Б.Найдалаа: МАН, АН, тэдний 76 гишүүнээр Монгол Улс дутахгүй

10-р сарын 4, 2018 8:14 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 19
10-4-1

Ц.ЭНХБАТ

Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат “ХҮН” намын дарга Б.Найдалаатай нийгэм, улс төрийн сэдвээр хөөрөлдсөнийг толилуулья.

ХҮН нам сүүлийн хоёр жил чимээгүй байлаа. Энэ хооронд эрх баригч нам солигдлоо. Амьдрал дээшилсэнгүй. Хавар эмч сувилагч нар суулт хийсэн бол намар багш нар ажил хаясан. ХҮН нам энэ бүхэнд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Тулгамдсан асуудал их байна. Асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь Монгол Улсын өнөөгийн дүр төрх гэж харж байна.

Багш нарын жагсаал, тэмцэл нь Монголын төрд гарсан улс төрийн намууд Монгол хүнээ гээж, боловсролыг уландаа гишгэсний илрэл. 2007 онд монгол хүний дундаж цалин 246 мянган төгрөг байсан. Багшийнх 252 мянган төгрөг буюу ялимгүй өндөр байсан. Тэгвэл өнөөдөр монголчуудын дундаж цалин 949 мянган төгрөг. Төрийн албан хаагчийнх 739 мянган төг. Багш нарынх 656 мянган төгрөг. Ингээд харьцуулаад үз дээ. Монгол багшийн үнэлгээ хамгаас дор. Багш нараа дундаж орлоготой иргэдээс доогуур тавьчихаад хүүхдээ мундаг хүн болгохыг, боловсролыг дэмжихийг шаардах нь утгагүй явдал. Хачирхалтай нь, Монгол Улсын эдийн засаг сүүлийн 10 жилд хамгийн өндөр, өсөлттэй, мөнгөтэй байлаа. Гэтэл жагстал нь багш, эмч нарынхаа тэсвэр тэвчээрийг барсан. Энэ бол бодлогогүй төрийн алдаа.

Шүүмжлэх амархан, хийх хэцүү л гэдэг.  ХҮН нам 2016 оны сонгуулийн өмнөхөн анх ил гарч ирсэн. Төсөөлье. 2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам ялчихсан байж гэж бодъё. Нам чинь төрийн эрхэнд гарч, та Хүрэлсүхийн оронд ерөнхий сайд болчихсон байна гэж саная. Тэгвэл Та юуг нь хийгээд, юуг нь хийхгүй байх байсан бэ?

-Улс орны хөгжил ярих гэж байгаа бол хамгийн түрүүнд улс төрийн лидерүүд, улс төрийн намууд  Монгол Улсын хөгжлийн төлөө нэгдэх хэрэгтэй. Намууд үзэл баримтлалын хувьд өөр өөр ч, эцсийн дүнд Монгол Улсыг хөгжүүлэх, нөгөө багш, эмч нарын цалинг нэмэх, хүүхдээ боловсролтой иргэн болгох, 15-20 жилийн дараа өөдлөн хөгжчихсөн, улс шиг улсад амьдрах гэсэн   үзэл баримтлал дээрээ нэгдсэн байх ёстой юм. Улстөрийн лидерийн, улстөрийн намын үүрэг бол зөвхөн сонгуулиар эрх мэдэл авахын төлөө өрсөлдөхөөс гадна  өрсөлдөгч намынхантайгаа үндэсний зөвшилцөл хийх үндсэн үүрэгтэй байх ёстой. Үүнийг хийж чадаагүй ерөнхий сайд бол зүгээр нэг байдаг л өрсөлдөгч , бие биенийхээ  жижиг алдааг хайсан сөрөг хүчин төдий. Манайхны ээлжилж улстөр гэж тоглоод  байгаа байдал ийм өчүүхэн, жижиг хэмжээний л төвшинд өрнөж байна.

Ялангуяа, Төр, Засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайдын түвшний, Ерөнхийлөгчийн түвшний улстөрчид бол нэгдүгээрт, хөгжлийн том хараагаа тодотгож, хоёрдугаарт, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусад улстөрчидтэй хэрхэн яаж эвлэх вэ гэдгээ л тунгаах, шийдэх учиртай. Энэ л эрх барьж буй намын дарга, ерөнхий сайд хүний хийх эхний алхам, үндсэн үүрэг. Гаднаас зээл мөнгө босгох, зам гүүр барих, ийм тийм хийн хоолой барих нь дараагийн асуудал. Эхний буюу, улс төрийн лидерүүдийн зөвшилцлийг хийж чадахгүй, дотооддоо эвлэж чадахгүй байж гадаад ертөнцтэй эвлээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зээл авна гэж байгаа нь шулуухан хэлэхэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх том аюул.

Монголын улстөрийн гажуудлын илрэл  ард иргэдийн амьдрал ахуйгаар илэрч байна. Монголын нэг сая хүн нэн ядуу бүлэгт багтсан. Монголын баялгийг хүн амын гуравхан хувь эзэмшиж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан. Ард иргэд төр засагтаа итгэх итгэл алдарсан. Энэ туйлдаа хүрч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Монголын улстөрийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх гарч ирсэн. Тэр шинэ өнгө төрхийг харуулсан нам бол ХҮН нам болж харагдаж байсан л даа. Богино хугацаанд боловч олны санал асуулгаар нилээн өндөр хувь эзэлж байсан. Их сонин үзэгдэл болох нь гэж харж байтал  сарниад алга болсон?

-Үүнд хариулахдаа улс төрийн нам гэдгээс эхэлье. Улс төрийн нам гэдэг өнөөгийн ойлголт нь нам ажиллуулж байгаа хоёр гурван том намын байж байгаа байдал , хийж байгаа зүйлээс тэс  өөр зүйл. Намыг нийтээрээ буруу ойлгосон. Бүр 100 хувь буруу ойлгосон шүү. Өнөөдрийн улс төрийн намыг авч үзье. Энэ том намууд бол коммунист намын суурь юм. Коммунист нам бол хагас цэрэгжсэн байдалтай, гишүүдээ олон болгож байгаад хувьсгал хийж, засгийг аваад  нийгмийг хүчирхийлж байж байгуулна гэсэн үзэл баримтлал номлолтой. Тэгэхээр манай хуучин буюу Ардын нам яг энэ суурин дээр байгуулагдсан нам юм. Энэ арга барил нь өнөөгийн МАН -д одоо ч анзаарагддаг. Түүнийг нь Ардчилсан нам бас өвччихсөн. Хатуу гишүүнчлэлтэй,тэдэндээ хариуцлага тооцдог, өөр нам руу орохыг урвагч гэж үздэг. Ийм жижигхэн үзэлтэй, тулаанч байлдаанч , хувьсгалт маягийн дүртэй. МАХН ч мөн адил тэрийг дагаж явна. Бүтэц нь өөрөө буруу болчихоод байгаа юм. Ийм намын хандлага яадаг  гэхээр аливаа юмыг хүчээр дарахыг оролддог. Буу бариад хувьсгал хийхгүй ч гэсэн, ажиглагдана, анзаарагдана. Ямар нэгэн юмыг хоролдог ч юм уу , дайрдаг ч юм уу, арга барил нь ерөөсөө тийм. Намын энэ арга барилыг устгах хэрэгтэй  юм. Тэгэхээр би хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт,  тус улс төрийн нам улс төрийг яаж авч явах юм. Хоёрдугаарт, нийгмийн асуудлыг хэрхэн хэрхэн шийдэх гэж байна вэ? гэдэг талаар бодлого, төлөвлөгөөтэй байх учиртай. Манай улс төрийн намуудад тийм зүйл байна, тэгж байна уу гэж асууя. Үгүй л гэдэг хариулт гарна. Сонгогчдын сэтгэлийг татах, таалагдах тийм санааг хайгаад  байдаг. Яавал таалагдах, яаж санал авах гэдэгт л толгойгоо гашилгадаг. Хоёрдугаарт, бодлогыг хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй тууштай дагаад явах чадвартай боловсон хүчинг нийгмээс сонгон шалгаруулж төрийн албанд,  засагт оруулах шаардлагатай байна.  Ийм хоёрхон үндсэн үүрэг байгаа юм. Энэ хоёр үүргийг эрх барьж байгаа хоёр гуравхан нам  хийж чадалгүй ирлээ. Ард түмэн тэнэг биш үүнийг мэдэрч , ажиглаж байгаа. Тухайн үед, сонгуулийн өмнө, манайх шиг улс төрийн, ийм маягийн шинэ хүчний эрэлт хэрэгцээ байсан. Тэр орон зайн дээр л ХҮН нам гарч ирсэн. Бидэнд юу байсан гэхээр улс орныг хөгжүүлэх тодорхой алсын хараатай зарчмууд байсан, одоо ч байгаа. Түүнийгээ хөгжүүлсээр явж байна. Бидэнд боловсон хүчин ч байсан. Манай намын онцлог бол улстөрд явж байгаагүй шинэ хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй,  боловсролтой, ажлын туршлагатай, залуудахгүй, яг идэр насны залуучууд байсан, одоо ч байгаа.  Монгол үндэстэн монголын нийгэм өөрөө хүсч байгаа болохоор дэмжсэн юм. Гуравдагч хүчин хэмээн олон намууд пиар хийж элдвээр зөндөө оролдсон.

Тухайн үед ХҮН  намыг захиалгатай нам гэж байсан. МАН-ын дарга М.Энхболд  оролцжээ, Ардчилсан намын дарга З.Энхболд ч хамааралтай юм байна . Энэ хүмүүсийн гар хөл болох нь гэж байсан. Хэрвээ ялагдах юм бол өөрсдийн бэлдсэн энэ сувгаараа эрх мэдлээ хадгалах нь гэсэн таамаг яриа ,хардалт дэлгэрсэн. Одоо ч энэ яриа замхраагүй?

-Ийм яриа үнэхээр их байсан. Олон хүний хамааралтай нам, олон халааснаас санхүүжиж байна, тэрний хөрөнгө оруулалттай, ийм тийм нам гээд л  ярьсан, бичсэн. Одоо ч гэсэн ярьсаар л, үнэмшсээр л, асуусаар л байгаа хүмүүс маш их байна. Үнэнийг хэлэхэд хэн нэгний хатгаасаар бид бий болоогүй, ажиллаа ч үгүй. Бүх зүйлээ бид өөрсдөө зуун хувь санаачилсан. Тиймээс тэр олон залуучууд итгэж нэгдсэн юм. Тэр залуус хэн нэгний халаасанд орчих тийм хүмүүс огт биш. Хоёр намын зүгээс ямар нэгэн явуулга явуулсан байж магадгүй ч, бид тэр бүхэнд буруугаа тохоод зүгээр суугаагүй. Ийм л бүхнийг чөдөрлөсөн намын бүтэц Монголн нийгэмд бат бөх оршин тогтнож байгаа нөхцөлд бид өөрсдийгөө ч, намаа ч хамгаална. Олны итгэл байгаа цагт бид энэ бүхнийг давж гарах үүрэгтэй. Та санаж байгаа бол сонгуулийн өмнөхөн манай нам дээр маргаан гарч байсан шүү дээ, удирдлагын. Тэр маргааныг шийдвэрлэх хоёр арга тухайн үед байсан. Эхнийх нь, маргаан гаргаж байгаа талтай  эвлэрээд, одоогийн улстөрийн аргаар тохирч  наймаалцахыг хүмүүс зөвлөж байсан. Тохирчихооч гээд л…улстөр ийм л байдаг. Та нар шууд л УИХ гишүүн болчихооч гэж байсан. Энэ бол эхний хувилбар. Бид нар нухацтай бодож байгаад “үгүй” гэж шийдсэн. Яагаад гэвэл ХҮН нам олон хүний итгэлийг хураасан байсан. Хүмүүс одоогийн байгаа намаас өөр нам, өөр зарчмыг хүсэж байсан. Иргэд үүнийг л хүсч дэмжиж байсан болохоос зүгээр л нэг гуравдагч хүчнийг дэмжээгүй юм. Бид тухайн үедээ өөрсдөдөө хохиролтой ч, хоёрдахь замыг сонгосон.  Иргэд, дэмжигчидээ бид хүндэлж, тэдэнтэйгээ хамт үлдсэн. Үнэхээр бид намаараа сонгуульд орж чадаагүй. Увайгүй, дүрмээ зөрчсөн хүмүүстэй хатуу тэмцсээр байгаад бид хамтдаа унасан ч, намаа цэврээр нь авч гарсан. Зүйрлэвэл олны итгэл зүтгэлээр аятайхан онгоц бүтээчихсэн  чинь жолоодлого удирдлагыг маань булаацалдсан хэрэг юм.

Монголын улстөрийн намуудыг харахад зүй тогтлоороо хөгжиж буй нь цөөхөн. Голдуу л нэг хүний мэдэлд байх жишиг бий болжээ. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намаас жинхэнэ нам утгаараа оршин тогтнож буй хэдхэн нам байх шиг. Тэдэн дундаас жин багатай ч Б.Цогтгэрэл  даргатай МҮАН-ыг зөв зохисын дагуу явж байгаа нам гэж хардаг. Хамтын шийдвэрээр дарга цэргээ сольдог талаас нь онцолж байна. Янз бүрээр хэлэгдэж байдаг ч гэсэн МАН, АН-ын хувьд даргаа сольдог. Энэ талаасаа хувийн чанар агуулсан дээрхи олон намаас ялгардаг ч бас асуудалгүй биш. Фракц бүлгүүдэд асар их хуваагдсан энэ хоёр намыг сонгомол утгаар нь нам гэж харахад төвөгтэй. ХҮН  намын хувьд ярихад энэ бүхэнд хутгалдаагүй байж болох нам гэж сондгойрч харагдаж байна гэж хэлж болох байх?

-Дахиад хэлье. Улстөрийн нам гэж юу гэхээр хоёрхон зүйл хийх ёстой. Нэг нь хөгжлийн бодлого концепци, нөгөөх нь том үзэл баримтлал байх ёстой. Тэр нь манай улс төрийн намуудад байна уу. Байхгүй. Тухайлбал Ардын нам юу бодож байгааг би мэдэхгүй байна. Тухайн үедээ л шийддэг. Тэр үеийнх нь сайд нь л шийддэг. Ардчилсан нам ч гэсэн яг яах гэж байгаа нь таагдашгүй явж ирсэн. Нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхээ одоо болтол тодорхойлоогүй. Тиймээс ч асуудлыг шийдэж ирээгүй. Ардын нам ч адилхан. МАХН  яахыг бас мэдэхгүй. Гэх мэтчилэн бусад нь яахыг бид мэдэхгүй. Ийм намыг хэн хүрээлж, хэн очих вэ. Өөрийнх нь  дагалдагчид, өөрийнх нь ажилчид л очно. Иймэрхүү байдлаас таны хэлсэн хувийн нам үүсч байгаа юм.

Том намууд ээлжлээд сүүлийн 28 жил Монгол төрийн эрхийг барьж, жолоог атгалаа. Сүүлдээ фракц, фракцаараа Монгол Улсын салбарыг “хувьчлаад “ авчихлаа?

-Том нам чинь олон жижиг фракцын нэгдэл гэсэн үг. Хүннүгийн үед байсан аймгуудын холбоо чинь улс ч биш, юу ч биш байсан. Ийм нам засгийн эрхэнд гарахад юу ч шийдэж чаддаггүй. Тэгэхээр иргэд сонгогчид улс төрийн намаас нөгөө л бодлогыг шаардах хэрэгтэй. Сонгуулийн өмнө улс төрийн намууд засгийн бүтэц, тэнд хэн хэн сайдаар ажиллах, ямар бодлого хэрэгжүүлэхээ ил тод болгох цаг болсон.

2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам үүнийг тодорхой болгож, саналаа дэвшүүлнэ. Намын үзэл баримтлал маань тодорхой болсон. Удахгүй товхимол болгоод  оршил дүгнэлттэй нь хэвлүүлнэ. Хоёр үе шаттай нь гаргаж тавина. Үзэл баримтлал тодорхой байна. Хоёрдугаарт, Монгол Улсыг яаж хөгжүүлэхээ салбар салбараар нь тодорхой болгоно. Жишээлбэл, багш нарын цалинг хэрхэн нэмэх тухай тодорхой төлөвлөгөөг боловсруулсан байх ёстой. Ерөнхий сайд, боловсролын сайд, уул уурхайн сайд, гадаад харилцааны сайд, сангийн сайдад хэн хэнийг дэвшүүлж буйгаа 2020 оны сонгуулиар ил зарлана. Нэр дэвшиж буй хүн заавал манай намын гишүүн хүн байх албагүй. Тэр сайдад нэр дэвшиж буй хүн аль намд харьяалагддаг, юу хийх нь тодорхой байх ёстой. Дээрх үзэл баримтлал зарчмыг нь хүлээн зөвшөөрч Монгол Улсын төлөө зүтгэж чадахаар  мэдлэг боловсролтой чадалтай хүн хэн байна, тийм л хүнийг бид олж шигшиж дэвшүүлнэ. Энэ бол улстөрийн намын үндсэн зорилго.

Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн гуравдагч хүчний тухайд нэг шүүмжлэл сүүдэр мэт дагадаг. Өөрийн боловсон хүчингүй, эхний хоёр хүнийг нэрлэчихээд цааш явдаггүй гэдэг. Ийм нам улс орныг авч явж чадахгүй гэх юм байна гээд л. Ийм хорыг цацдаг. Таны ярьж байгаа зүйл арай өөр байх шиг байна. ХҮН нам сонгуульд ялалт байгууллаа гэхэд өргөн хүрээний асуудлыг  харж үзэх нь. Кадрын хомсдлын асуудал үүсэхгүй нь гэж ойлгогдлоо. Чадварлаг хүмүүсийг авч сонгож, сонгуулийн өмнө дэвшүүлэх юм байна, тийм үү?

-Нэг зүйлийг онцлон хэлэхэд боловсон хүчин байж болно. Гэхдээ тэр хүмүүс  салангад дур зоргоороо, тус тусдаа ажиллах ёсгүй юм. Үзэл баримтлал, концепци ,төлөвлөгөөг маш сайн боловсруулж, тухайлбал Боловсролын сайд болох хүн бол боловсролын салбарыг ингэж хөгжүүлнэ, багш нарын цалин үнэлэмжийг ингэж нэмэх ёстой гэдгээ зөвшөөрч, бид нартай хамтарч үзэл баримтлал, төлөвлөгөөгөө хамтран боловсруулсан тэр хүн  л сайд болох ёстой. Түүнээс биш энэ хүн мундаг хүн байгаа юм гээд шал өөр үзэл бодолтой    хүнийг томилох юм бол дахиад л эв нэгдэл алдагдана. Концепци, зарчим нь нэгтгэнэ. Өнөөдөр Монголын нөхцөлд хүмүүс яагаад нэгдэхгүй, дарга нар яагаад нэгдэхгүй байна гэхээр тэднийг нэг цул болгосон нэгдсэн ойлголт, концепци алга байна. Тиймээс дур дураараа, мэдлэгийнхээ хэмжээгээр, хөнжлийнхөө хэрээр том мөнгө эргэлдүүлэхийг хүсдэг. Энэ бол буруу зүйл юм.

Улс төрийн нам байгуулж улс төрийн сонгуульд оролцоно гэдэг  засгийн эрхийг авах эцсийн зорилго шүү дээ. Хоёр нам( МАН, АН) эрх барьсан олон жил улс орон уруудлаа. Тэд чадахгүй байна гэдгээ энэ он жилүүдэд харууллаа. Иргэд ч харлаа, ханалаа. Тэд улс орны асуудлыг шийдэж чадахгүйг анзаарсан учраас ХҮН нам Монголын Их улс төрд орж ирж байна гэж ойлгож болох уу?

-Тийм.Таны хэлж байгаачлан одоогийн намын хийж чадахгүй байгаа, шийдэж чадахгүй байгаа асуудал , мухардсан байдлаас улс орноо гаргахын тулд энэ хоёр намд нь элсэн ороод  намыг нь шинэчлэх асуудлыг бид хөндөөгүй. Шинэ хүн ороод ч шинэчлэгдэхээ нэгэнт өнгөрсөн байна, энэ хоёр нам. Анзаарахад, манай дарга нарын ярих төслийн хэмжээ дандаа томордог. Шав тавиагүй газар, яриагүй төсөл гэж алга.  Хандлага нь буруу болохоор бид нарыг, улс орныг улам л өрөнд унагаад байна. Түүнээс ч хүнд асуудал тосож байна. Энэ бол тусгаар тогтнол алдагдахад ойртсон. Том зээл, бүтэхгүй төсөл, бүтэхгүй амлалт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.

Нөхөн сонгуулийн давалгаагаар ХҮН  нам иргэж ирснээ зарлалаа гэж дүгнэж байна. Хэвлэлд бичсэнээр, эрх баригч МАН-ын захиалгаар нөхөн сонгууль эхний удаад хойшиллоо. Алсдаа болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ нь ХҮН нам болон бусад намуудыг нөхөн сонгуульд оролцох эрхийг хаасан үйлдэл боллоо. Цаад утгаараа ард нийтийн санал аль нам дээр очиж байна гэдгийг тандуулахгүй нь гэсэн улстөр судлаачдын таамаг байна?

-Нөхөн сонгуулийн эргэн тойрон дахь асуудал бол Монголын улстөр ямар түвшинд бохирдсон, жижигхэн сонирхолоороо том зүйлийг үл хэрэгсэж чаддаг болсны тод томруун жишээ. Нөхөн сонгууль болдгоороо болж, Хэнтий аймгийн сонгогчид төлөөллөө төрд бий болгож, үндсэн хууль бусад хуулийн дагуу явагдах л ёстой. Гэтэл улстөрийн нэг намын нэг бүлэглэлийн жижигхэн сонирхол юунд хүргэж байгааг бид бодитойгоор харж байна. Сонгогчдын сонгох эрхийг ч давхар зөрчлөө. Хамгийн том зүйл нь Монгол Улсад өнөөдөр үндсэн хуулинд заасан төрийн механизм ажиллахгүй байгааг бид харж байна л даа. Нэг намын улс төрийн өчүүхэн сонирхол, захиалгаар төрийн аппаратыг гацааж чадна гэдэг бол дампуурал.

Эрх барьж байгаа нам бүх шийдвэрийг өөртөө зориулсан хэлбэрээр гаргаж чадаж байна, ажиглаад байхад?

-Үүний шалтгаан нь намын толгойд үзэл баримтлал, бодлого байхгүйд оршино. Эрэмбэлсэн эрх ашиг гэж алга. Үүнийгээ тодорхойлоогүй цагт намын дарга хэн болно, аль фракц хүч түрнэ, тэр фракци, тэр дарга нарын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарна. Тэгэхээр улс орны эрх ашиг хохирох нь жам. Алсын хараа, улсын хөгжил орхигдож, фракцийн болон хувь хүний эрх ашгийг онцгойлж байна.

Итгэл найдвар гэж бий. Ард түмэн сүүлийн 28 жил найдаж энэ хоёр л намыг сонгосон. АН-д итгэл найдвар алдвал МАН-д, МАН итгэл алдарвал АН-ыг  сонгож ирлээ. Одоо юунд найдах вэ?

-Найдах зүйл бий. Монгол үндэстэн бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй.   Өнгөрсөн зууны эхээр л гэхэд Чингисийн Монгол мөхнө гэж Английн хэвлэлд бичиж байсан. Дэлхий нийтээр тэр нийтлэлийг хүлэээн зөвшөөрч байсан. Тэгсэн хэдий ч, өвчинд баригдаж, ядууралд идэгдэж, гаднын колончлолд дарлагдсан Монгол үндэстэн мөхөж, устах аюулаас золоор мултарсан. Хувь заяа нь түшсэн аз хийморьтой ард түмэн. Өнөөдөр бид ядуу ч , тэр үеэс ялгаа байна, бас. Эрүүл саруул 3,2 сая хүн ам байна. Дэлхий даяар суурьшсан мянга мянган монголчууд хилийн чанадад амьдарч байна. Өнгөрсөнийг өгүүлэх их хөлгөн түүх, ирээдүй рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлэл байна. Ийм байхад яагаад бид итгэл найдвараа алдана гэж. Өнөөдрийн асуудал, хэдэн дарга нарын авилгалыг том утгаар нь харах юм бол цаг зуурын жижигхэн үзэгдэл. Энэ ялзралыг даван туулна. Ийм эрч хүч, зориг, тэмүүлэл Монголын ард түмэнд бий. Тиймээс миний хувьд санаа зовохгүй байгаа. Яг энэ зөв зүйлийг эхлүүлэхээр тэмүүлж, чин хүслээр ажиллаж байгаа  нь Хөдөлмөрийн үндэсний нам юм. Бид нарт ямар нэгэн жижиг эрх  ашиг байхгүй. Бид улс орны төлөөх том зорилгоо улстөрийн жижиг наймаагаар арилжихгүй. Ард олны итгэл. Энэ л хамгийн чухал зүйл. Монгол Улс МАН, АН гэсэн хоёр намаар, энэ хоёр намын удирдлагын бүтцэд ойр байдаг цөөн боловсон хүчин, тэднээс сонгогдсон 76 гишүүнээр дутаагүй. Тэднээс зоригтой салах салья. Тэгэхээр сонголтоо шинэчилье. УИХ-д урьд өмнө сонгогдож байгаагүй гишүүдийг л сонгоод нэг үзье л дээ. Ингэж чадвал нам биш, Монгол Улс, Монголын ард иргэд л хожно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *