Б.Гарамгайбаатар: 530 мянган төгрөгийн орлоготой айл зээлд хамрагдах боломжтой болно

1-р сарын 12, 2016 8:58 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 54
1-12-2

М.ЦЭЦЭГ

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар  тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонсчээ. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Энэ хуулийн төслийг мөн Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны даргын сонгуульт хугацаа дуусгавар болсон тул тус байнгын хорооны даргаар АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг дэвшүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Монгол шуудан” банкны төрийн өмчийн 34 хувийг нь хувьчлах тухай зарлаж, 6.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөж байсан ч 12 тэрбум төгрөг давсан үнийн дүнтэй санал ирсэн байна. Төр тодорхой тооны өмчөө хувьчилж хөрөнгө босгох ажил амжилттай явж байна гэж бүлгийн хурал дээр ярьсан тухай бүлгийн дэд дарга С.Одонтуяа онцлов.

Мөн өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Ипотекийн зээлийн тухай хуулийн талаар хэлэлцжээ.  Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ тухай “Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр бүлүүд болон өндөр настнуудад илүү хамааралтай энэ асуудлаар удахгүй Засгийн газар шийдвэрээ гаргаж, журмаа боловсруулна. Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт баригдсан орон сууцнуудаас тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууцаар ашиглуулах зохицуулалтыг хийж өгнө гэсэн үг. Дээр нь Засгийн газраас бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг оруулж ирнэ. Энэ нь жижиг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээл юм. Тэд түрээсэлж буй ажлын байраа ипотекийн найман хувийн зээлтэй нэгэн адил хүүтэйгээр моргейжийн зээлээр худалдан авах боломж байна гэдгийг судалсны дагуу Засгийн газраас энэ асуудлыг удахгүй бүлэгт танилцуулна. Манай бүлэг энэ хоёр асуудлаар Засгийн газрыг дэмжиж ажиллана” гэв. Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс”  эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүд хамтран Иргэний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнө нь мөрдөгдөж байсан хууль хүчингүй болсон. Иймд Монголбанк болон арилжааны банкууд, Банкуудын холбоо ипотекийн болон бусад зээлээ зогсоосон. Дээрх хуулийн төслийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэж гаргавал ипотекийн зээл эргэн хөдөлгөөнд орж, үйл ажиллагаа нь сэргэнэ гэж үзэж байгаа. Монголын ипотекийн корпораци, Монгол банкуудын холбоо, Монголбанкнаас моргейжийн зээлийн хүүг буулгах боломж бүрдсэн гэж албан ёсоор мэдээлсэн. Инфляц 14 хувьтай байхад найман хувиар олгож байсан бол одоо инфляцийн төвшин 2.9 хувь болсон тул  зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах боломж бий гэж үзэж байгаа юм. Мөн 80 м.кв гэсэн хязгаар  байхгүй болж байгаа. Таван хувийн ипотекийн зээл хэрэгжиж сарын  530 мянган төгрөгийн орлоготой  өрх энэхүү зээлд хамрагдах боломжтой болно гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *