Харин би шүтлэггүй. Гэхдээ өвөөгийнхөө насаараа шүтэж байсан бурхны шашныг хүн­дэт­гэж, Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээхэд 14 сая төгрөг хандивласан.

-Гандан хийдийг машинтай болгож байсан нь үнэн үү?

-”Кадиллак”  машин бэлэглэж байсан.

-Та 10 жилийн ангийн найзуудтайгаа одоо ч уулздаг, сайн найзууд хэвээрээ гэл үү?

-Багын найзууд шиг үнэнч, сайхан нөхөд үгүй. Миний 10 жилийн ангийн найзууд одоо ч манай компанид ажиллаж, зарим нь улстөрд цуг явж байна.

-Эрчүүд дээл бүс, хөөргөөр  гангардаг. Харин та дээл өмсч харагдаггүй?

-Дээл өмсөхгүй монгол хүн хаа байх вэ дээ. Надад дээл зохидог. Харин хөөр­гийг нас ахисан хойноо хэрэглэнэ гэж боддог.

-Таны үеийн улстөрч, бизнесмэнүүд мяраалж, та харин жин нэмэхгүй юм аа?

-Хүний таргалж, турах нь сэтгэхүйтэй нь хол­боотой. Таргалалт бол өвчин шүү дээ. тэгээд ч таргалаад яах юм бэ. Манайхан удмаараа туранхай хүмүүс.

-Та цэмцгэр, дэгжин хувцасладаг. Хувцасны сонголт хийхэд эхнэр тань тусладаг уу?

-Арван жилд байхын л орос багш нар сурагч­дынхаа хувийн   соёлд өндөр шаардлага тавина. Бас ээж минь хар багаас ариун цэвэр, ахуйн соёлыг дээд зэргээр сахиулдаг, өлөн хиртэй хувцастай явуулж үзээгүй.

Би хувцсаа  өөрөө сонгодог, надад ямар ч хувцас зохидог юм.

-Олны танил, таны үеийн  эрчүүд охид  хүүхнүүдтэй ихээхэн нэр холбогддог. Харин таны тухай тиймэрхүү мэдээлэл дуулдаж байгаагүй юм байна шүү?

-Загвар өмсөгч нэг бус хүүхнүүдтэй холбож бич­сэн гэсэн. Тэр болгоныг тоодоггүй. Жагааг бичсэн сонин гүйлгээтэй байдаг юм бол бичээд хэдэн төгрөг олно л биз.

Тэгээд ч би сонин унш­даггүй. Сонин унши­хаар яс хавталзаад хэцүү байдаг юм.

-Таныг хүүхнүүд эргүү­л­эх юм уу?

-Царай муутай боло­хоор хүүхнүүд намайг сонир­хдоггүй бас тоодоггүй. Эр хүний хувьд надтай танилцъя гэсэн бүсгүй таарсангүй. Харин миний үгийг эрчүүдээс илүү хүүхнүүд сонсдог юм билээ. Сонгуулийн үеэр бүсгүйчүүд намайг ихээ­хэн дэмжиж байсан. Өнөө­гийн Монголд ачааны хүндийг хүүхнүүд үүрч явна. Тэднийгээ хүндлэх хэрэгтэй.

-Та бөх сонирхдог уу?

-Монгол хүн юм чинь бөх үзэлгүй яахав.

-Тэгвэл сүмо сонирх­дог уу?

-Байнга үзээд бай­даггүй ч нутгийн бөх­чүүдээ дэмждэг.

-Таны хобби юу вэ?

-Шоу тоглолт. Мөнгө олох зорилгоор биш залуучууддаа юм үзүүлье гэж Киркоров, Дижэй Бобо, Модерн Токинг, Т.Ариунаа, “Номин талст”  хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байлаа.

-Та зохиолын дуу сонсдог уу?

-Сонсдоггүй. Хүний хөдөлмөр шингэсэн боло­хоор сонсох хүн байдаг байлгүй дээ.

-Нэг үеэ бодвол монголчуудын амьдрал дээшилсэн. Монголд баян хүн байна уу?

-Ертөнцийн  том­чуултай харьцуулахад юу ч биш. Өнөөдөр монгол­чууд унаж яваа унаа, эдэлж, хэрэглэж байгааг зүйлээрээ гайхуулан баярхах биш, хийж бүтээснээрээ уралдах цаг.

-Хүмүүс таныг Мон­голын толгой баячуулын нэг гэлцдэг. Тэ хэр их хөрөнгөтэй хүн бэ?

-Орост оюутан байх үеэс л наймаа хийсэн. Дээд курсын сэргэлэн наймаачин ах нараас анх наймааны ухаанд суралц­сан. Монголын ноос, ноо­луурын чиглэлээр үйлд­вэр­лэл явуулж эхлэхэд зарим хүний нүд хорсч, энэ муу Жаргалсайхан гэж дийлдэхгүй луйвар­чин, баян хүн гарч ирлээ гэж элдвээр дарамталж, шоронд хүртэл хийж бай­сан. Гэхдээ би шант­раагүй, зорьсноосоо бу­цаагүй. Тэгж явж  өнөөд­рийн  өндөрлөгт хүрсэн. Би олон хүнийг надаас илүү болоосой, сайхан амьд­раасай гэж хүсдэг. Мөн­гөтэй нэгэндээ атаар­халгүй, яаж мөнгөтэй болох вэ гэдгээ олж харсан хүн  л амжилт гаргана.

-Та өөрийгөө тэв­чээртэй гэж хэлээд  байна уу?

-Би тэвчээртэйгээс гадна хөдөлмөрч хүн шүү.

-Тэгвэл, бид залхуу­гаасаа ядуу амьдарч байна гэсэн үг үү?

-Манайхан залхуу бас атаархуугаасаа ядуу амьдарч байна. Нэгийгээ өөдтэй явбал атаархана. Эдвээр хэлнэ. Тэгээд бас юм мэддэг дүр эсгэчихнэ. Их зовлонтой.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *