Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй

5-р сарын 4, 2016 8:59 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 177
5-4-1h

Д.ОЮУНЧИМЭГ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 15 дахь удаагаа “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарав. Тускомпанийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуутай ярилцлаа.

Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол 15дахь жилдээ болж өнгөрлөө. 15 дахь удаагаа шилдэг аж ахуйн нэгж болсонд тань баяр хүргэе?

-ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулах уламжлалт ёслолд 15 жил тасралтгүй оролцож тэргүүлж байгаад баяртай байна. Энэ шалгаруулалт нарийн шүүлтүүрээр, элдэв асуудалгүй болдог гэдгийг онцолмоор байна. Магадгүй, “Эрдэнэт үйлдвэр” компани жил бүр шалгарч байгаад нь эргэлзэх хандлага гарах байх. Энэхүү шалгаруулалтыг явуулахын тулд олон үзүүлэлтээр дүгнэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Жишээлбэл, манай компанийг төсвийн орлогод томоохон хувь нэмэр оруулдаг гэхэд маргах хүн байхгүй биз. Энэ нь зөвхөн нэг үзүүлэлт болдог юм. Түүнчлэн ажлын байр болон төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн дүн чухал байр суурийг эзэлдэг. Энэ жилийн шалгаруулалтаас харахад манай байгууллагын араас Оюутолгой компани их ойрхон байгаа нь анзаарагдсан. Үүнээс үзвэл том төсөл хөдлөх хэрээр нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө их байгааг харж болох юм. Манай компани 15 жил тасралтгүй тэргүүлнэ гэдэг нь сайн хэдий ч нөгөө талдаа бусад том төслүүд нь зогсонги байгааг илтгэж байна гэж харж болно. Хэрэв бусад том төслүүд хөдлөөд эхэлвэл, бидний өрсөлдөх чадвар ч тэр хэрээр бодитой болж ирэх юм шүү дээ. Мэдээж жил бүр шилдэг аж ахуйн нэгж болохын тулд хамт олны хүчин чармайлтаас шалгаалж байгааг хэлэх ёстой. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа энэ үед ажлын байраа алдахгүйгээр удирдан зохион байгуулах чухал албыг удирдлагын баг сайн менежментээр авч гарсны ач холбогдол, үр дүнг эндээс харж болно.

Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр компани хэчнээн хэмжээний татвар төлсөн бэ. Дэлхийн зах зээл дээрзэсийн ханш буурч байсан ч шилдэг аж ахуйн нэгж болох шалгуур үзүүлэлтийг биелүүлж чадсан байна. Энэжилийн тухайд танай компани ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Өнгөрсөн онд зэсийн үнэ нэлээд доод хэмжээнд хүрсэн. Гэхдээ зэсийн экспортын хэмжээнээс хамаарч улсын болон орон нутгийн төсөвт 381 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан дүн. Шилдгээр шалгарсан бусад аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад том үзүүлэлт болсон юм билээ. Ер нь эдийн засаг хүндэрсэн энэ үед нэлээд байгууллагууд орон тооны цомхотгол хийсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Манай компанийн хувьд хэм­нэлтийн горим барим­талсан хэдий ч цомхотгол хийгээгүй. Учир нь оросын талтай харилцан ойлголцож 6000 ажлын байрыг хадгалах тохиролцоонд хүрч чадсан. Тэр ч бүү хэл энгийн ажилтнуудынхаа цалингийн суурийг 150 мянган төгрөгөөр нэмэг­дүүлж, дундаж цалин хоёр сая төгрөгт хүр­сэн. Энэ жилийн тухайд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш өсөх хандлагатай байгаа учраас улсын болон орон нутгийн төсөвт 400 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

-“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг танай компаниас санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэнэвлэлтэй хамтран зохион байгуулахаар болсон. Үүний гол зорилго юу вэ?

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан энэ аянаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хийж байгаа ажлуудаа олон нийтэд мэдээлж, таниулахыг зорьж байгаа юм. Манай компани төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажилладаг уламжлалтай. Бид шинэ он гарсаар хэвлэлийн байгууллага болон сэтгүүлчидтэй хамтран ажиллахдаа ямар зарчим баримтлах талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй ярилцсан. Хамгийн гол нь дээрх байгууллагаар дамжуулан нийгэмд сайн мэдээг түгээн, дэлгэрүүлэхийг зорьсон юм. Учир нь сайн гэхээс илүүтэй хар бараан зүйл давамгайлсан мэдээлэл түлхүү явж байгаа нь ажиглагдаж байна. Энэ хэрээр хүмүүсийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа. Тэгэхээр сэтгүүлчдээр дамжуулан оюунлаг, гэгээн мэдээллийг түгээхийг гол зорилгоо болголоо. Тухайлбал, аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын сайн талыг гаргахын оронд алдаа, дутагдлыг нь олж харж байгаа нь харамсалтай. Мэдээж үүгээрээ аливаа буруу зүйлийг далдлан, өөгшүүлэх гэсэнгүй. Харин ч сайн, мууг нь тэнцвэртэйгээр гаргах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, “А” гэдэг компани байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж байгааг мэдээлдэг байх хэрэгтэй. Магадгүй үүний зэрэгцээ гарч байгаа сөрөг үр дагаварыг нь ч мөн арилгуулах, санамж болгохыг үгүйсгэхгүй.

Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байгаа. Учир нь дан ганц уул уурхайн салбаргэхгүйгээр бус­дыг нь ч хөгжүүлэх нь зүй­тэй гэдэг болсон шүү дээ. Магадгүй үүнтэй хол­боо­тойгоорбусдад анзаараг­дахгүй болох вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Сүүлийн үед уул уурхайн салбараас гадна бусад салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэж байна. Энэ нь зөв. Гэхдээ алтыг нь аваад авдрыг нь хаядаг байж болохгүй. Уул уурхай эрчимтэй хөгжиж байх хугацаанд орлого олох хэрэгсэл хэмээж байснаа, уналтынх нь үед хэнд ч хэрэггүй гээд гоочлоод байж болохгүй шүү дээ. Монгол Улсын хувьд эдийн засгаа авч явдаг уламжлалт салбар нь уул уурхай, мал аж ахуй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тиймээс уул уурхайн салбарыг цалгардуулахгүйгээр, стартегийн чухал ач холбогдлыг нь алдагдуулахгүйгээр эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь улсын хөгжлийн суурь болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ салбарын хөгжлийн төлөө хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэйгээ хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Сайн мэдээ түгээхийн тулд хэн нэгэнд дулдуйдах, ая тал засах тухай хэлээгүй гэдгээ та онцолж байна.Сэтгүүлчдийн хувьд ч эрэн сурвалжилсан мэдээллийг нийтэд түгээнэ гэдэг ойлголттой байгаа­гааилэрхийлсэн шүү дээ. Танай компанийн хувьд хэв­лэлийнхэнтэй ойр ажил­лаж байгаа гэдэг ч тийм чнээлттэй биш гэд­гийг хүлээн зөвшөөрөх үү?

-Манай компани мэдээллийг ил тод өгөх зарчим баримталж ажилладаг. Тиймдээ ч шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа. Зарим тохиолдолд компанийн нууцын зэрэгтэй мэдээллийг асуух нь бий. Мэдээж бүх зүйлийг төгс төгөлдөр хийж байгаа гэж хэлэхгүй. Хувь хүнд ч гэсэн алдаа дутагдал байдаг шүү дээ. Ер нь зах зээлийн нийгэмд шилжсэн 25 жилийн хугацаанд хувийн аж ахуй, худалдаа наймаа эрхлэх нь нээлттэй болсон. Энэ хооронд хэрхэн хөгжих, хүмүүст хэрхэн танигдах вэ гэдгээ судалсаар байгаа гэж ойлгож болно. Алхам, алхамаар ахиц дэвшил гарч байгаа гэдгийг ч олон нийт харж байгаа болов уу. Хамгийн гол нь сайн мэдээний аяныг хэрэгжүүлснээр нийгэмд зөв мэдээллийг цаг алдалгүй түгээх. Энэ хэрээр бизнесийн байгууллагын үйл ажиллагааг олон нийт зөв талаас нь харах боломжтой болно. Тиймээс хэн нэгэн хүний заавар, зөвлөгөөгөөр, зориудаар бэлтгэсэн мэдээлэл түгээж байгаа мэтээр гуйвуулж болохгүй. Энэ аяны хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс хийж, бүтээж байгаа бүхнийг олон нийтэд таниулан, сайн жишиг тогтоохыг хүссэн юм.

Танай компани сүүлийн гурван жил дараалан 1000 инженерийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэжилийн зөвлөгөөний онцлог болон ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Өмнөх жилүүдэд зохион байгуулсан зөвлөгөөний үр дүн өндөр гарсан гэж дүгнэж байгаа. Тухайлбал, эдийн засаг хүнд байгаа үед үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Харин 1000 инженерийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар хэмнэлтийн горимд шилжсэн үед хэрхэн шинэчлэл хийж үр ашигтай ажиллах вэ гэдэг санал, санаачлагыг олж авсан хэрэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай компани үйлдвэрлэлээ өргөтгөсөн нь өндөр өгөөжтэй байсан. Анх зөвлөгөөнийг зохион байгуулахдаа “Шинэ санаа-Шударга урамшуулал”, сэдвийн хүрээнд хийж байлаа. Түүний дараагаар “Бүтээлч санаачилга-Хөгжлийн түлхүүр”, “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл” “Оюуны өмч-Инноваци арилжаа” сэдвийг хөндөж байсан. Харин энэ жил “Шинжлэх ухаан-үйлдвэрлэлд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Ер нь энэ төрлийн зөвлөгөөн хийж байгаа аж ахуйн нэгж одоохондоо байхгүй. Манай компанийн хувьд уг зөвлөгөөнийг зохион байгуулж эхэлснээсээ хойш инновцийн төвөө байгуулан, сангийн болон инновацийн журмаа баталсан. Одоогоор таван төсөл хэрэгжиж байгаа. Цаашид томоохон төслийн Инновацийн сангаараа дамжуулан санхүүжүүлэх боломжтой. Бид улсдаа тэргүүлэх инженер техникийн ажилчдынхаа бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талд илүү анхаарч ажиллаж байна. Тиймээс цаашид гарах үр дүн эдийн засаг болоод нийгэмд илүү нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *