Б.Түмэндэмбэрэл: Манайд архидалтын эсрэг агентлаг байтугай төрийн байгууллага ч алга

8-р сарын 15, 2012 10:47 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 846

Д.БОЛОР

 

Манай сонин “Ирээдүйгээ архинаас аваръя” аян өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өсвөр насны хүүхдийн архидалтын эсрэг тэмцэх сэтгэлтэй төрийн болон төрийн бус олон байгууллага, иргэд  “Зөв сэдэв хөндлөө” хэмээн талархал илэрхийлж хамтран ажиллах хүсэлтэйгээ дуулгаж байна. Энэ удаа өсвөр насныхны архидалтын эсрэг дагнан ажилладаг Архидалт мансуурлын эсрэг ассиоцацийн ерөнхий зохицуулагч Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Архидалт тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн архидан согтуурахтай тэмцдэг төрийн бус байгууллагын нэг нь танайх. Архидалтын эсрэг тэмцээд тэмцээд үр дүнд хүрэх юм уу?

-Манай байгууллага гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдү­гээрт, архидан согтуурахаас сэргийлэх хяналтыг сайжруулах тухай.  Үүний тулд эрх зүйн орчинг боловсронгүй болгохоор хууль санаачлагч нарт нөлөөлөл үзүүлэхийг хичээж байна. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх ажиллагаа. Хүн амын дунд иргэний боловсрол олгох, архины хор хөнөөлийн талаарх мэдлэгийн төвшинг нэмэгдүүлэх юм.  Эцэст нь иргэдийг архинаас гаргахын тулд сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Архидалт мансуурлын эсрэг ассиоцаци нь байгуулаг­даад 13 жил болж байна. Бид  архи, мансуурах бодисын хэрэглээ болоод түүнийг дагасан хор хөнөөлийн тархалтыг бууруулах зорилготой. Үүний тулд нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэс­тэй хөтөлбөрийн дагуу архидалт, мансуурлын хор хөнөөлийг бууруулахыг эрмэлзэж байна. Өнөөд­рийн хувьд архидалт дэндүү их байна. Түүнийг “цэцэглүүлэх”  шөнийн цэнгээний газар ч их байна.  Нөгөөс талаас өндөр хөгжсөн орнуудыг дадлага туршлагыг үндэслэн өөрийн орны онцлогийг харж үзэх шаардлагатай. 13 жилийн өмнө архинд донтох өвчин өөр байжээ. Учир нь тухайн үед намайг согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд архины эсрэг зүйл ярихаар цагдаа нар “Согтуу хүнд юуг нь ярьдаг юм” гээд халгаадаггүй байлаа. Харин өнөөдөр бол өөр. Анхан шатны тусламжийг өгөхөд иргэд хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс архинаас гарахын тулд хаана хандах, хэнээс зөвөлгөө авах, өөр ямар арга байна гээд эрэлхийлж байгаа нь сайн хэрэг. 13 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ төрлийн хууль, эрх зүйн орчин ч сайжирсан. Гэхдээ хууль байгаа ч хэрэгжүүлж байгаа арга механизм нь учир дутаг­далтай. Баталсан хуулийг төрийн байгууллага хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож болохгүй. Иргэн танаас эхлээд шат шатандаа дагаж мөрдөх учиртай. Энэ утгаараа архидалттай тэмцэх нь цагдаагийн байгууллага болоод сайн дурын төрийн бус байгууллагын хийх ажил биш юм.

-13 жилийн туршид дагнан ажилласны хувьд өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэх гол шалтгаан юу байна.  Эцэг эх, найз нөхдийн нөлөөлөл байна уу?

-Шалтгаан нь хүүхдүүдийн архины хор хөнөөлийн талаарх мэд­лэгийн төвшин хангалтгүйд байгаа юм. Архины хор хөнөөлийн талаар боловсрол олгох тогтолцоо бүрдээгүй гэсэн үг. Зөвхөн амар хялбар аргаар амьдрах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн болжээ, тэд. Үүнийг яаж засах ёстой вэ гэхээр эрүүл мэндийн боловсрол тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох  юм.  Мэдээж архидалтад нөлөөлөх өөр хүчин зүйл нь ядуурал, ажилгүйдэл, найз нөхдийн нөлөө бий. Гэхдээ энэ бол голлох шалтгаан биш. Хувь хүн эрүүл амьдрах зан үйлд суралцана гэдэг бол эцэг эхээс хамаарах зүйл. Үр хүүхдээ хаана, хэнтэй нөхөрлөж байгааг анхаарах  ёстой. Мөн шөнийн цэнгээний газрууд 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа­гаар үйлчлэхгүй гэсэн журмаа чанд мөрддөг байх ёстой. Энэ журмаа дагадаг бол хүүхэд ч архи сонирхоод байхгүй. Ер нь хүүхдийн архидалт эцэг эх, сургууль, нийгмийн харилцаа гээд бүх зүйлээс хамаарч байна. Архи ууж үзэх сэдлийг хэн төрүүлж байна гэхээр эцэг эх. Манай төвөөр үйлчлүүлж байсан нэг хүү “Аавыг согтуу ирээсэй гэж боддог” гэж байна. Учир нь согтуу ирэхээрээ мөнгө өгдөг учраас түүнийг архи уухад нь баярладаг гэнэ. Энэ мэтчилэн эцэг, эхийн буруу үлгэр үр хүүхдээ буруу замд хөтөлж байгаа юм.

-Та хүүхдийн архи­далтад ядуурал, ажилгүй­дэл зонхилох шалтгаан биш гэж байна. Тэгэхээр хууль, эрхзүйн орчин болоод эцэг эхийн хараа хяналт сул байна гэсэн үг үү?

-Зөвхөн хууль эрхзүйн орчноос шалтгаалахгүй. Хамгийн гол нь эцэг, эхийн үүрэг хариуцлага гэж алга. Эцэг, эх бол хүүхдээ эрүүл сэтгэлгээ­тэй, зөв зан үйлтэй иргэн болгож төлөвшүүлэхийн төлөө өөрсдөө хичээх ёстой. Ажил, ажил гэж явсаар байгаад өсвөр насны хүүхдээ буруу замд түлхэж байгаа юм. Мөнгө хүний амьдралд хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ үр хүүхдийн хүмүүжил түүнээс ч илүү чухал. Хүүхдүүд мансуурлын мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд ойр ойрхон хэрэглэсээр байгаад архины хараат байдалд орж байна. Мөн төрөөс системтэй хийх ажил бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл аж төрөх, амьдрах ухааны агуулгыг сайжруулах явдал.  Түүнээс биш 11 жилийн туршид монгол хэл үзээд яах юм бэ.  Монгол хүн учраас монгол хэл үзээд үзээд  мэдэж л таарна шүү дээ. Түүний оронд архины хор хөнөөлийн талаарх мэдлэг олгох нь чухал байна.

-Өнгөрсөн хугацаанд танай төвд хандсан хүүх­дийн  тоо судалгаа бий биз?

-2001 онд архинд нэвт орсон 14 настай хүүхэдтэй уулзсан юм. Тэр хүү олон жил архи уусан өвгөн шиг болчихсон байсан. Архи уухгүй бол чихэнд нь юм сонсогдоод, нүдэнд юм харагдана.  Эцэг, эхийн хайр халамж амсалгүй тэнэмэл амьдралаар амьдрахдаа архи ууж эхэлсэн байдаг. Түүний ааш авир нь насанд хүрсэн, олон жил архи хэрэглэсэн хүн шиг л хурц догшин зантай. Гэхдээ тэр хүү засарсан шүү. Одоо сайхан залуу болчихоод архийг үзэн яддаг болсон байх жишээтэй.  Манай төв 2007 оноос эхлээд өвсөр үеийнхэнд  илүү анхаарч ажиллах хэрэгтэйг ойлгосон юм. Хүүхэд хүүхдийнхээ үгийг илүү сонсдог учраас үе тэнгийнх нь сургагч багш бэлтгэх ажлыг улсын хэм­жээнд зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, архины хор хөнөөлийг үеийнх нь хүүхдүүдээр яриулж ойлгуулах гэсэн хэрэг. Нэг сургалт хийснээр асуудал шийдэгдэхгүй учраас өөр шат дараалсан арга хэмжээ авч байна.

-Хууль, эрхзүйн орчныг сайжруулах  талаас Архидалт мансуурлын эсрэг ассиоцаци нь ямар ажил зохиосон байдаг юм бэ?

-2001-2002 онд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сэтгэцийн эмнэлэгтэй хамтран архинд донтох өвчнийг таниулах сургалт явуулаад архидалт бол хүний эрүүл мэнд, зан үйлтэй холбоотой өвчин юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуай “Шинэ зууны архидалтын эсрэг” аян явуулсан юм. Аянд суурилан үндэсний хөтөлбөр гэж батлагдсан удаатай. Тэр хөтөлбөр нь өөлөхийн аргагүй сайн болж чадаагүй ч гэсэн тодорхой хэмжээний амжилт бий. Тухайлбал, нийслэл, орон нутагт архи худалдаалахгүй байх өдөртэй боллоо. Манай төвийнхөн өнгөрсөн хавар Польш улсад туршлага судлаад ирсэн юм. Польшууд хүүхдийнхээ хүмүүжлийг урлагаар дамжуулж сургадаг юм билээ. Дээрээс нь тус улс архидан согтуурахтай тэмцэх тусгай агент­лагтай. Тэгэхэд манайд агентлаг байтугай энэ төрлийн төрийн бай­гууллага ч алга шүү дээ.

-Манай улсад архи­далтын эсрэг агентлаг байгуулах боломжгүй хэрэг үү?

-Архидалтын эсрэг ажлын алба гэж дөрвөн хүнтэй алба л байна. Цааш­даа байгуулах зайлшгүй шаардлагатай.

-Багаасаа архи хэрэг­лэвэл биеийн өсөлт зогсохоос эхлээд сэтгэн бодох чадвар муудах гээд эрүүл мэндийн эсрэг хор хөнөөл их байх?

-Хэдий бага наснаасаа архи хэрэглэнэ асар богино хугацаанд архины хамааралтай болно. 13 настайгаасаа архи хэрэглээд бага зэрэг давтамжтай уугаад байхад хоёр жилийн дараа архины бүрэн хамааралтай болох юм. Үүнд эцэг, эхийн үр хүүхдээ гэсэн сэтгэл, хүмүүжил чухал байна.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Kevrell
2016 оны 12-р сарын 1

Aprnteaply this is what the esteemed Willis was talkin’ ’bout.

Savion
2016 оны 12-р сарын 3

Wow, this is in every reecpst what I needed to know. http://hjhztav.com [url=http://fsqweoa.com]fsqweoa[/url] [link=http://iydrovbem.com]iydrovbem[/link]

Janine
2018 оны 9-р сарын 22

Thanks for inrocduting a little rationality into this debate. http://jzuyihlbfj.com [url=http://nubzfj.com]nubzfj[/url] [link=http://ghawjbqsj.com]ghawjbqsj[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *