Б.Гантулга: Төрийн тогтвортой байдал эдийн засагт чухал

3-р сарын 27, 2017 8:20 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 144
3-27-1h

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Б.Гантулгыг урилаа.

ХЭТ ИХ СОЛОНГОРОЛ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БИШ

Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх шаардлагатай гэдэг. Олон салбарыг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Миний хувьд манай улсад хэт их солонгорол хэрэгтэй зүйл биш. Хэдийгээр газар нутаг нь уудам ч хүн амын тооноос хамааран зах зээлийн багтаамж хэт солонгорлыг хүлээж авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, аливаа бизнес борлуулалтаас гадна хүний нөөцөөс хамааралтай бөгөөд одоогоор хүн амын байдлаа харвал хэт олон төрлийн бизнесийг шингээх зах зээл, хүний нөөц манай улсад хомс байгаа юм. Тэгэхээр цөөн тооны салбарыг тогтвортой, тууштай хөгжүүлснээр үр дүн гарна.

3-27-1a1Ер нь манай улсын хөгжлийг түүчээлэх гурван салбар бий. Хөдөө аж ахуй, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлон хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, ойрын хугацаанд хөгжүүлэх салбарын нэг нь хөдөө аж ахуй. Яагаад гэвэл, улсын тогтвортой хөг­жилд улстөрч, бизнес­мэнүүдээс гадна ард түмэн итгэх ёстой. Энэ нь ямар ч үед ганхахгүй тогтвортой байх учиртай. Тиймээс монголчуудад хамгийн ойр байж, ойлгодог салбар нь хөдөө аж ахуй юм. Хоёрдугаарт уул уурхайн салбар. Нэгэнт манай улс хөгжлийн хувьд үсрэлттэй хөгжье гэж байгаа бол уул уурхайгаа түших нь зүйтэй. Учир нь уул уурхайн салбар төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг болсон. Уул уурхайг зөв хөгжүүлэх нь ирээдүйн хөгжлийн гарц гэдгийг хүмүүс ойлгож байна. Магадгүй уул уур­хайг хөгжүүлснээр бай­галь орчинд сөрөг нөлөө­тэй гэх байх. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд уул уурхайн салбарын байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь хөдөө аж ахуйн салбараас бага байдаг гэсэн судалгаа байдаг, мөн үүний дээрээс нөхөн сэргээлтийг стандартын дагуу сайн хийснээр энэ мэт нөлөөллийг багасгах боломжтой юм.

БЛИЦ:

Булганы Гантулга

-МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн

-Дуулиан-2020 төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

-Монголын хувьцаат компаниудын холбооны ерөнхийлөгч

-Монголын туялзуур сэлэмний холбооны удирдах зөвлөлийн гишүүн

-“Ард Даатгал” компанийн удирдах зөвлөлийн гишүүн

-CEO клубын гишүүн

-Монголын хөл бөмбөгийн холбооны ёс зүйн хорооны гишүүн

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Манай улсын бас нэг анхаарал хандуулах салбар нь сэргээгдэх эрчим хүч. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр бүс нутагтаа тэргүүлдэг. Хүн ам цөөхөн, газар нутаг уудам, далайн түвшинээс өндөрт оршдог, жилийн дийлэнх өдөр нарлаг, салхитай байдаг гэх мэт өгөгдлүүд нь биднийг энэ салбарт гол тоглогч болгох боломжтой. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр техник тех­нологийн хөгжил,  хүн амын өсөлттэй холбоотойгоор нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нүүрсээ түлээд, нефьтээ шатаагаад, цөмийн эр­чим хүчийг задлаад үз­чих­сэн одоо байгаль ор­­чинд бага нөлөөтэй, үйл ажиллагааны эрсдэл бага­тай сэргээгдэх эрчим хүч рүү анхаарал хандуу­лан чиглээд явж байна. Бид энэ салбарт  араас нь хурдан гүйх гэхээс илүүтэйгээр урьтаж гүйж очих шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний байгаль орчинд ээлтэй байдлыг нь дөвийлгөж байгаа энэ үед бид боломжийг алдалгүй ашиглах ёстой.Хамгийн гол нь цаг алдахгүй байх нь чухал.

Үүний зэрэгцээ аялал, жуулчлал, мэдээл­лийн технологийн сал­барын хөгжлийг анхаа­рах учиртай. Аялал жуулч­лалыг хөгжүүлэхдээ бүсч­лэх нь илүү үр дүнтэй. Жуулчдын ихэнх хувь нь байгаль орчны элдэв тогтоцыг харахаас илүү­тэй тав тухтай, тохилог орчинд амрахыг илүүд үздэг. Манай орны бай­галийн сайхныг бусад улсын байгалийн тогтоцоос илүү гэдэг нь ташаа ойлголт. Байгалийн сайхныг магтан сайшаах үнэлэмж нь “Миний төрсөн нутаг” гэдэг сэт­гэл­гээ­нээс улбаатай гэвэл хилсдэхгүй. Тэгэхээр манай улсыг зорьж ирэх жуулчин ганц биш олон дахин ирж үйлчлүүлдэг, амардаг байх шаардлагатай. Ингэхийн тулд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх нь зүй­тэй. Үүний тулд дөр­вөн улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулах бо­ломжтой байх нь чу­хал. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл далайд гэхэд дэлхийд гайхагдах цанын бааз байгуулан түүнийг тойрсон үйлчилгээний байгууллагуудыг цогц­лоох хэрэгтэй. Зүүн, Өмнөд Азийн жуулчин Швейцарийн Андын нуруунд аялж, амрахаас илүү Монгол Улсын Хөвсгөл далайд ирж ам­рахыг илүүд үзэх ёстой. Энэ бүхэн тав тухыг бүрдүүлсэн цогц үйлчилгээтэй байхаас хамаарна.

ТӨР ИРГЭДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ГУРВАН ЧИГ ҮҮРЭГТЭЙ

Урт хугацааны хөгжил ярихын тулд төрийн тогтвортой бодлого хэрэгтэй. Төр өөрийн үндсэн үүрэг болох аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролын салбарыг хангалттай хэмжээнд удирдаж чадахгүй байж олон бизнесийн салбарууд дээр оролцож байгааг буруу гэж боддог. Шаардлагатай бол онцгой эрх, лицензийг нь олгож хувийн хэвшилдээ тодорхой салбаруудыг хувьчлах шаардлагатай. Аль алийг нь ашиггүй, үр дүнгүй удирдаж байгаа байж тэд нар дээрээ зууралдаж цаг их алдаад байна. Сүүлийн 26 жилийн хугацаанд хаа очиж хамгийн бодлоготойгоор хөгжүүлсэн салбарыг үүрэн телефон, харилцаа холбооны салбар гэж хардаг. Харин хувийн хэвшил талаасаа аль болох олон нийтийн хөрөнгө оруулалттай хувьцаат компаниудыг хөгжлийн ирээдүй болгон харах хэрэгтэй. Одоогийн томоохон бизнес эрхлэгчид дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж урт хугацааныхаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжтой бөгөөд банкны зээлийн өндөр хүү, санхүүгийн зардалд зарцуулдаг мөнгөө өөрийн бизнесийн ашиг болгох боломж бий.

3-27-1МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ПАРЛАМЕНТ ХЭРЭГТЭЙ

Эдийн засгийг тогт­воргүй, зөв удирдаагүйгээс олон алдаа гаргаж, цаг хугацаа их алдсан гэж би боддог. Монгол Улсад өнөөдөр дан ганц мэргэжлийн Засгийн газраас гадна мэргэжлийн парламент үгүйлэгдэж байна гэж хардаг. Зарим нэг хүн Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ Орос, Хятад гэдэг хоёр их гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглал бол өөрөө их эрсдэлтэй бөгөөд хоёр хөршийн тоглоом болоод дуусах магадлалтай. Парламентыг байнгын болон байнгын бус үйл ажиллагаатай хоёр танхимтай болгож магадгүй УИХ-ын 300 гишүүнтэй байж үндсэн хуулиа хэлэлцдэг, жилд нэг удаа хуралддаг байх нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Мэдээж эндээсээ цөөн тооны, мэргэшсэн 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бага хурлын гишүүдийг сонгодог. Эдгээр хүмүүс өдөр тутамд хэлэлцэж, батлах хууль дээрээ ажил­лахаас гадна Засгийн газраа томилох эрхтэй байх. Засгийн газар бо­лон бага хурлын ги­шүүд нь давхар дээлгүй, шаард­лагатай тохиолдолд харилцан биесээ огцруу­лах эрхтэй байж болно.

ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХУВЬЧЛАЛ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ БОЛОХ УЧИРТАЙ

Улсын хөгжил нь санхүүгийн системээс их хамаарна. Харин санхүүгийн системийг эрүүл хөгжүүлэхийн тулд банк болон хөрөнгийн бирж, даатгалын салбарын хөгжлийг ижил түвшинд авч явах ёстой. Аж ахуйн нэгж урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээ арилжааны банкны зээлээр босгохоос илүүтэй хөрөнгийн зах зээлээс босгох нь чухал. Тухайлбал, банкнаас зээл авснаар хүүгийн төлбөр төлнө. Харин хөрөнгийн зах зээл дээр хувьцаа арилжаалснаар тэр хүүгийн төлбөрийг компанийн ашиг болгох боломж бий.

Хөрөнгийн зах зээл хөгжсөн дэлхийн улс орнууд нийгмийн даат­галын санг хувьчилснаар үндэсний хэмжээний баялаг болгож чаддаг. Нийгмийн даатгалын санг шууд санхүүгийн салбартай холбож өгс­нөөр улс орон, хувь хүн, аж ахуйн нэгж, эрүүл мэнд, банк, хөрөнгийн бирж, даатгал гээд эерэг нөлөө үзүүлэх талууд олонтой. Манай улсын иргэд олон жилийн туршид ажилласны эцэст тэтгэвэрт гарахдаа сэтгэл дундуур байгаа нь анзаарагддаг. Мөн эрүүл мэндийн даатгал, бусад халамжийн үйл­чил­гээнд сэтгэл ханга­луун бус байдаг. Яагаад гэвэл, тасралтгүй 30 жил ажиллахдаа нийг­мийн даатгалын санд хуримтлуулсан мөнгө­ний­хөө өчүүхэн хэсгийг тэтгэвэр, халамж болгож авдаг. Үүнийг хөрөнгийн зах зээлийг ашиглан өөр­чилж болно. Өөрөөр хэл­бэл, тухайн хүн өөрийн ажиллаж байгаа компанийнхаа хувьцааг даатгалд төлж байгаа мөнгөнийхөө 30 хувиар нь худалдан авч, 30 хувийг нь эрүүл мэнд болон бусад даатгалд, 40 хувийг нь банкинд хадгалуулах гэх мэт хувиарлалт хийж үр өгөөжийг нь тооцож харах боломжтой. Үүн дээр цаг гаргаад тусдаа тооцоолол хийх боломжтой. Мөн даатгалын салбар болон хөрөнгийн зах зээлд маш том хөшүүрэг, дэмжлэг болно. Мэдээж хувь хүний нийгмийн даатгалын шимтгэлээс 30 хувийг хөрөнгийн биржид байрлуулснаар хөрөнгийн бирж дээрх мөнгөний урсгал нэмэгдэж аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг илүү татах боломж бүрдэнэ. Цаашилбал, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, илүү нээлттэй, компанийн сайн засаглалыг бэхжүү­лэх боломжтой. Хэрэв хөрөнгийн биржид бүртгэлтэй компани ашгаа нуун дарагдуулвал хувьцааны үнэ өсөхгүй­гээр барахгүй хөгжих бо­­ломжгүй болно. Харин эдийн засаг ил тод болохын хэрээр далд эдийн засаг устах болом­жийг нээж өгөх юм шүү дээ. Энэ нь улсын эдийн засагт томоохон дэмжлэг болж ирнэ.

Эцэст нь хэлэхэд, төрийн тогтвортой бодлого болон хүний хөгжил Монгол Улсын хөгжлийн гарц болно.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra France Ordonnance Low Price Viagra 100mg Sinusitus Zpac Vs Amoxicillin online cialis Generic Dapoxetine

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *