Б.Тулга: Хөгжлийн дунд хугацааны зорилтыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан

7-р сарын 6, 2018 8:39 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 85
7-6-1

Т.БАТСАЙХАН

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

МАХН-ын ээлжит бус Их чуулган маргааш  болох гэж байна.  Чуулганы бэлтгэл ажил хэр явагдаж байна.  Ээлжит бус чуулган зарлах болсон шалтгаан нөхцлийн талаар яриагаа эхлэх үү?

-Хурал зохион байгуулах үндэсний  хорооноос гаргасан журмын дагуу ээлжит бус Их чуулганд оролцох гишүүдээ сонгон шалгарууллаа. Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл оролцоно. Намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Манай нам  хурлаа яагаад жилд хоёр дахь удаагаа хийж байна гэхээр нөгөө л Монголд нүүрлээд байгаа  засаглалын хямралтай холбон тайлбарлана.

Үндсэн хуульд Улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд шүүхээс  нөлөөлөх ёсгүй гэдгийг заасан байгаа.  Тийм үндэслэл ч байхгүй.  Харамсалтай нь өнгөрсөн хоёрдугаар сард  болсон манай Их хурлыг шүүхээс нотлогдохгүй байна гэж  үзсэн. Хурал болсон  тодорхойгүй байна гэж тайлбарласан.  Ингээд манай намын дүрэмд орох өөрчлөлтийг бүртгээгүй. МАХН 2011 онд дүрмээ бичиж баталсан байдаг.  Энэ дүрмээ шинэчлэх хүсэлтэй хэд хэдэн удаа  Дээд шүүхэд гаргасан ч  хүлээж авсангүй.

Намын дүрэмд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу юм бэ?

-Намын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан бодлого шийдвэрийн эсрэг явж, намын үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй  гишүүдийг намаас хасах ийм заалтыг дүрэмдээ оруулж өгөхөөр заасан. Энэ бол голлох  өөрчлөлтийн нэг юм. Харамсалтай нь энэ өөрчлөлтийг ямар нэгэн ойлгомжгүй шалтгаан хэлж бүртгэхгүй байна.   Нэгэнт Дээд шүүхээс ингэж  үзэж байгаа бол бид шүүхийн шийдвэрт нийцүүлэн хурлаа хийнэ. Их чуулган хийнэ гэдэг хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд асуудалтай ч гэлээ бид хэдэн ч удаа хийхэд бэлэн байна.  Мөн Их чуулганаар нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар ярина. 60 тэрбум, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, шүүх засаглалын доголдол зэргийг ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ.

Ээлжит бус Их чуулганы үр дүнг хэрхэн харж байгаа вэ. Зөвхөн Дээд шүүхэд бүртгүүлэхийн төлөөх хурал гэж  ойлгохгүй байна л даа?

-Монголын улс төрийн үйл явц нэлээд халалттай  өрнөж байна.  Эрх барьж байгаа нам ямар байдалтай байна.  Нийгэмд ямар хар бараан мэдээлэл гарч байгаа.   Энэ хурлаар мэдээж дүрмийн өөрчлөлтөө хийж, дахин шүүхэд хандана. Мөн онцлох нэг зүйл нь мөрийн хөтөлбөрийн шинэчлэл байх юм.  2011 оноос хойш Монгол Улсад нийгэм эдийн  засгийн маш их өөрчлөлт гарлаа.  Монголчуудын амьдрал сайжирсан гэж хэлэхэд хэцүү байна.  Хэдийгээр эдийн засаг өсөөд байгаа юм шиг боловч  тэр нь ард түмний амьдрал хүрэхгүй байна.  Тэгэхээр  нам гэж талцалгүйгээр юунд зорьж байна вэ гэдэг зорилтоо маш сайн тодорхойлъё гэж шийдсэн.  Энэ  мөрийн хөтөлбөрт Монголын хөгжлийн дунд хугацааны зорилтыг маш тодорхой тусгасан.

Мөрийн хөтөлбөрт иргэдийн дундаж цалинг таван сая төгрөг болгоно гэсэн байна.  Энэ үнэхээр боломжтой юу.  Биелэх арга зам нь юу байх вэ?

-Улс төрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг нэг компанийн зорилтоос өөр л дөө.  Тухайн улс төрийн нам ялж, Засгийн газраа байгуулсан цагт төрийн мөрийн хөтөлбөр болдог.  Тэгэхээр маш их тооцоо судалгаан дээр үндэслэсэн гаргасан.  Өнөөдөр хэдийгээр хэцүү байгаа ч бид зоригтой хөдлөх ёстой.  Монголд ажил хийдэг, цалин авдаг. Харамсалтай нь  тэр цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй.  Үүнийг дэлхий нийтэд цалинтай боолчлол гэж нэрлэсэн байдаг. Яг ийм байдал Монголд нүүрлээд байна. Үүнийг Засгийн газраас маш тодорхой зорилт тавьж өөрчлөх ёстой.  Яаж цалинг гурван сая, таван сая хүргэх вэ гэдгийг бид маш олон  тооцоо судалгаанд үндэслэн гаргаж ирсэн.  Бид улс төрийн тодорхой зорилго тавьж  чадах юм бол Монгол Улсыг 10-15 жилийн дотор Солонгосын хэмжээнд хөгжүүлж чадна гэдэг зүйлийг мөрийн хөтөлбөртөө багтаасан.  Ийм хэмжээний  зорилт тавьж хэрэгжүүлж чадахгүй юм бол улс төрийн нам байгаад хэрэггүй гэж.  Ер нь монгол улсын хөгжлийг олон улсад эхний 30-д аваачих хэмжээний нөөц бололцоо бидэнд бий. Өнөөдөр эдийн засгийн өсөлт хөгжлөөрөө Солонгос улс  30 дээр жагсаж байна.

Монгол улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэж байна. Ийм нөхцөлд бидэнд хөгжих боломж байгаа гэж харж байна уу?

-1990 оноос  өмнө Монгол Улс маш их хэмжээний өр тавьж, улсаа хөгжүүлсэн байдаг. 10.3 тэрбум ам.долларын өрийг  2003 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр бүрэн тэглэсэн.  Тэгэхээр манай намын хувьд энэ их өрийг тэглэх бололцоо бий гэж харж байна.   Улс  орны хэмжээнд зөв, алсын хараатай бодлого гаргаж , хөрш орнууд, хөрөнгө оруулагч, гуравдагч хөршүүдтэйгээ харилцан эн тэнцүү ашигтай байх ийм гэрээг хийх хэрэгтэй гэж харж байна.  Бидэнд тийм хэмжээний нөөц бололцоо бий.  Та бүхэн санаж байгаа бол 2000-2004 онд ажилласан Засгийн газар Мянганы замыг барина, бүх аймгаа хатуу хучилттай замаар холбоно гэсэн зорилт тавьж ажилласан. Өнөөдөр тэр зорилт биелэсэн байна.  Түүнтэй ажил  өнөөдөр ярьж байгаа өр, улс орны  хөгжлийн асуудлыг шийдэж чадна гэж бодох юм бол бололцоо бий.  Тухайлбал оффшор  бүсэд  байршиж байгаа 20 тэрбум ам.доллорыг Монгол руугаа татъя л даа.  Тэр мөнгийг хүсвэл оруулж ирж чадна шүү дээ.   Хүсэхгүй байгаа л хамаг учир байна.

Дээд хуулийн төслийг хөдөө орон нутгаар танилцуулж байна.  Ард иргэд хэрхэн хүлээн авч байх юм?

-Иргэд маань 100 хувь санал нэгдэж байна. Шүүгчээ  ард түмэн сонгодог байх ёстой.  Томилгоогоор  явахаар л засаглал буруу эргээд байна.   Төр байгаа  цагт иргэдээ хамгаалалтад авах ёстой.  Үүнийг хүн бүхэн дуу нэгтэйгээр дэмжиж байна.   Монголд үнэхээр засаглалын гажуудал үүсчихлээ.  Энэ  цаг үед бид засаглалаа л өөрчлөхгүй бол хичнээн сайхан, хичнээн зөв юм хийгээд нэмэр алга байна.  Гадныхан манайд яагаад хөрөнгө оруулахгүй байна вэ.  Маш тогтворгүй  ойлгомжгүй бодлоготой учраас тэд дайжиж байна.  Гадны хөрөнгө оруулагчтай зэрэгцээд суухаараа надад ямар унацтай байх юм бэ гэж хэлээд суудаг төр засагтай байхыг хүсэхгүй байна.  Монгол улс баян улс. Яагаад иргэд хоёр өрөө байранд орохын төлөө насаараа мөнгө төлж, хүүнд нь хөдөлмөрлөх ёстой юм бэ.   Ийм төвшинд монголыг  аваачъя.  Бодож чадах юм бол биелдэг юм байна.  Хүн нисч чадна гэж бодохгүй бол хэзээ ч нисч чадахгүй.  Гэтэл хоёр америк залуу  хүн төрөлхтнийг нисч чаддаг гэдгийг харуулсан. Яг  үүнтэй л адилхан асуудал.  Бид бодож, том төлөвлөж чадах л юм бол хийж чадна.

УИХ-ын 42 дугаар тойрогт дахин сонгуульд явагдах нөхцөл байдаг үүсээд байна.   МАХН энэ сонгуульд хэр ач холбогдол өгч оролцох вэ?

-Улс төрийн на­мын хувьд ямар ч эр­гэлзээгүйгээр оролцоно.  Бодлогоо боловсруулж, ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *