Б.ЦЭВЭЛМАА: Есдүгээр сарын 1-нд би шавь нараа, тэд маань намайг саначихсан уулздаг

8-р сарын 27, 2012 9:42 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 417

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Амьдралын тойрог”  булангийн  энэ удаагийн зочноор Чингэлтэй дүүр­гийн 17 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Цэ­вэл­маа уригдлаа. Есдүгээр са­рын 1-ний өдөр ойртож, багш, сурагчид бүгд л эрд­мийн баяртаа бэлдээд зав­гүй байна. Бид зочинтой­гоо бямба гари­гийн өглөө сургууль дээр нь уулза­хаар тохирсон юм. Товло­сон цагтаа очиход том заа­ланд бага ангийн багш на­рын сургалт эхэл­чих­сэн, сур­гуулийн урт хон­гилоос бу­даг­ны үнэр сэнхийнэ. Хэ­сэг хугацаа­ны дараа сур­гал­тын цаг дуусч, Б.Цэ­вэл­маа багш бид­нийг да­гуу­лан ангидаа орлоо. Тэ­рээр энэ жил гу­рав­дугаар анги дааж ав­сан, тэдний анги тус сур­гуу­лийн өргөт­гөлийн хоёрдугаар дав­харт хи­чээл­лэдэг юм байна.

Б.Цэвэлмаа багш бо­ловсролын салбарт 33 жил  ажиллаж байгаа. Энэ хуга­цаанд дандаа бага ангид хичээл заажээ. “Энэ жил гуравдугаар ангитай, ми­ний хамгийн бяцхан шавь нар. Тэд маань зургаан настай сургуульд орсон” хэмээн тэрээр  шавь на­рынхаа тухай өгүүлж бай­на. Б.Цэвэлмаа багш бүр хүүхэд байхын л багш болохыг хүсдэг байж. Мал­чин  аав ээжийн хүү­хэд, тэр тусмаа эмээ, өвөө дээрээ өссөн эрх охин анх сургуульд ороход сумын сургуульд  дотуур байр байсангүй. Ингээд ан­гийн­хаа  багшийн гэрт суухаар болжээ. Өглөө багштайгаа хөтлөлцөөд хичээлдээ явна. Өдөр  хамт харина. Орой баг­шийнхаа хийсэн хоолыг амтархан иднэ.  Ангийн багш Отгонцоо нь нөхөр Хүрэлээгийн  хамт хоёул сумын сургуульд багшил­даг. Тэднийд сургууль, багш нарын тухай яриа их  өрнөнө. Заримдаа хүүх­дүү­дийнхээ дэвтрийг гэр­тээ авчирч засна. Энэ бүхэн нөлөөлснийх үү, багш болох сайхан юм шиг санагддаг байж.  Ингээд    1979 онд Улаанбаатар хо­тын багш нарыг бэлтгэх сургуульд орж суралцжээ. Сургуулиа төгсөөд төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумандаа бага ангийн багшаар 16 жил ажиллаж, 1996 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Тэр үеэс өнөөг хүртэл 17 дугаар сургуульд багшилж байгаа юм байна. Хөдөө орон нутагт ажил­лаж байхдаа таван удаа анги удирдаж төгсгөсөн бол хотод ирээд дөрөв дэх ангиа төгсгөсөн. Энэ бүх­нийг  тооцоод үзвэл, нийт­дээ 670 шавьд эрдэм заа­сан багш. Тэдэн дотор  багшийнхаа мэргэжлийг өвлөсөн 13 шавь бий. Дө­рөв нь хөдөө орон нутагт багшилдаг бол  нэг  нь 17 дугаар сургуульд надтай хамт ажиллаж байгаа хэ­мээн тэрээр шавь нараа­раа бахархаж байна.

 

ХҮҮХДИЙН СЭТГЭЛИЙГ НЭЭЖ ЧАДВАЛ, ААВ, ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭГҮЙГЭЭ  БАГШДАА Л ЯРЬДАГ 

 

“Арван жилийн  багш нар  дандаа бага насны хүүхдүүдтэй ажиллад­гаа­раа онцлог. Түүнээс гадна бага ангийн хүүхэд гэдэг юу ч мэдэхгүй, ёстой л хиргүй цагаан цаас шиг ариухан. Юу ч болсон  нуух юмгүй, бүгдийг  багш­даа хэлнэ. Тэдэнд  ном, эрдэм заана гэдэг хамгийн  эрхэм нандин, бас тэднээс  эрч хүч энер­ги авч,  дандаа баярлаж, инээж, залуужиж байдаг”  хэмээн  тэрээр мэргэж­лээрээ  бахархаж байна. Мөн “Олон жил багш­лахаар яг л хүүхэд шиг баярлах, гомдох нь амар­хан болчихдог” хэмээн ярьж байна. Багш хүний хувьд хамгийн том баяр  есдүгээр сарын 1. Зуны хэдэн сар амрахдаа хүүх­дүүдээ их санана. Намар хурдан болоосой гэж  би­түүхэн хүлээнэ. Хичээ­лийн шинэ жил эхэлж шавь нартайгаа уулзах сайхан. Хүүхдүүд ч баг­шийгаа саначихсан, ес­дүгээр сарын 1-нийг хүсэн хүлээсэн  байдаг.  Б.Цэ­вэлмаа багш ч гэсэн хүүх­дүүдээ хүлээн анги тан­химдаа тарьсан цэцгүүдээ услан, догдолж суугаа нь илт. Хүүхдүүд бага ангийн багшдаа илүү дотно бай­даг. Есдүгээр сарын 1-нд одоо хичээл зааж байгаа бяцхан шавь нараас гадна үе үеийн шавь нар нь  баяр хүргэж утас цохидог уч­раас тэрээр хичээлийн шинэ жил эхлэхээр  завгүй хүн болж хувирдаг гэсэн. Түүний анхны шавь нар  өдгөө 43 настай. Саяхан төрсөн нутагтаа очиж шавь нартайгаа уулзахад  хүүхдүүдээ оюутан болгох гэж байгаагаа багшдаа хуучлан угтсан гэнэ.  Хаа­на ч явсан шавь нар нь  багштайгаа ийнхүү   эргэх холбоотой байдаг аж. Жар­гал, зовлонгоо хуваал­цаж, амьдралын нарийн ширийн зүйлүүдээ ч багш­даа  ярина. Шавь нараа харж байхад хамгийн их сахилгагүйтэж, чих халуу­цуулж байсан хүүхэд  төг­сөөд явсан хойноо багшдаа бусдаас илүү ойр  дотно байдаг. Хүүхдийн сэтгэл гэгээн, цайлган шүү дээ хэмээн тэрээр ярьж байна.  Тэгээд ч багш хүн шавь нараа утсаар ярихгүй бол санаа зовно. Хэн нэгэн нь сураг тасарвал чих тавьж  сураглана. Шавь нараа яаж явааг байнга сураг­лаж, сайн яваагаар нь бахархаж, тааруухан яваад нь  санаа зовж  амь­дардгаас үзэхэд багшийн амьдрал өвөрмөц. Үүгээ­рээ багш хүн  тухайн хүүх­дийн аав, ээжээс өөрцгүй. Орой хичээл тарахад ч зам гаргаж өгөөд яаж харьсан бол гэж сэтгэлээ чилээдэг хүн бол багш. Бусдын хүүх­дийн төлөө нойргүй хонох үе ч бий. Энэ тухайд Б.Цэвэлмаа багшийн аав нь “Хүн багшийн ачийг хариулж чадахгүй. “А” заасан багш бол аав, ээж юм шүү” гэж захидаг бай­жээ. Түүнд  “А” заасан анхны багш, гэртээ суул­гасан ачтан Отгонцоо багш нь өдгөө 70 гаруй настай, Дорнод аймагт амьдардаг. Багштайгаа байнга утсаар ярьж, чадах чинээгээрээ тусладаг гэнэ. 

 

СУРГУУЛЬ,  СУРГУУЛИЙН ДОТРООС  17 ДУГААР СУРГУУЛЬ  МИНЬ ОНЦГОЙ

 

Хэдэн жилийн өмнө сурвалжлага хийж явах­даа 17 дугаар сургуулийн нэгэн сурагчийн дур­сам­жийн дэвтрээс “Сургууль, сургуулийн дотроос  17 дугаар сургууль  минь онцгой”  гэсэн шүлгийн мөрийг олж уншсанаа   Б.Цэвэлмаа багштай ярил­цаж суухдаа саналаа. Ин­гээд сургуулийнх нь онц­логийг асуусан юм. Чин­гэлтэй дүүргийн 17 дугаар сургууль гэр хорооллынх гэдгээрээ онцлог. Гэхдээ тэр хавьдаа хүүхдүүдийн­хээ  сурлага, хүмүүжлийн үзүүлэлтээр дээгүүр ордог гэнэ. Тийм болохоор 39, 49,72 дугаар сургуулийн хүүхдүүд 17 дугаар сур­гуульд  шилжин суралцах их дуртай. Математикийн гүнзгийрүүлсэн сургалт­тай учраас сурагчид нь тоонд мундаг, дүүргийн хэмжээнд тус сургууль  эхний байранд байнга ор­дог. Олимпиад, уралдаан, тэмцээнд ч  айргийн тав дотор зоолттой. Багш нар нь ч уралдаан, тэмцээнд сайн оролцдог, тэдний дотор  дүүргийн аваргууд  олон бий.   Сүүлийн үед багш нар залуужиж, мэд­лэг чадвар нь ч өссөн, 2009 онд сургууль өргөтгөлтэй болсноор  хүүхдүүдийн сурах орчин сайжирсан. Ер нь сурах орчны бүр­дүүлэлтээр төвийн сургуу­лиудаас дутахгүйг тэрээр онцоллоо. Харин багш на­рын нийгмийн асуудал хэр байгааг асуухад “Тө­сөв, хөрөнгө нь хүрдэггүй юм болов уу. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан нь үгүй” гэж байна. Чингэлтэй дүүр­гийн 17 дугаар сур­гууль 80 орчим багштай бол сурагчдын тоо 2000  /2200 гаруй хүүхэд суралц­даг/ давжээ.  Социализ­мын үед багш нарыг байн­га мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулдаг байсан бол одоо багш нарт өөрийгөө хөгжүүлэх бо­ломж тун бага  байдаг бололтой. Энэ ажил сур­гуу­лийн зүгээс зохион байгуулдаг, сургалт, лек­цээр хязгаарлагдаж,   зав чөлөө ч   тааруухан, ёстой л цайгаа ууж суухдаа ч хүүхдийн дэвтэр засч,   хи­чээлээ  аль өнцгөөс заавал  сонирхолтой байх бол гэж бодож суудаг болжээ. 

 

СУРАГЧДЫН “ҮДИЙН ЦАЙ”-Г  “ҮДИЙН ХООЛ” БОЛГООСОЙ

 

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан  “Үдийн цай” хөтөлбөрийн санаа   Чин­гэлтэй дүүргийн сургуу­лиудаас эхтэйг Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр 2009 онд боловсролын салба­рынхан, эцэг, эхчүүдтэй уулзахдаа хэлж байсан юм. Чингэлтэй дүүргийн захын сургуулиудаар орж,  уулзалт хийж  явахад нь  өглөө цай уулгүй ирсэн, их төлөв амьдралын бо­ломжгүй айлын хүүхдүүд  хичээл дээр муужирч уна­даг тухай багш нар  төрийн тэргүүнд  уламжилснаар ийнхүү “Үдийн цай” хө­төл­бөр хэрэгжсэн гэдэг.

Б.Цэвэлмаа багш  “Үдийн цай” хүүхдүүдийн сурах идэвхийг сэргээсэн. Гэр хорооллын хүүхдүү­дийн  аав, ээж нь ажилдаа явчихна.  Тэр хооронд  тэдэнд хоол, унд хийж өгөх хүн байхгүй. Хичээл­дээ өлөн зэлмэн ирсэн нэг нь муужирч унана. “Үдийн цай”-тай болсноор хүүх­дүүдийн сурах хүсэл, тэ­мүүлэл нэмэгдэж, амьд­рал ахуй, эрүүл мэндэд нь эерэг нөлөө үзүүлсэн. Одоо зарим сургууль “Үдийн хоол”-той болж байгаа. “Үдийн цай”-г хоол болгож хэвшүүлбэл, хүүхдүүдэд бүр ч тустай”-г хэлж байна. Боловс­ролын салбарын өнөөгийн хөгжил түүнийг анх баг­шилсан үетэй харьцуулш­гүй. Хөдөөгийн хүүхдүүд тухайн үеийнхээ шаард­лагад тохирсон стандартыг эзэмшиж байсан бол одоо орчин  болон даяаршлыг  дагаж  хүүхдүүдийн сурах идэвхи өрнөсөн. Сурах арга барилыг  мэдлэг рүү хандуулж байсан бол ча­дамж тал руу нь чиглүүлэх  болсноор  хүүхдүүд амьд­ралд хөлөө олоход дөт бол­сон. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүх­дүүд чадавхи сайтай болж төгсч байна гээд ярих зүйл их бий.  Салбартаа хийж, хэрэгжүүлбэл хэ­рэг­тэй зүйлийг 33 жил ажилласан ахмад баг­шийн хувьд юу гэж бодож байгааг асуухад тэрээр “Байлгүй яахав. Зөндөө юм бий” гэж байна.

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

 

Даяаршлаа дагаад хүүх­дүүдийг зургаан нас­тай сургуульд оруулж бай­гааг эргэж харах хэрэгтэй. Зургаан настай хүүхэд аливааг хурдан ойлгож, хурдан мартдаг. Ер нь хүүхэд  8-9 настай болж байж тодорхой ойлголттой болж, чадвар сууна. Хи­чээл хөнгөн байснаас гэ­нэт хүндрээд эхлэхээр хүүхдэд байтугай багш нарт ч хүндрэлтэй болдог. Мөн эцэг, эхчүүдийн дунд “үсрэлт” хэмээн ярьж хэвш­сэн анги алгасуулдаг тогтолцооны тухайд  дотор нь ажиллаж байгаа баг­шийн хувьд таатай санагд­даггүйг Б.Цэвэлмаа багш хэллээ.  Их, дээд сургуу­лиуд төлбөрөө нэмсэн ту­хайд  мөн сэтгэл дундуур байна гээд  саяхан сургуу­лийн ширээний араас бос­сон  шавь нартаа  сэтгэл  зовж  сууна  гэв. Харин манай сониноор  дамжуу­лан  залуу багш нарт юу зөвлөхийг нь сонирхвол “Хамгийн гол нь харил­цаандаа анхаарах хэрэг­тэй. Багш хүүхэдтэй яаж харилцахаас олон зүйл хамаарна. Сүүлийн үед манай багш нар залуужиж, мэдлэг, чадвар нь өссөн. Харин харилцааны талаар анхаарах хэрэгтэй санагд­даг” гэлээ. Ийнхүү олныг ярьж болох ч,зочин маань зав бага,  цаг давчуу бай­сан учраас ярилцлагаа ийнхүү өндөрлөсөн юм.  Б.Цэвэлмаа багш биднийг сургуулийн үүд хүртэл гаргаж өгөөд цааш эргэ­лээ. 

 

“…Сургууль, сургуу­лийн дотроос 17 дугаар сургууль минь онцгой 17 дугаар сургууль дотроос  

5 “Д” анги минь онц­гой 5 “Д” анги дотроос Хулан охин онцгой…”

хэмээн  нэгэн сураг­чийнх нь дурсгалын дэв­тэрт  шү­лэг болж үлдсэн Чин­гэл­тэй дүүргийн 17 дугаар сургууль ард хоцор­лоо. Удахгүй тэнд хүүх­дийн дуу цангинаж, хи­чээлийн шинэ жил нээл­тээ хийнэ дээ гэхээс сэт­гэл нэг л хоргодоод,  дахин дахин эргэж хармаар…

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *