Б.Наранхүү өөрийн биеэр очсон шүүх хурлын шийдвэр түүний талд гарлаа

9-р сарын 19, 2012 7:00 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 659

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн нэмэмжлэлтэй хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцлээ. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал анхан болон давж заалдах шүүхээр нийтдээ тав дахь удаагаа болж байгаа нь энэ юм. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргаад байсан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн 2011 оны  арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан юм. Өмнөх шүүх хурлуудаар “Мон-Уран”-ны захирал Б.Наранхүү нэг ч удаа оролцоогүй юм. Харин энэ удаа Их Хурлын гишүүн Б.Наранхүү өөрөө иржээ. Өмнөх шүүх хурлуудад Б.Наранхүүг буруутай гэж үзэж байсан хохирогч охины мэдүүлэг энэ удаа эрс өөрчлөгдөж бүр тодруулбал Б.Наранхүүг биш гэж сэтгүүлч Д.Болормааг буруутгахад чиглэгджээ. Гэрчийн ээжид таван сая төгрөг өгөх гэсэн асуудал гарсан талаарх баримт мэдээллийг гаргаж тавьсан  ч шүүгч нар хэрэгсэхгүй гэж үзсэн байна.  Тухайлбал, гэрчийн ээж нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байцаагчаас “Өмгөөлөгч Н надад мөнгө өгье гэсэн. Би аваад эмчилгээндээ хэрэглэчих үү” хэмээн асууж байсан тухай мөрдөн байцаалтын тэмдэглэлд үлджээ. Дүнжингарав захын захирал Н гэдэг хүнийг зурагтаар хараад манай охин уйлж байсан хэмээн мэдүүлж байсан ээжийн үг өчигдрийн шүүх хуралд зориулсан мэдүүлэгт “Манай охин андуурч ярьсан байсан” хэмээн шинэчлэгджээ.

Гэрчийн мэдүүлэг өөрчлөгдсөн, Их Хурлын гишүүн Б.Наранхүү өөрийн биеэр заларсан шүүх хурлын шийдвэрийг гаргахад шүүгч нар ердөө л гурван минут зарцуулжээ. Гурван хавтаст хэрэг бүхий дөрвөн цаг үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн дүнг  гурван минутын дотор гаргаж байгаа нь урдаас бэлтгэгдсэний шинж үзэж байгаагаа өмгөөлөгч Ц.Монгол онцлов.

 Шүүхээс Д.Болормааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэр гаргасан бөгөөд Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол хэлэхдээ “Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байсан анхны хурлаар сэтгүүлчийг цагаатгасан. Харин энэ удаад торгох шийдвэр гаргалаа. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Давж заалдана” гэдгээ мэдэгдлээ.

Сэтгүүлч Д.Болормаа: Шүүх хурлын процессоос харахад эхнээсээ л намайг буруутгах гэсэн ганцхан зорилготойгоор прокурор, шүүгч нар хандаж байгаа нь илт анзаарагдаж байсан. Би шударга ёсны өмнө ялагдаагүй, харин мөнгө эрх мэдлийн өмнө ялагдаж байна гэлээ.

Нэхэмжлэгч Б.Наранхүү Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Би өмнө нь олон удаа сонин хэвлэлээр гүтгүүлж, муухайгаар хэлүүлж, чичлүүлж байлаа. Тэр болгонд би чимээгүй явдаг байсан. Намайг чинь худал хэлж хүн луйвардсан, банк дампууруулчихлаа гэх зэргээр бичсэн. Эдгээр мэдээллүүд энэ удаагийн хэргээс өөр асуудал. Англи цахим хуудаст хүртэл Б.Наранхүү өсвөр насны охидыг 400-500 ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл явж л байгаа. Надтай холбоотой газрын маргаантай асуудал байхгүй ээ. Анод банкнаас би зээл авсан. Төлөөд дууссан. Энэ хэргийн талаар шүүх албан ёсоор өргүй, буруугүй гэдгийг тогтоогоод УИХ-д өрсөлдөх эрхийг нь өгсөн шүү дээ. Яах вэ би банк дампууруулсан л юм байгаа биз. Би үүнд их ач холбогдол өгдөгүй. Гэхдээ Анод банктай холбоотой мэдээллийн дагуу би бас шүүхэд хандана. Би өөрийгөө Анод банкийг хөгжиж дэвжихэд хувь нэмрээ оруулсан гэж боддог” хэмээн ярьсан байна. Тэгэхээр тэрээр Анодын асуудлаар бичсэн сэтгүүлчдийг Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэйгээр  шүүхэд удахгүй дуудах бололтой.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *