Б.Тулга: Үндсэн хууль ард түмэнд үйлчилж чадахгүй байна

3-р сарын 16, 2017 10:25 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 35
3-16-2

Ч.ЗОТОЛ

МАХНын Бага чуулганы гишүүд, хуульчэрдэмтэн, судлаачид, төр засагт ажиллаж байсан хүмүүстэй хамтран Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулснаа олон нийтэд  хэлэлцүүлж эхлээд байгаа юмЭнэ талаар МАХНын Нарийн бичгийн даргаБага чуулганы гишүүн Б.Тулгатай ярилцлаа.

Танай нам санаачлан  Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулсан байсан. Хаврын чуулганаар хэлэлцэх  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар та бүхнээс санал авсан уу, ямар нэг оролцоо байна уу?  

УИХын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалт урьдчилсан байдлаар гарчихсан. Тэнд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал багтсан байгаа.

Харин ямар зүйл заалтыг яаж өөрчлөх гээд байгаа нь тодорхойгүй. Их хурлын  гишүүдээс асуухад Үндсэн хуулийг өөрчлөх талаар мэдээлэл байхгүй байгаад байна. Биднээс санал авсан, асуусан, харилцан ярьсан зүйл алга. Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай сэдэв шинэ зүйл биш. Өмнө нь зөндөө яригдаж байсан. Та бүхэн санаж байгаа бол 2016   Үндсэн хуулийг өөрчлөх гэж үзсэн. Тэр дотор нь Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентын гишүүд дотроос сонгодог байх өөрч­лөлт явж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийг авах гэсэн тодорхой бүлэглэлийн хэмжээнд авч үзэх ийм өөрчлөлт хийх гэж байсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай төрийн эргэлт хийх гэж байгаа мафиоз бүлэг­лэлүүдийн оролд­лого гэж тодорхойлж байсан.

Тэр нь ямар зорилго агуулсан өөрчлөлтүүд байсан юм бэ?

Мафиоз бүлэглэлүүд юунаас болж хуульд өөрчлөлт оруулах зүйл рүү орсон бэ гэвэл, Үндсэн хууль дахь цоорхойг ашиглан хууль хүчний байгууллагууд нөлөөгөө тогтоож, тодорхой улс төр, бизнесийн бүлэглэлүүд Монголын төрийг атгах гэсэн зорилго агуулсан байсан. Ийм хүмүүс Монголын төрийг атгаснаар ард түмний дундын өмч болох стратегийн асар баялаг ордыг хувьдаа буюу гадны нөхдүүдэд шилжүүлэх процесс явагдаж байна.

Тухайлбал?

Үүний маш олон илрэлийг бид гаргаж ирсэн. Монголын ард түмэн мэдэж  байгаа. Хамгийн наад зах ньЭрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг сонгуулиар далимдуулж хийснийг бид сонгуулийн өмнөх өдөр задалж асуудал тавьж  байсан. Тухайн үед манай  зарим гишүүн Засгийн газарт төлөөлөл болж ажиллаж байсан. Хаалттай хуралдаад гадагшаа мэдээлэл гаргаж болохгүй шүү гэдэг маш өндөр дарамт шахалт байсныг бид хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж, олон нийтэд хүргэсэн. Тэр нь зөв байсан гэдэг нь өнөөдөр бодит байдалд  батлагдаж байна. Мафиоз бүлэглэлүүдээс өөрсдийн  эрх ашигт нийцүүлж  Оюутолгойгоос эхлэн олон гэрээ хийсэн. Тэр бүхнийг бид тухайн үед нь гаргаж тавьж байсан. Цаг хугацааны уртад бүх зүйл тодорхой болж байна. Энэ бүхний эцэст бид олигархиудын гарт орсон төрийн эрх мэдлээ  аварч ард түмэндээ шилжүүлье. Үүний тулд ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг болгох үүднээс Үндсэн хуулийн шинэ төслийг Бага чуулганы гишүүд, салбар салбарын төлөөллийг оролцуулан боловсруулсан. Гэхдээ энэ нь эцсийн хувилбар биш. Олон нийтэд хэлэлцүүлнэ. Ер нь бол олон шинэ санааг оруулж тусгасан байгаа.

Үндсэн хуулийг өөрчлөх болсон өөр ямар үндэслэлүүд байна?

Юуны өмнө Үндсэн хуулийн өөрийнх нь явж ирсэн түүхийг  авч  үзэх хэрэгтэй. Ихэнх улс орны Үндсэн хууль  20-30 жилийн дараа өөрчлөгдсөн байдаг. Иймд  бид  өнөөдөр  хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиа эргэж харах цаг болжээ. Тэгэхгүй бол бидний хүсч байсан, ард түмний гарт байдаг төрийн эрх мэдэл маань 100 гаруй олигархи, улс төр бизнесийн бүлэглэлийн гарт шилжсэн байна. Үүнээс болж одоо батлагдан гарч байгаа бүх хууль, тогтоол, шийдвэр Монголын ард түмний төлөө биш, олигархиуд, тэдний бүлэглэлийн эрх ашгийг хадгалж, хамгаалахын төлөө гараад байдаг болжээ. Үүнээс үүдэж улс оронд хямрал нүүрлэсэн байна. Үндсэн хуулийн  шинэ төслийг боловсруулснаараа Бид энэ хямралаас гарахыг зорьж байгаа юм.

Үүний тулд төрийн тогтолцоо ямар байвал зүйтэй гэж Үндсэн хуулийн төсөлд тусгасан бэ?

-Тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдэж болох гарцыг бид Үндсэн хуулийн төслөөр дамжуулж ард түмэндээ танилцуулж байгаа. Тухайлбал, Ардын  Их хурал, Улсын Бага хурал гэсэн  хоёр шатны хуралтай байя. Ерөнхийлөгч гэдэг институцыг Засгийн газраа тэргүүлдэг, Ардын Их хурлын өмнө асуудлаа бүрэн хариуцдаг субьект болгоё. Тэгэхгүй бол одоогийн байгаа байдал нь хоёрдмол утгатай. Нэг бол Ерөнхийлөгч төр, засгийн ажил руу ороод, эсвэл өөр юм шиг байгааг зогсооё. Дээр нь чанартай хууль гарахгүй байна. Үүний тулд мэргэжлийн хуульчдаас бүрдүүлсэн Улсын Бага хурлыг бий болгоё. Нийт Монголынхоо засаг захиргааны нэгж бүрээс оролцуулсан  төлөөлөгчөөс бүрдсэн Ардын Их хурлыг байгуулъя. 1990 онд ард түмэн үүнийг хүсч байсан. Харамсалтай нь  тэр нь өөрчлөгдөөд Улсын Бага хурал руу эрх мэдэл шилжсэн. Бага хуралд сууж байгаа нөхдүүд хууль батлах тал дээр учир дутагдалтай байна. Миний мэдэхийн, нөгөө талаас хүмүүсийн ярьж буйгаар Их хуралд яг хуулийн төсөл дээр гардан ажиллаж чаддаг хүн 76 дотроос үсрээд 10 хуульч л байдаг. Төслийг хуулийн хэлбэрт оруулах, асуудлыг хуульд зөв суулгах талд алдаа дутагдал гардаг. Тиймээс үүнийг засч залруулъя. Намчирхалыг зогсоож, улс төрийн намуудын үүрэг ролийг тодорхой болгож өгье. Бага хуралд сонгогдож байгаа гишүүдийг намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор, Их хуралд сонгогдож байгаа нь нам бусаар буюу тухайн сум, орон нутагтаа нэр нөлөө бүхий, тэндээ идэвхтэй хүмүүсийг сонгодог ийм хэлбэрт оруулъя гэж байгаа юм. Өөр нэг зарчмын өөрчлөлт нь шүүх, Ардын хянан шалгах байгууллага, сонгуулийн хороо зэрэг байгууллагыг бүгдийг сонгуулиар томилдог болъё. Тэгэхгүй бол хэн нэгэн Ерөнхийлөгчийн томилсон шүүгч өнөөдөр шударга ажилладаггүй нь ард түмний нүдэн дээр ил байна. Иймээс шүүх байгууллагыг ард түмнээсээ сонгодог болгоё. Хянан шалгах байгууллагыг мөн ард түмнээсээ сонгодог болъё гэж төсөлд оруулсан. Би түрүүнд хэлсэн, дахиад  бас хэлье. Хуулийн төсөл эцэслэгдээгүй, олон нийтэд хэлэлцүүлж байгаа. Санаа, оноог авч нэгтгэх, төсөлд суулгах ажлууд нээлттэй үргэлжлээд явна гэж ойлгож болно.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *