Б.Мөнхжаргал: Боловсролын салбарын чухал асуудал бол хүүхдийн хөгжил

10-р сарын 3, 2012 10:42 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 456

-Арвайхээр сумд цэцэрлэг, сургуулийн байр нэмж барих хэрэгтэй байна-

Б.ЭНХЗАЯА

 

   

Өвөрхангай аймгийн Боловсролын газрын дарга, доктор профессор Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тус аймагт улсын тэргүүний сургууль, цэцэрлэгүүд үйл ажил­лагаа явуулдгаараа онцлог. Мөн сургалтын чанар нь улсын дунджаас 12 оноогоор өндөр гарсныг онцолж байна.

 

-Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн бо­ловсролын байгууллагууд улсдаа тэргүүлэх болсон. Тэргүүний байгууллагыг удирдаж байгаа хүний сэтгэгдлийг сонсъё?

-Манай Боловсрол соёлын газрын үйл ажил­лагаа сүүлийн арав гаруй жил тогтмол амжилттай ажиллаж ирлээ. Бид айм­гийн Засаг даргын мөрийн хөтөлбөр жил жилийн үнд­сэн чиглэлд орон нутагтаа боловсрол соёлыг хөг­жүүлэх чиглэлээр олон томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүн бол нийслэлийн боловсролын байгууллагын хамгийн гол ажил болсон сургалтын  чанараараа сүүлийн арав гаруй жил улсдаа тэргүүн байрт шалгарч, энэ жи­лийн элсэлтийн шалгал­тын дүнгээр манай аймаг 512.7 онооны дундажтай шалгуулсан. Өөрөөр хэл­бэл, улсынхаас 12.7 оноо­гоор илүү шалгуулсан. Энэ үзүүлэлтээрээ улсад сур­галтын чанарын үзүүлэл­тээр II байрт явж байгаа нь манай аймгийн олон зуун багш, ажилчид, олон мянган сурагчдын хичээл зүт­гэлийн үр дүн. Ма­найхны хүүхдүүдийн сурах бололцоо жилээс жилд сай­жирч байгаа. Айм­гийн ерөнхий боловсролын сур­гуулийн 60-80 орчим хувийг их засварт оруулж, шинээр барьсан байгаа. Мөн цэцэрлэгийн барил­гын 80 гаруй хувийг шинэч­лэлээ. Дүгнээд хэ­лэ­­хэд манай аймгийн ерөнхий боловс­ролын сур­гууль, хүүхдийн цэцэр­лэгийн сургалтын орчин эрс сайжирсан.

 

-Өвөрхангайд боловс­ролын суурь анх тавигдаж байсан түүхийг сөхвөл?

-Анх 1922 онд Хайрхан­­дулаан суманд хоёр гэртэй, нэг сургагч багштай 30 хүүхэд хичээл­лэж эхэлсэн байдаг. Ха­рин өнөөдөр бол манай аймаг 30 сургуультай, мөн ийм тооны цэцэрлэгтэй, соёлын төв, номын сантай болж өргөжсөн байна. Ихэнх сургууль, цэцэрлэг интернетэд холбогдсон, орчин үеийн тоног төхөө­рөмжтэй. Цаашид аймгийн боловсролын бай­гуул­лага багш нарын­хаа мэргэжлийг дээшлүү­лэх, сургалтын орчныг сайжруулах, ялангуяа ир­гэд багш, сургуулийн үйл ажиллагаанд оролцдог, хяналт тавьдаг болжээ. Тэднээс үнэтэй санал гар­даг. Нэг үгээр хэлбэл, манай аймгийн боловс­ролын салбар хийж бү­тээсэн ажилтай, ам­жилттай хөгжиж явна. Өнгөрсөн 2010 онд айм­гийн орчин үеийн боловс­рол үүсч хөгжсний 90 жи­лийн ой тохиосон. Ойгоо угтаж сургуулийнхаа түү­хийг харуулсан ном гарга­сан. Өнгөрсөн дөрвөн жи­лийн хугацаанд бүх сургууль, цэцэрлэгийг байгууллагынхаа түүхийг судлуулж, хэвлэмэл ном болгож бичүүлсэн. Мөн “Зураг түүх өгүүлнэ” гэсэн ном бүтээсэн. Би өөрөө хүмүүстэйгээ хамтраад “Өвөрхангай аймгийн боловсролын түүх” гэсэн ном бүтээгээд байгаа.

-Танай аймгийн багш нар илүүдэлтэй байдаг гэж дууллаа. Тэднийг ажлын байраар хэрхэн хангаж байна вэ?

-Бид аймгийнхаа багш нарын чадварыг сайж­руулах, багшийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар үр дүн дээшлүүлэх чиглэлээр сүү­лийн гурван жил айм­гийн бүх сургууль, цэ­цэр­лэг, соёлын байгууллагад бүрэн шинжилгээ хийсэн. Энэ ажил ихээхэн үр дүн­тэй болсон. Хяналт шинжилгээ хийхээс өмнө бо­ловсролын сал­барынхнаа бичиг барим­тад шалгалт хийхэд айм­гийн хэмжээнд 200 гаруй багш багшлах эрхгүй бай­сан. Тэдний заримыг хөр­вөх чадвартай болгож, мэр­­гэжил дээшлүүлж байна, нэг хэсэг нь давхар суралцаж байна. Тиймдээ ч манай аймагт багшлах боловсон хүчин илүү­дэлтэй байгаа. 569 багш ажилд орох хүсэлт гарга­сан. Монгол хэл, уран зохиол, түүх нийг­мийн ухаан, гадаад хэл, биеийн тамир гэсэн хичээлийн багш нар маш илүүдэлтэй. Харин дуу хөгжмийн багш аймаг төдийгүй улсын хэмжээнд хэрэгтэй байна. Орчин үеийн сургалтад хүн төлөвшүүлэх талаасаа дуу хөгжмийн хичээл чу­хал үүрэгтэй байдаг. Гэтэл манай аймгийн хэмжээнд энэ чиглэлийн 14 багш дутагдалтай байна. Мөн сүүлийн үед математик, хими физикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтад ажиллах, хүүхдийг хөг­жүү­лэх чадвартай цөөн тооны багш ч бас хэрэгтэй байна.

-Багшлах боловсон хүчнийг ажилд авахад нээлттэй байдаг гэж нут­гийн иргэд ам сайтай бай­на. Төрийн албан хаагчдын ажлын байрны асуудал багагүй хэл ам таталдаг. Танил тал, хээл хахуулиар орчихлоо гээд?

-Манай боловсролын салбарт 1500 гаруй багш ажиллаж байна. Ер нь жилд дунджаар 55-60 хүний орон тоо боловс­ролын салбарт гардаг юм. Гэтэл 300-500 хүн багшийн мэргэжлээр төгсч ирдэг. Ингэхээр боловсон хүчний хүрэлцээ хангамж нэмэг­дэх тусам өрсөлдөөн бий болдог. Энэ бол маш сайн. Энэ жил гэхэд манай аймагт улсын сургуулийг 320 багш шинээр төгсч ирсэн. Цаана нь хувийн сургуулийг төгссөн залуус ч бий. Гэтэл 64 орон тоо байдаг. Гэвч тэдний мэд­лэг боловсрол харилцан адилгүй байна. Өөрөө мэд­лэг дутуу хэрнээ хүүх­дүү­дэд хичээл зааж байна. Үүн­ийг эцэг эх, иргэд ихээр шүүмжлэх болсон. Тиймээс Боловсролын соёлын газрын даргын тушаалаар 12 салбар комис­сыг байгуулаад,  мэр­гэжлийн төвшин тог­тоох шалгалт авч эхэлсэн. Гэтэл өнгөрсөн 2009 онд сургууль төгссөн багш нарын дөнгөж 28 хувь шал­галтад тэнцсэн. Харин энэ жил 50.9 хувь нь тэнцлээ. Сүүлийн хоёр жил багшийн ажилд со­нир­холтой, их дээд сур­гуульд амжилттай суралцсан чадвартай за­луус нэмэгдсэн нь сайн үзүүлэлт. Ингээд төвшин тогтоох шалгалтаа авсаны дараа 64 ажлын байртаа хэрхэн хуваарилах нь чу­хал. Өмнө нь сургуулийн захирлууд нь томилоод авчихдаг байсан, үүнд янз бүрийн хардлага, хэл ам гардаг байлаа. Харин одоо багшлах ажлын байрны шалгаруулалтыг айм­гийнхаа Хөгжимт драмын театрт олон түмэнд нээлт­тэй, ил тод шударгаар за­луусыг өрсөлдүүлж зохион байгуулах болсон. Ажил олгогч ерөнхий боловс­ролын сур­гуулийн захирлууд хуу­лийн дагуу боловсон хүчнээ сонгож авна. Гэх­дээ ямар үндэс­лэлээр авч байгаагаа олон нийтэд хэлнэ. Ингэхээр харь­цангуй шударга, ил тод болж байгаа юм.

-Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр байх юм?

-Манай аймгийн су­муу­дад хүрэлцээ сайн байгаа. Харин Арвайхээр сум нүүдэл суудал, шил­жилт хөдөлгөөн ихтэй учир 800-1000 хүүхдийн цэцэр­лэгийн байр зайлшгүй шаардлагатай байна. Мөн 1000 хүүхдийн хоёр хичээ­лийн байр хэрэгтэй байна. Мөрийн хөтөлбөрийн хуга­цаанд 1000 гаруй хүүх­дийн суудалтай хи­чээ­лийн байр ашиглалтад орсон. Мөн өнгөрсөн жил 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээгдсэн. Гэвч Арвайхээр сумын ерөнхий боловсрлоын I, II сургууль эргээд 2000 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. Ингэхээр нь сур­галт сонгон, мэдээллийн төв ажиллуулах бо­ломжгүй болчихдог.

-Сумдад 11 жилийн сургалттай сургууль хэр байдаг вэ. Зарим сум есөн жилийн сургалттай байх нь бий?

-Манай аймаг улсдаа онцлог. Бүх сумуудад 11 жилийн ерөнхий боловс­ролын сургуультай. Хар­хорин суманд ерөнхий боловсролын гурван сур­гууль хичээллэж байна. Гэсэн ч зах зээл, төв­лөрөлөө дагаад Арвайхээр сум руу хөдөөнөөс шил­жин ирэгсэд маш их байна.

-Багш нарын мэр­гэжлийн чадварыг дээш­лүүлэ­хэд юунд анхаарч байна вэ?

-Манай багш нарын мэдлэг боловсрол, ур чадвар улсын хэмжээнд өндөрт тооцогдох болсон. Жилд 60 орчим хувь нь сургалтад хамрагдаж байна. Манай аймгийн багшийн ур чадвар бүс нутаг Өмнөговь, Дунд­говь, Архангай, Төв, Булган аймагт математик, гадаад хэл, технологийн сургалтын чиглэлээр олим­пиад уралдаан тэм­цээн явагдаж байна. Үүнд оролцсон манай багш сурагчид байнга тэргүүлэх амжилт үзүүлж байна. Улсын хэмжээнд манай аймгаас олон багш улсын аварга болж, медаль хүртэж байсан. Сурагчид олон улсын олимпиад тэмцээнд амжилттай оролцдог. Ингээд харахад аймгийн багш нарын чад­вар, мэргэжлийн төвшин боломжит төвшинд бай­гааг харж байна. Энэ чанарын нэг үзүүлэлт бол дээр хэлсэнчлэн сур­галтын чанараараа улсын төвшнөөс 12 оноогоор илүү байгаа явдал юм.

-Улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн тал хувь нь танай аймгийнх гэж дуулсан?

-Өнгөрсөн жил манай аймгийн “Мэргэд” сур­гууль улсын тэргүүний сургууль, аймгийн Ху­жирт сумын II цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг болсон. Тэдний үйл ажил­лагаатай тэнцэхүйц олон сургууль, цэцэрлэг ард нь бий. Манай багш нар, удирдах ажилтнууд чадлынхаа хэрээр хичээж зүтгэж сайн ажиллаж байгаа.

-Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Мэдээж ололт ам­жил­таас гадна бэрхшээл байлгүй яахав. Хамгийн түрүүнд хүүхдийн цэцэр­лэгийн тоог нэмэх хэ­рэгтэй байгаа юм. Одоогийн залуу гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийе гэхээр өгч чадахгүй байна. Тиймээс манай аймаг төдийгүй улс цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Үүнийг холбогдох газруудад санал тавьж байгаа. Мөн Арвай­хээр сумын ерөнхий бо­ловсролын сургуулийн хичээлийн байрны хүчин чадлыг өргөтгөх хэрэгтэй байна. Үдээс хойш сур­гууль дээр хичээл сур­галтын үйл ажиллагаа явуулна гэхээр анги хүрэл­цэхгүй, хоёр ээлжтэй хичээллэж байна. Цаа­шид улс багш нарын мэр­гэжил дээшлүүлэх асуудалд хөрөнгө зармаар байна.

-Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хэр хийг­дэж байна. Энэ жил тус салбарын төсвөөс танагдсан шүү дээ?

-Боловсрол соёлын газрын төсвийн асуудал ихээхэн төвөгтэй. Боловс­ролын газрын дарга, сур­гууль цэцэрлэгийн удирд­лагууд төсвийн талаар эрх мэдэлгүй байгаа юм. Дээ­рээсээ төсөв шийдэгдээд хуваарилагддаг болохоор нэг багш хэдэн ширээ авъя гэхэд эрх мэдэл байхгүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Орон нут­гийн­хан төсвөө зарцуулдаг бол илүү үр дүнтэй гэж боддог.

-Таныг спортын мастер цолтой гэж дуул­сан. Өсвөрийн бөхчүүдийн дэвжээг санаачлан бай­гуулсан гэсэн. Салбар хариуцсан газрынхан хүүх­дийн хөгжлийг хэр чухалчилдаг вэ?

-Боловсролын салба­рын чухал асуудал бол хүүхдийн хөгжил. Нэг үе сургуулийн хүүхэд хөгжүү­лэх ажилд доголдол гар­даг, дээр үеийн дуу бүжгийн хамтлаг байхгүй болчихсон байлаа. Тий­мээс 2009 оноос аймгийн Боловсрол соёлын газрын дэргэд дуу бүжгийн гүнзгий сургалттай анги хичээллүүлж эхэлсэн юм. Одоогоор дугуйланд 100 орчим хүүхэд хичээллэж байна. Авьяаслаг сурагчид маань олон уралдаан тэм­цээнд амжилттай орол­цож, өнгөрсөн жилийн нийслэлийн харшийн сүлд модны наадамд урилгаар 14 хоног бүжиглэлээ. Мөн манай аймагт нэг үе бөхийн сургалт хичээл багасаад бөхчүүдийн ам­жилт буурч байсан. Тийм болохоор өөрөө санаачлаад “Их монголын хүчтэн” дэвжээг нээж ажиллуул­сан юм. Гурван жилийн хугацаанд манай бөхийн дэвжээний хүүхдүүд аймгийн аварга болсон байна. Үнэхээр манай аймгийн хүүхдүүд авьяастай. Манай аймгийнхан ч авьяастай. Монгол Улсад сийлбэ­рийн чиглэлээр гавьяат цолтой таван хүн байдаг. Тэд бүгд манай аймгаас төрсөн. Энэ байдлыг судлаад Арвай­хээр сумын II сур­гуулийн дэргэд хүүхдийн урлан бүтээх анги хичээл­лүүлж эхэлсэн. Цаашид хүүхэд хөгжүүлэх чиглэ­лээр олон ажил зохион байгуулах бодолтой байгаа. Боломж ч бий. Өвөрхангай аймагт орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг өнгөрсөн 2010 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Дашдорж багшийн нэрэмжит улсын мате­матикийн олимпиадыг зохион байгуулахад мате­матикийн олимпиадын түүхэнд хамгийн олон орол­цогчидтой, хамгийн ширүүн өрсөлдөөнтэй уралдаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Хүүхдийг хөгжүү­лэх тал дээр анхаараад хөрөнгө мөнгө, сэтгэл гаргаад ажиллахаар хөгждөг юм байна.

 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Pastilla Cialis Viagra cialis tablets for sale Cialis Composizione Where Can I Find Avanafil Cheaper Viagra Medicament

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *