Б.Намтай: Хордлого, ядаргаа тайлах “таван эрдэнэ” цайг бэлтгэж гаргана

1-р сарын 4, 2018 9:13 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 182
1-4-7х

Р.ОЮУН

Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, профессор, эрүүл амьдрах ухаан судлаач Б.Намтайтай ярилцлаа.

Та эрүүл мэндийн чиглэлээр “Таван ухаан” хэмээх ном гаргажээ. Номныхоо талаар яриагаа эхлэх үү?

-Дорно дахины анагаах ухаанд эрүүл мэндээ хамгаалах үндсэн дөрвөн ёс буюу идээ ундаа, явдал мөр, сэтгэл санаа, эм засал гэсэн зарчим байдаг. Орчин үеийн хүмүүс үндсэн гурван зарчмыг нь даваад эм, эмнэлгийн байгууллагад эрүүл мэндээ даатгаж байна. Үүнийг нийгэмд ойлгуулж, тэнцвэртэй дөрвөн зарчимд анхаарснаар эрүүл байх боломжтой. Би 30 гаруй жил эмчээр, 15 жил өвчингүй явах боломж эрүүл амьдрах ухааныг судалсны үр дүнд хэдэн ном бичсэн. Тэдгээрийн хураангуй болох эрүүл мэндийн “Таван ухаан” номоо гаргасан. Энэ бол миний өнгөрсөн хийсэн ажлын маань дүгнэлт мөн цаашид хийх ажлын хөтөлбөр юм. Хийсэн ажил, хийх гэж байгаа ажлын зорилго чиг хандлагад нийцсэн эрүүл энхийн гурван бэлгийг барихаар төлөвлөж байна.

Тухайлбал?

-Өнөө цагийн амьдралын хурд айзам түргэссэн. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, химийн гаралтай чанаргүй хүнсний төрөл болон компьютер, гар утас цахилгаан барааны хэрэглээ ихэссэн. Хүн амын хэт төвлөрөл буюу суурьшмал амьдрал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч эрүүл мэндэд хор хохиролтой үндсэн хоёр асуудал үүсдэг. Энэ нь хор хордлого хийгээд стресс ядаргаа болно. Үүнээс хамаарч цусны даралт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, харшил, хавдар, харвалт, хэрх тулай, элэг дотрын өвчин үүсч архагшиж байдаг. Тиймээс судалгааны үр дүнгээс гарах ажил маань ердөө л суурь шалтгаан хор хордлогыг саармагжуулан багасгахад зориулсан. Мөн миний эмчилгээ болон судалгааны ажлын суурь зарчим мөн. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих “Таван ухаан” сургалтын хөтөлбөр, хордлого ядаргааг зөвхөн өдөр тутмын идээ ундаагаар дамжуулан саармагжуулан тайлах “Таван эрдэнэ” цай, хүнс болно.

Тэгвэл хордлого тайлахад амархан болсон гэсэн үг үү. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Асуудал үүнд бий. Эмч, судлаач бидэнд эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шинжлэн судалж арга технологийг боловсруулхаас биш нийгмийг хамарсан дорвитой ажлыг гүйцэтгэх боломж үнэндээ алга. Мэдээж төр, засаг олон түмэндээ хандаж төсөл хөтөлбөрөө танил­цуулж, тэдний дэмжлэг орол­цоотойгоор Монголын нийгмийн сайн сайхны төлөө ажиллана хэмээн бодож байна. Тухайлбал, манай салбарын эрүүл мэндийн сайд ажлаа авахдаа таван ажлыг шинэ шатанд хүргэнэ гэж мэдээлсэн нь эмч нарт төдийгүй олон түмэнд таа­лагдсан. Түүний дотор эрүүл мэндийн боловс­рол, урьдчилан сэргийлэх асуудал орсон байсан. Энэ нь бидний ажил хэрэгжих хамтран ажиллах тааламжтай орчин бүрдэж байгаа юм. Мөн бусад салбар тухайлбал, Засгийн газар “Цэвэр агаар сан”, ХХААХҮЯ, газар тариа­лан эрхлэгчдэд энэ хөтөлбөрийн арга технологийг танил­цуу­лах, хамтран хэрэг­жүү­лэх хүсэлтийг ч мөн тавина. Учир нь шинж­лэх ухааны мэдлэг тех­нологи шингэсэн хордлого, ядаргаа тайлах цай, хүнсийг бэлтгэн боловсруулж дотоодын хэрэгцээг хангах нь 1-2 компанийн ажил биш юм. Энэ нь төр, засаг нийгмийн оролцоотой хийж үр дүнд хүрэх ажил юм. Иймд олон баяр давхцаж байгаа учраас баярын дараа холбогдох газар санал төлөвлөгөөгөө хүргүүлэхээр ажиллаж байна.

Таны төсөл, төлөвлөгөө том санагдаж байна. Хэрэгжих магадлал, цаашдын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Нийгэмд тустай зүйлийг мэдээж нийгэм олон түмэн ойлгоно гэж найддаг. Агаарын бохирдол халдварт бус өвчлөлийг бууруулах зэрэг асуудалд зөвхөн төр, засаг биш хүн бүрийн оролцоотойгоор зөв зам мөрийг олж шантрашгүй зүтгэж ард нь гардаг. Тиймээс нийгэм олон түмний оролцоо чухал. Бидний хийж байгаа цай ширхэглэг үр тариа буурцаг Монголын хөрсөнд тариалж бо­лох эсэхийг хэдэн нөхдийн хамт судалж үзсэн. Тиймээс цаашид энэ арга технологийг Монголдоо нэвтрүүлж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад гадаад руу гаргах хүртэл өөдрөгөөр төсөөлөн харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *