Б.Мөнх-Эрдэнэ: Хүний хөгжил нь улсын хөгжлийн суурь болдог

11-р сарын 13, 2017 7:45 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 10
11-13-1

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор“Монкоул петро майнинг” компанийн борлуулалт хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрээр Монгол Улсын хөгжил үйлдвэрлэл, худалдаа, хүний болон технологийн хөгжлөөс хамаардаг тухай ярьсан юм.

ХАРЬЦАНГҮЙ ДАВУУ ТАЛАА АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

Манай улсын эдийн засаг тогтвортой байхын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд улс төрийн хүрээнд хууль эрх зүйгээр нь дэмжих учиртай. Эдийн засгийн онолоор нь яривал, олон улсын худалдааны үнэмлэхүй болон харьцангүй давуу талыг тооцох ёстой.

Тухайлбал, их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй бол түүнийгээ импортоор авах нь илүү ашигтай байна. Энэ нь эдийн засгийн онолын харьцангүй давуу тал шүү дээ. Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа хөгжүүлэх хамгийн чухал алхам нь байгалийн баялгаа үнэмлэхүй давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Мөн манай улсын хувьд  хөдөө аж ахуй, газар тариалан суурь эдийн засаг гэдэг. Үүнийг ч мөн үнэмлэхүй давуу тал болгох боломж бий.

Одоогоор эдийн засгийн бүтцийн 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай байгаа хэдий ч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3500 ам.доллар байна. Манай урд хөрш нэг тэрбум гаруй хүн амтай, нэг хүнд 8700 ам.долларын өртөг бүхий дотоодын нийт бүтээгдэхүүн ногдож байгаа юм. Монгол хүний бүтээмж хятад хүнийхээс гурав дахин бага байна гэсэн үг. Мөн хятад хүн бүр сайхан амьдрах ёстой гэсэн зорилготой. Харин манай улсын хувьд хүний хөгжил болон үйлдвэрлэлийн салбарт улс төрийн бодлого буруу явж байна.

Тухайлбал, 2008 оны эдийн засгийн хямралын үед АНУ “Эдийн засгийн хямралыг хэрхэн давах вэ” гэдгээ төлөвлөсөн. Тухайн үед түүнийг нь хараад маш их гайхсан. Учир нь нийт төсвийнхөө 70 хувийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар төлөвлөсөн байгаа юм. Гэтэл манай улс нийт төсвийнхөө 80 хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан. Өөрөөр хэлбэл, хямралыг давахын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлого явж байгаа хэрэг. Харин америкчууд нэгэнт хямарсан үед хүмүүсээ хөгжүүлж боловсролтой болгоход анхаарах хэрэгтэй гэдэг бодлого баримталсан. Мөн эрүүл байх ёстой гэдэг зарчмыг барьж ажилласан байдаг. Ингэснээр улсынхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэх боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ маш хурдтайгаар эдийн засгийн хямралаас гарч чадсан юм.

БЛИЦ Боловсрол: МУИС-ийн Эдийн засгийн их сургууль, Мэргэжил: Бизнесийн удирдлага, Ажлын туршлага: “Lead talks” төслийн ахлагч, “Монкоул петро майнинг” компанийн борлуулалт хариуцсан захирал

ИМПОРТЫН ЭДИЙН ЗАСГААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

Ер нь хямарсан зах зээлийн бааз дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр мөнгө зарцуулах нь өрийн дарамтыг үүсгэдэг гэдгийг бид харж байна. Тэгвэл манай улсын эдийн засгийн болоод улс төрийн бодлого буруу гэсэн үг. Тиймээс алдаагаа засч ирээдүйн хөгжлийн төлөөх бодлогыг боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл, буруу бодлогын уршгаар импортын эдийн засгийг хөхиүлэн дэмжсээр ирсэн. Одоо үүнийг засах ёстой.

Нөгөөтэйгүүр их хэмжээгээр, хамгийн бага өртөгөөр үйлдвэрлэж чадахгүй бүтээгдэхүүнийг импортлох нь зайлшгүй юм. Үйлдвэрлэлийн үндсэн суурь хөгжил нь түүхий эд нь дотоод зах зээл дээр байдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр бий болно. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарт илүү давуу тал байна гэсэн үг. Гэхдээ аливаа бараа, бүтээгдэхүүнийг хамгийн бага өртөгөөр борлуулах нь хямралаас гарах гарц. Гэтэл манай улсад тээвэрлэлтийн асуудал тулгамддаг. Улсаас үйлдвэрлэл хөгжүүлэх нэрийдлээр хөрөнгөө цацахын оронд дэд бүтэцээ барихад зарцуулах нь илүү оновчтой бодлого болно. Тухайлбал, олон жилийн туршид гацааж байгаа төмөр замаа барих ёстой. Ингэснээр манай улсаас экспортод гаргадаг бүтээгдэхүүний өртөг зардал буурч олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ энэ нь эргээд Монгол Улсын эдийн засаг цаашилбал, улсын хөгжилд томоохон хөшүүрэг болох юм.

ИННОВАЦИ БУЮУ ДАВХАР ИРГЭНШИЛ

Инновацийн салбар манай улсад хөгжих өндөр боломж бий. Харамсалтай нь энэ салбарыг хөгжүүлэх алхам хийхгүй байна. Энэ салбар хүний оюун ухаанд тулгуурлаж хөгждөг. Бид өөрийгөө хөгжүүлж, боловсорч байгаа залуусаа ашиглахгүй байна. Гадаад улс оронд амьдарч ажиллаж байгаа залуусаа эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж чадахгүй байна. Жишээлбэл, Германд ажиллаж амьдарч байгаа монгол бүсгүй бий. Тэрээр тус улсын нэг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч болсон байна. Хэдийгээр хүний нутагт ажиллаж, амьдрахын эрхээр иргэншлээ сольсон ч эх орноо хөгжүүлнэ гэсэн сэтгэл түүнд байдаг. Энэ мэтчилэн залуусынхаа оюуны чадамжийг, хүч хөдөлмөрийг инновацийн салбарт цаашилбал, эх орныхоо хөгжилд ашиглана гэвэл давхар иргэншлийн асуудлыг маш нухацтай бодож бодлогоо тодорхойлох хэрэгтэй гэж боддог.

ТУЙЛШРАЛ БУЮУ МЭДЛЭГ

Сүүлийн үед зарим хүмүүсийг хэт туйлширч байна гэж шүүмжилдэг болсон. Энэ нь ард түмний буруу биш юм. Яагаад гэвэл, цахим орчинд гарч байгаа мэдээллийг хэвлэл мэдээлэлтэй харьцуулах нь өрөөсгөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас төрийн алба, төрийн түшээд нь цахим орчинд болж байгаа зүйлийг бодит мэдээлэл мэтээр хүлээн авч, ажлаа хийдэг болсон нь харамсалтай. Тэгэхээр цахим орчинд тарж байгаа зүйл нь мэдээлэл үү, мэдлэг үү гэдгийг ялгах учиртай. Үүний тулд залуус хандлагаа өөрчлөх ёстой юм. Зөв хандлагыг хөгжүүлснээр бодит байдалд гарах үр дүн нь эерэг байна. Хэрэв хүмүүс мэдээллээр бус мэдлэгээр аливаад ханддаг бол хэт туйлшралд автахгүй. Хэт туйлшралын уршиг нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Өөрөөр хэлбэл, ажил хийж байхад огт алдаа гаргахгүйгээр хийнэ гэж хэзээ ч байхгүй. Гэтэл түүнийг нь өлгөж аваад шүүмжлээд байвал хүн хөгжиж, боловсроно гэдэг маш хэцүү.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ЧУХАЛ

Хэрэв ирээдүйд улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд боловсролынхоо системийг сайжруулах, төрөөс доривтойгоор анхаарлаа хандуулах учиртай. Манай улс бүх шатанд хүний эрхийг зөрчдөг. Тухайлбал, дөрвөн жилийн турш их, дээд сургуульд сурч төгссөн хүнийг ажилд авах газар олддоггүй. Төрийн байгууллагаас нь эхлээд хувийн хэвшил нь гадаадад сурсан оюутныг ажилд авах шалгуур тавьдаг. Түүнчлэн гадаадад манай боловсролын системийг хүлээн зөвшөөрдөггүй. Тодруулбал, дээд боловсролтой Монгол хүнийг мэргэжлээр нь ажиллуулах гадны улс байдаггүй. Эндээс харвал, улс нь залуусынхаа дөрвөн жилийг хулгайлчихаж байна шүү дээ. Тиймээс хүний хөгжлийг ахисан төвшинд хүргэх тухай ярих боломжгүй гэсэн үг. Тэгэхээр улсынхаа хэмжээнд хүн амаа хэрхэн хөгжүүлэх вэ, олон улсад яаж хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой болгох вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй.

ХҮН АМЫН БҮРТГЭЛИЙГ МАШ САЙН ХИЙХ ЁСТОЙ

Хөгжил гэдэг нь бүртгэлээс эхэлдэг. Манай улсын хувьд малаа тоолсон боловч хүнээ тоолж чадаагүй байна. Хэдийгээр статистикчид 3.2 сая хүнтэй гэж байгаа ч тэр нь бодит тоо гэдэгт эргэлздэг. Учир нь “А” гэдэг иргэн хоёр газар зэрэг бүртгэлтэй байх нь бий. Мөн нас барсан хүнийхээ нэр дээр тэтгэмж авч байгаа гэх мэтчилэн сонгуулийн үеэр хамгийн их ярьдаг зөрчил. Гэтэл Солонгос улс бүх хүмүүсээ бүртгэлд хамруулж улсаа хөгжүүлсэн түүх бий. Гэтэл манай улс хүн амынхаа бүртгэлийг ч хийж чадахгүй байна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган хүн байгаа гэдэг. Гэвч мэдээллийн нэгдсэн дата байдаггүй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай эсэх, ямар ангилалд хамрах, хүүхэдтэй эсэх гэх мэтчилэн нарийвчилсан судалгаа байхгүйгээс тодорхой зорилтот бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс хэт хавтгайрсан халамжийн бодлого давамгайлснаар эдийн засгийн хувьд хүндрэл гарах нэг элемент болж байна гэсэн үг. Хэрэв бүртгэлээ маш сайн хийж чадвал, халамжийн зардал нь тодорхой болно. Энэ үед хүмүүсийн хардлага, шүүмжлэл алга болох учиртай.

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУЛГУУРЫГ БҮТЭН БОЛГО

Манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлоогүйгээс алдаа гарч байгаа хэрэг. Олон улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ санхүүгийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс босгодог. Гэтэл манайх энэ зах зээлийг хөгжүүлж чадаагүй. Монголын Хөрөнгийн биржийг өдөрт 50 сая төгрөгөөр савлуулж болох эмзэг зах зээл. Тэгэхэд улс хөгжихийн тулд санхүүгийн бодлого маш чухал байдаг. Санхүүгийн зах зээлийг мөнгөний буюу хөрөнгийн гэж хоёр хуваадаг. Манай улс энэ салбарын хоёр тулгуурын нэгийг нь хөсөр хаясан гэхэд хилсдэхгүй. Ингэснээр санхүүгийн салбар нь доголон байхын зэрэгцээ зөвхөн бэлэн мөнгө, хүүтэй харьцдаг нийгэмд амьдарч байгаа нь эрсдэл дагуулдаг гэдгийг ойлгох ёстой. Хэрэв манай улсын хөрөнгийн зах зээл хөгжвөл хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийж эхэлнэ. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж, хүүний дарамтаас ангид байх боломж. Тухайлбал, 100 ажилтантай үйлдвэр байгууллаа гэхэд олон нийтийн компани болгон хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа эсвэл бонд арилжаалах замаар хөрөнгийн эх үүсвэрээ босгоно шүү дээ. Харамсалтай нь бидэнд ийм боломж алга. Тиймээс үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлэхийн тулд мөнгөний зах зээл буюу арилжааны банкнаас хараат байдлаар ажиллаж байгаа юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд хүний хөгжлийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх. Түүний дараа харьцангуй давуу талаа ашиглах. Санхүүгийн тулгуурыг бүтэн болгох хэрэгтэй юм. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих суурь бий болно. Энэ нь импортын эдийн засгаас татгалзах эхний алхам болж ирнэ. Мөн хэт туйлшрал нь аливаа ажлыг хойш татах эрсдэл гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *