Б.Хишигбат: Олон намын тогтолцоо, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө сэргээсэн

12-р сарын 10, 2015 9:13 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 138
12-10-2х

Монголын Ардчилсан Холбооны ойд

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Монголын Ардчилсан Холбооны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Энэ удаад Монголын АрдчилсанХолбооны партизан, анхдагч гишүүдийн нэг Б.Хишигбаттай ярилцлаа.

Ардчилсан хувьсгал хийхэд Монголын Ардчилсан Холбоо ямар үүрэгтэй оролцсон бол. МонголынАрдчилсан Холбоо хэрхэн үүсэж, бий болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би 1989 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монголын Ардчилсан Холбоонд элсэж байсан. Монголын Ардчилсан Холбоог байгуулах нь тэр үеийн нийгмийн захиалга байв. Тухайлбал,1989 оны арванхоёрдугаар сарын 6-нд Эрдэнэтэд орос биш монголчууд өөрсдөө үйлдвэрлэлээ эхлүүье. Ер нь Оросын колончлолтой байна гэсэн улс төрийн шаардлагыг тавиад, бүгд хурал тар гэсэн мэдэгдлийг Эрдэнэтийн иргэд гаргасан. Дараа нь Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд сургалтын баг хэт үзэл сурталжсан, улстөржиж мэргэжлийн хичээлүүд орохгүй байна гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, намын үзэл суртлын ажил ихдэж, боловсролын асуудал багасаж байна гээд улс төрийн товчоог огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө мөн залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөн болж, хүмүүсийн хэлдгээр тэрсүүд үзэлтэй, стандарт бус сэтгэлгээтэй залуус залуучуудын ардчилсан холбоо байгуулна гэх нэрийн дор ярилцаж эхэлсэн. Э.Бат-Үүл, С.Амарсанаа нарын удирдаж байсан шинэ үе гэж нэг хэсэг байв. Мөн Б.Билэгт нарын удирдаж байсан бөмбөрцөг клуб нэгдэх саналыг гаргасан. Би 84 дүгээр сургуулийн нийгэм судлалын багш мөн Монголын хувьсалт залуучуудын эвлэлийн хорооны дарга байлаа. Эвлэлийн ажлынхаа дагуу тэр зөвлөгөөнд оролцож таарсан. Тэр үед Ц.Элбэгдоржийн индэр дээр гарч ирээд хэлсэн үг, Ц.Балхаажав тэргүүтэй намын төв хорооныхны асуултад хариулж байгаа байдал нь нэлээд эрэмгий зоригтой байсан нь их таалагдсан. Ингээд Монголын Ардчилсан Холбооны хуралд оролцож эхэлсэн түүхтэй.

Тухайн үед цаг хатуу байсан. Гэтэл тэр олон хүнийг цуглуулах, удирдан зохион байгуулах ажлыг яажзохион байгуулж байв?

-Монголын Ардчилсан Холбоо 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд жагсаал, цуглаан хийхдээ 350-400 хүнийг одоогийн Улаанбаатар чуулгын талбай дээр цуглуулсан. Эвлэлийн хороон даргын хувьд миний бие 8-10 дугаар ангиудаар явж “Цуглаан болох нь оролцож болохгүй. Эцэг, эхдээ оролцохгүй байхыг хатуу анхааруулаарай. Эвлэлийн хяналт, шал­галтад өртвөл сургуультай чинь ярина шүү” гэх зарыг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, хориглосон зар явуулах хэлбэрээр ийм үйл явдал болно гэдгийг мэдээлсэн. Би 84 дүгээр сургуулийн багш Дугар, Дүгэрээ, Энх- Амгалан, Цэрэндоржтой эвлэлийн пост гаргах нэрээр жагсаалд оролцсон. Манай сургуулийн сурагчид, багш нар ч очсон байсан. Тэр цуглааны зургийг харвал нэгдүгээр фронтод Д.Сосорбарам тэргүүтэй драмын театрын жүжигчид, хоёрдугаар фронтод Д.Дорлигжав тэргүүтэй эвлэлийн төв хорооны ажилтан, албан хаагчид оролцсон байдаг. Би ардчилсан холбооны гишүүн гэдгээ нуугаад, эвлэлийн хо­роо­ны ажилтан байд­лаар оролцсон. Энэ үед Ардчилсан холбоо зохицуулах зөвлөлөө зарлаад, анхны өргөх бичгээ АИХ-ын тэргүүлэгчид болон намын төв хороонд өгсөн. Энэ бол Монголын Ардчилсан Холбоо үүсгэн байгуулагдсан бас ардчилсан хувьсгал өрнөсөн өдөр гэж хувьдаа бодож явдаг. Энэ цуглаанаас хойш хэд хэдэн хөдөлгөөн ч байгуулагдсан.

Ардчилсан хувьсгалын ач холбогдол гэвэл өнөөдөр олон зүйлийг ярих байх. Тэр дундаас онцлоодхэлбэл?

-1989 оны хувьсгал нь Москвад төвтэй Монголыг бие даасан улс болгож, Москвад ханиахад Улаанбаатарт найтаадаг байсан тогтолцоог байхгүй болгосон. Мөн олон намын тогтолцоотой болж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө сэргээж чадсан. Тусгаар тогтносон Монгол Улсыг бодит хэв шинжээр нь хөгжүүлэхээр зорьсон. Энэ хувьсгалын үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргыг бид адалсан мэт ярьдаг. Үнэндээ тухайн үед Ю.Цэдэнбал ба түүнийг тойрон хүрээлэгчдийн асуудал яригдаж эхэлж байхад Ю.Цэдэнбалаас цэвэрлэгдэхийн тулд одоогийн МАН буюу МАХН өөрсдөө залхаан цээрлүүлж, тэр хүнийг шийтгэсэн. Намын төв хорооны шийдвэрээ үндэслээд маршал цолыг нь хүртэл хураасан. Дараа нь Ж.Батмөнх гуайг одоогийн МАН-ынхан тоосон ч биш, тоогоогүй ч биш байсаар улс төрийн тавцангаас нь түлхсэн. Ер нь энэ бүхнийг ярьвал МАН-ын үйл ажиллагаа нь хүнийг залхаан цээрлүүлэх, цөлөх тогтолцоогоор явсан шүү дээ.

Түүхийг эргэн сөхвөл олон хүндрэл, бэрхшээлийг туулж арчилсан хувьсгалыг хийсэн байдаг. Үнэ цэнтэйолдсон тэр ардчилал өнөөдөр тэр үзэл баримтлалаараа явж чадаж байна уу?

-Бидний зорьж явж байгаа хувьсгал ардчилсан, шударга, бүтээлч, тэгш эрхийг хангасан байх ёстой юу гэвэл ёстой. Энэ хувьсгалаар хүмүүсийг өмчтэй болгох асуудал тавьсан. Тухайн үед 112 машин эзэмшдэг байсан хүмүүсийг феодал гэж үздэг байв. Харин одоо эсрэгээрээ хувийн машингүй хүн цөөн болжээ. Малыг малчдад өгсөн. Үр дүнд нь малчид өөрийн бүтээлч хөдөлмөрөөр 56 саяд хүргэлээ шүү дээ. Ардчилал гэдэг өөрөө зохион байгуулалттай нийгэм. Зохион байгуулалттай нийгмийн нэг институц нь улс төрийн нам. Улс төрийн намуудыг чанаржуулах цаг нь болсон. Улс төрийн намуудын талаар яривал их зүйл тайлбарлаж ярих хэрэгтэй болно.

Нэгэнт тантай уулзаж байгаагийнх гаалийн салбартай холбоотой асуудлыг сонирхмоор байна.Тодруулбал, Замын-Үүдийн Гаалийн газраас гарсан талаар? 

-Би 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны наймдугаар сар хүртэл Улаанбаатар хотын Гаалийн газрын даргын алба хашсан. Бүтээлч хамт олныхоо үр дүнд хар тамхи, буу зэвсэг, хилээр хориглож, хязгаарласан барааг их хэмжээгээр илрүүлж чадсан байдаг. Татвар орлогын үзүүлэлт гэхэд нэг их наядыг хийсэн үзүүлэлттэй ажилласан. Энэ үед намайг Замын-Үүдийн Гаалийн газрын ажлыг сайжруулах үүрэгтэйгээр томилсон. Замын-Үүдийн Гаалийн газарт очиход 75-79 хувь буюу ажлаа сайжруулах үнэлгээтэй хамт олныг хүлээж авсан. Ингээд 2015 он гэхэд манай байгууллагад таван төрлийн шалгалт орсон. Шалгалтаар 81-85 хувийн үзүүлэлттэй болж сайжирсан дүн гарсан. Гэвч 2015 оны есдүгээр сард Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ээлжийн амралтыг боомилсон тушаал гаргасан. Дараа нь тэр тушаалаа сунгасан. Би энэ хоёр тушаалыг эсэргүүцсэн юм.

Яагаад эсэргүүцсэн гэж?

-Учир нь ээлжийн амралттай хүмүүсийг шилжүүлж болдоггүй. Олон удаагийн хурал дээр О.Ганбат даргын шийдвэрт хоёр зүйл орхигдсон байгааг хэлсэн. Нэгдүгээрт, төсөв хүнд байгаа үед нэгэнт ээлжийн амралтыг нь бодоод өгсөн хүмүүсийг амраахгүй бол тэр хүнийг ажлуулсан өдрүүдийн хөдөлмөрийн хөлсийг өгөөд төрийн сангийн өмнө өртэй үлдэх нь. Хоёрдугаарт, тодорхойгүйгээр эцсийн хугацаа тавихгүй үргэлжлүүлсээр байтал оны эцэст 13 дахь сарын цалин бодогдох болно. Иймд төсөв, санхүүд өр үүснэ. Тиймээс би олон улсын гэрээ конвенц болон холбогдох хуулиа баримтлаад хүмүүсээ амраасан. Гэтэл намайг тушаал эсэргүүцэгч гэсэн нэртэй болгосон. Үүн дээр үндэслээд О.Ганбат дарга надад захиргааны арга хэмжээ авсан. Тэр үед би Сангийн сайд Б.Болорт “Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ээлжийн амралтыг боомилсон нь буруу юм. Үүнээс болж төсвийн дансад ачаалал авчирна” гэсэн утгатай өргөдөл өгсөн. Сангийн сайд ч энэ ээлжийн амралт нь холбогдох хуулиуд зөрчсөн учраас ээлжийн амралтыг зогсоосон, сунгасан тушаалыг хүчингүй болго гэсэн албан тоот тушаал гаргасан. Гэтэл намайг удаа дараа эсэргүүцэл үзүүллээ гээд гурван сараар цалингийн 20 хувь хассан. Сангийн сайд нь тушаалаа хүчингүй болгосон байхад хүчингүй болсон эрхзүйн актаар надад ял зэм ногдуулж байгаа нь өөрөө буруу. Нөгөө талаас цалингийн 20 хувь хүртэл шийтгэлийн арга хэмжээ авах ёстой байтал 20 хувиар авсан. Энэ хоёр үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд хандахад, Б.Хишигбатын хууль сахиулах үйлдэл хийснийх нь төлөө явуулсан үйл ажиллагаанд ногдуулсан сахилгын шийдвэрийг хэрэгсэхгүй болго гэсэн бичиг өгсөн. Энэ үед мөн л намайг шийдвэр эсэргүүцсэн гэж албан тушаал бууруулсан. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт хийсэн гэж тайлбарлаад байгаа. Гэтэл бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Бүтцийн тухай танилцуулга хийж, биднээс санал асуулга явуулаагүй. Надад ч танилцуулаагүй. Өмнөх таван байгууллагын шалгалтаар ажлын үзүүлэлт сайн гарсан. Энэ нь шударга бус үйлдэл гэж үзээд одоо шүүхэд хандах гэж байна. Гэм буруутай, зөвшилцөе гэж суугаад хохирч болохгүй шүү дээ.

Ер нь гаалийн салбарт ийм зөрчил дутагдал нийтлэг байдаг уу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд О.Ганбат даргатай гар нийлж ажилласан. Тухайн үед дэд дарга байсан Ц.Уугангэрэл биднийг маш их дэмжиж ажилладаг байв. Энэ салбартай холбоотой миний харамсаж явдаг зүйл бий. О.Ганбат дарга 2013 онд Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Жил бүрийн нэгдүгээр сард болдог олон улсын гаальчдын өдрийн хүрээнд Монголын гаалийн байгууллагын удирдах зөвлөлийн зөвлөгөөн болдог байсан хуваарь түүнийг ирснээс хойш алдагдсан. Төрийн байгууллага гэдэг өөрийн гэсэн дэгтэй. Гэтэл тэр хүний хүсэл зоригоор явдаг болсон. Ингээд зорилгоо тодорхойлоход муугаараа нөлөөлж эхэлсэн. Хоёрдугаарт, мэргэшсэн, оюунлаг гаальчдыг бэлтгэхэд тулгуур нөлөө болдог “Гааль” сэтгүүл О.Ганбат даргын үед нэг ч гараагүй. Дарга, удирдлага, ахлах байцаагч, байцаагч гэсэн технологийн үйл ажиллагааны шатлал байдаг. Гэтэл Гаалийн улсын ахлах байцаагчийн зэрэг дэвийг процесст явуулж байгаа хяналт тавих, удирдан чиглүүлэх үүргийг үгүйсгэсэн горимын алдаа гаргаж, төлөвлөгөө хуваарилалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *