Б.Цээпилдорж: Бичил уурхайчдыг хүн талаас нь хармаар байна

9-р сарын 17, 2012 10:08 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 364

Б.СОЛОНГО

 

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа сумдын нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сум. Тус газар олборлолт хийдэг бичил уурхайчид нөхөрлөлийн хэлбэрт шилжиж, зарим нь албан ёсны газартай болжээ. Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдоржтой ярилцлаа.

 

-Танай суманд бичил уурхайчдын амьдрал ямар байна. Зохион байгуулал­тад орох ажил хэр явцтай байгаа вэ?

-Манай сумын бичил уурхайчид зохион байгуу­л­алтад харьцангуй сайн хамрагдаж байгаа. Одоо­гоор 54 нөхөрлөл байгуу­лаг­дан ажиллаж байна. Тэдний 7-8 нөхөрлөл нь газрын шийдвэрээ гар­гуул­чихсан, албан ёсны үйл ажиллагаа эрхэлж байна. Зүүнхараа хот цаашдаа төвийн бүс болно. Тиймээс бичил уур­хайч­дад зориулсан цэцэрлэг, сургууль, зочид буудал зэргийг барьж байгуулах зорилттой байгаа. Мөн шороогоо химийн бо­дисгүй угаадаг газрыг нь байгуулж өгөх гэж байна. Энэ мэтчилэн бичил уур­хайчдын эрүүл мэнд, нийг­мийн асуудалд чиг­лэ­сэн олон ажлыг зохион байгуулж байна.

-Орон нутгийн удирд­лага болон бичил уурхай­чид хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ямар төвшинд байна?

-Ер нь 100-аас дээш бичил уурхайчинтай газар сумын Засаг дарга нь хүлээгээд суугаад байна гэж байхгүй шүү дээ. Аль болох хүмүүсийнхээ араас явж, хөөцөлдөж, олж уулзахыг хичээдэг. Манай сум Швейцарийн хөгж­лийн агентлагийн Тогт­вортой бичил уурхай төсөлтэй нягт хамтран ажиллаж байна. Бичил уурхайчдыг нэгтгэх, зо­хион байгуулалтад оруулах асуудалд төслийн зүгээс идэвхтэй тусалж байна. Мөн байнга сургалт зо­хион байгуулдаг. Нөхөр­лөл бүрийн дэргэд уул уурхайн аврах албыг байгуулж байгаа нь үр дүн сайтай байна.

Хуулийн дагуу зохион байгуулалтад орсон нө­хөр­лөл, төрийн бус байгуул­лагад газрын асуудлыг нь орон нутаг нь шийдэж өгөх үүрэгтэй. Үүний хэрэг­жилт танайд ямар байна?

-Журмын дагуу бичил уурхайчид газар эзэмших хүсэлтээ сумынхаа удирд­лагад хүргүүлнэ. Би түү­нийг нь иргэдийн хуралд оруулна. Иргэдийн хур­лаас томилсон ажлын хэсэг уг асуудлыг судалж, хянаад Ашигт малтмалын газарт явуулдаг. Ингээд Ашигт малтмалын газар дараагийн асуудлыг нь шийддэг юм. Зөвшөөрөл нь гарсан тохиолдолд орон нутаг тусгай хамгаалалтад аваад олборлолтыг нь эхлүүлдэг. Манайд газрынхаа зөвшөөрлийг авсан нөхөрлөлүүд яг ийм зарчмаар ажиллаж байгаа. Бусад нь ч энэ дагуу хү­сэлтээ гаргаад шийдвэрээ хүлээж байна.

-Бичил уурхайчдад оног­дуулсан татвар өндөр байна гэдэг. Танай суманд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хэцүү байгаа нь үнэн. Өмнөговиос чу­луугаа үүрээд ирсэн уурхайчдаас татвар нэхээд сууж байх уу. Харин газ­рыг нь шийдэж өгчихөөд татвар нэхвэл өөр шүү дээ. Уян хатан бодлого хэрэгтэй.

-Бичил уурхайчид зо­хион байгуулалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал дээшилж байна уу. Ослын тоо үнэхээр багасч байна уу?

-Нөхөрлөл, төрийн бус байгууллага байгуулна гэдэг хариуцлага үүсч байгаагийн илрэл шүү дээ. Нэг нэгэндээ хяналт тавь­даг болж байна. Нэг­нийхээ амь насыг хариу­цаж байна. Яг энэ чиглэ­лээр дагнан ажилладаг аврах ангитай болж байна. Тэгэхээр үүнийг дагаад осол аваарын тоо буурч байна. Сайн тал нь энэ. Болохгүй, хэцүү байна гээд яривал амьдрал дээр байлгүй яахав. Зо­хион байгуулалтад ороогүй, өөрийн гэсэн газаргүй бичил уурхайчид байлгүй яахав. Яваад очи­хоор тархийж зугтаагаад, одоо яах бол загнах болов уу, хөөх болов уу гэсэн харцаар хараад л. Тэр бүрт нь айлгаж хөөгөөд байхыг бодохгүй юм. Аль болох зохицуулахыг хичээж байна. Уг нь цуглуулж, нэгтгээд авбал санаа амардаг юм.

-Бичил уурхайчдын сумын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар яривал?

-Их шүү дээ. Тэдний олсон мөнгө гадаадад га­рахгүй. Эргээд энэ сумын эдийн засаг, хөгжилд нэмэр болж байна. Хэрэв бичил уурхайчдын өдөрт олдог мөнгө нэмэгдвэл энэ сумын дэлгүүр өдөрт хоёр удаа бараандаа явж чаддаг болно. Талх, мах, цаашилбал бүх бизнесийн салбарт мөнгөний эргэлт хурдасна. Тэр мөнгө нь цаашаагаа банк руу орно. Ингээд эдийн засгийн ухагдахуун яриад байвал яваад л байна.

-Нийгмийн даатгалд хамрагдсан нь хэд байна?

-Одоогоор ажилгүй гэдгээр л бүртгэгдэж байгаа. Цаашдаа албан ёсны газраа авчихсан хүмүүс нэгэнт ил болно шүү дээ. Тэднээс даатгал төлүүлэх ажлыг төр зохион байгуулж болно. Энэ хэцүү асуудал биш.

-Шинэ Засгийн газар­тай боллоо. Цаашдаа би­чил уурхайчдыг дэмжих чиглэлээр ямар ажил хийх ёстой вэ. Хууль, эрхзүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?

-Миний бодлоор тат­вар, газар гэж дээгүүр ярихын оронд бичил уур­хайч­дыг хүн гэдэг утгаар нь дэмжмээр санагддаг юм. Нэгэнт хоёр, гурван мянган бичил уурхай­чинтай болчихсон газарт цэцэрлэг, сургуулийг нь байгуулаад өгчихмөөр байна. Амьдрах газар, усанд орох байрыг нь шийдэж өгмөөр байна. Эмчийн үзлэгийг тогт­мол­жуулмаар байна. Жирэм­сэн, хүүхэдтэй гээд олон хүн амьдралаа зогоож байна шүү дээ. Тэднийг хүн гэдэг утгаар нь хүлээн авч, тодорхой чиглэсэн ажлуудыг хиймээр санаг­дах юм. Нэгэнт төрөөс эдгээр хүнийг ажлын бай­раар хангаж чадахгүй. Энэ хүмүүс өөрсөддөө ажлын байр бий болгоод амьдрах гэж зүтгэж байна. Тэгэ­хээр амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд, боломжийн хэрээр дэмжмээр са­нагддаг.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *