Б.Ганболд: Интерьер дизайны гадаад зах зээлд оролцохыг хүсч байна

10-р сарын 4, 2017 8:59 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 58
10-4-3х

Л.ЖАРГАЛ

Бизнес, хөгжил” булангийн  энэ удаагийн  зочноор “Render” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганболдыг урилаа.

-“Render”  компанийг томоохон оффисууд болон банкны салбарууд,  үүрэн холбооны оператор  компаниудын интерьер экстерьер дизайныг хийсэн гэдгээр нь мэдэх юм байна.  Компанийнхаа тухай  бидэнд танилцуулна уу?  

-Манай компани 2005 оноос эхлэн барилга угсралт, интерьер  дизайн,  экстерьер, тавилга үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байна. Бидний үнэт зүйл  бол мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер, техникийн ажилчид юм.

Хэдийгээр сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүллээ, хамгийн чанартай материал ашиглалаа ч  сайн боловсон хүчингүй бол хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж чадахгүй. Тиймээс манай компани байгуулагдсан цагаасаа л ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бүтээлч санааг баяжуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, төгс шийдэл, тансаг мэдрэмжийг захиалагчиддаа төрүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг өргөжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Дэлхийн чиг хандлага хаана явж байна тэр бүхнийг Монголын зах зээлд  нэвтрүүлэх нь бидний мэргэжлийн гол тэмүүлэл. Тиймээс олон улсад болж байгаа интерьер дизайнтай холбоотой арга хэмжээнүүдэд багаараа тасралтгүй оролцдог. Жил бүр Герман, Итали, Францад болдог үзэсгэлэнгүүдийг үзэж, шинэ тоног төхөөрөмж, технологийн хөгжлийг судлан, интерьер  дизайн тавилгын чиг хандлагуудыг сонирхдог. Ингэснээр мэргэжлийн шинэ чиг хандлагаас суралцах, цаг үеэсээ хоцрохгүй  байх олон давуу талтай. Түүнээс гадна зураг төсөл, дизайн архитектор, үйлдвэрийн технологи,  бүтэц зохион байгуулалт төлөвлөлт дээр жил бүр гадны зөвлөхүүдийг урьж мэргэжлийн туршлага солилцон хамтарч ажилладаг.

Бид тухайн компанийн нэр хүнд бизнесийн онцлогийг илэрхийлэх, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах дизайны дахин давтагдашгүй оновчтой шийдлийг цаг хугацаа, хэрэглээний явцад чанараа үл алдах бат бөх, гоёмсог материалаар үйлдвэрлэлийн өндөр технологи ашиглан хийж гүйцэтгэдэг. Чанар, өнгө үзэмж, загвар хийцийг онцгойлон анхаарахаас гадна  сайн материал ашиглах, шинэлэг шийдлийг санал болгох гэж хичээн ажиллаж ирсэн нь хэрэгжүүлсэн төсөл, хийсэн ажил болгон маань амжилттай байхын үндэс болов уу гэж бодож байна. Монгол дахь интерьер дизайны зах зээлд тасралтгүй 12 жил ажиллаж байна.  Энэ жилээс зураг төсөл, гадаад худалдаагаа  тусад нь компани болгон  үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

Танай компани  өөрсдийн гаргасан  зураг төслийнхөө дагуу ажил гүйцэтгэхдээ   өөрийнхөө  үйлдвэрт шаардлагатай  тавилгыг үйлдвэрлэдэг гэл үү?

-Тийм ээ. Дизайны зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга, хана, хаалгыг өөрийнхөө үйлдвэрт үйлдвэрлэж, угсралт суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэдэг тул хэрэглэгчиддээ өндөр чанар, сэтгэл ханамжийг амладаг юм. Тэр ч утгаараа орчин үеийн шинэ санааг бүтээж чадах дизайнеруудыг сургаж хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн компьютерийн систем бүхий робот машинуудаар тавилгын үйлдвэртээ шинэчлэлт хийсэн. Манай “Рендер Индастри” тавилгын үйлдвэр Италийн “Biesse” компанийн “Computer Numerical Control” буюу бүрэн автомат удирдлагатай машинаар ажилладаг.  Мод, төмөр, сайн чанарын арьс ашиглан өвөрмөц хэв маягтай, нарийн хийцтэй, дэлхийн стандартад нийцсэн загварлаг тавилга урладаг.

 Бид хамгийн чанартайг нь  ашиглана гэсэн зорилго тавьдаг учраас зөвхөн дотоодоосоо эрэл хайгуул хийнэ гэж туйлшралгүй  гадаад зах зээлийг судалдаг,  брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай хамтарч ажилладаг. Олон улсын хэд хэдэн брэнд бүтээгдэхүүний дистрибьютер болж, өөрсдөө ашиглахаас гадна  ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад нийлүүлж байна. Тухайлбал дэлхийн зах зээлд тэргүүлэгч  ХБНГУ-ын “Hafele”, Австрийн “Fundermax” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүргэж байна. “Fundermax” компани интерьер, экстерьерийн хавтанг 160 гаруй өнгө, гадаргууны сонголттойгоор үйлдвэрлэдэг төдийгүй захиалагчийн хүсэлд нийцүүлэн тусгай загварууд гаргадаг. Энэ брэндийн хавтан өнгөө 50 жилийн турш алддаггүй. Өөрөөр хэлбэл, энэ нь манай улсын барилга, интерьер дизайны салбарт төгс зохицох бүтээгдэхүүн юм. Харин “Hafele” компани  1923 онд  байгуулагдсанаас хойш архитектур, тавилгын холбогч эд анги, тоноглол, гэрэлтүүлэг, хаалганы дижитал цоож зэрэг дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн 80 гаруй оронд худалдаалж байна.

Банкууд олон улсын жишигт нийцэхүйц интерьер дизайнаар орчноо бүрдүүлдэг.

– “KFC”, “Pizza hut”, “Burger king” гэсэн түргэн хоолны олон улсын сүлжээний тохижилтыг танай компани хийсэн юм билээ. Олон  улсын сүлжээ болохоор чанар  стандартын шаардлага гээд амаргүй байдаг уу? 

-Олон улсын сүлжээ ресторанууд  зураг төсөл нь ямар байх, ямар материалаар хийхийг нь тодорхой заасан байдаг. Тиймээс бид өөрсдийн харилцаа холбоог ашиглан тухайн бараа материалыг гаднаас оруулж ирдэг. Мөн боловсруулалт,  гүйцэтгэлийн хувьд гадаадад хэрхэн хийдэг, тэр жишгээр л хийж гүйцэтгэнэ. Интерьер дизайн нь өөрөө хамгийн сүүлийн үеийн шинэлэг байхыг шаарддаг учраас  ухаан, хүч, ур чадвар шаардана. Бид ямар ч  ажил авахаас зүрхшээдэггүй. Харин ч өөрсдийгөө сорих дуртай. Хэцүү ажлын ард амжилттай гарах бүрт  илүү туршлагатай болж хөгждөг юм.

Захиалагчийнхаа төсөөллийг бодит болгож сэтгэл ханамжийг дээд зэргээр өгдгөөрөө та бүхний ажил сайхан байдаг байх. Хамгийн сүүлд хэрэгжүүлсэн ажлуудаасаа  сонирхуулахгүй юу?

-Хүний мөрөөдөл төсөөллийг бодит болгосны дараа, хүлээлгэж өгөх тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Анхны уулзалтаасаа л захиалагчийн юу хүсч сонирхож байгааг тодорхойлж,  нэлээд олон  удаагийн нүүр тулсан  уулзалтын дараа мөрөөдлийг нь зураг болгож, зурагаа биет болгоно. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний байгууллагууд болон айл гэрийн интерьер дизайн эрс шинэчлэгдэж, цоо шинэ дүр төрхтэй болж байна. Одоо хүмүүс нэгэн хэвийн, уйтгартай дотоод засалтай орчинд ажил хэргээ явуулахын оронд цаг үетэйгээ нийцсэн, тав тухтай, анхаарал татахуйц дизайныг эрхэмлэдэг болж. Сайн төлөвлөж, гүйцэтгэсэн интерьер дизайн тухайн байгууллагын талаар их зүйлийг илтгэж, нэрийн хуудас нь болдог.  Манай компани “Говь”, “Гоёо”, “Мобиком” “Оюутолгой”, “Моннис”,  “Бишрэлт” гэсэн Монголын  том компанийн интерьер  дизайны ажлыг тогтмол хийдэг.  “Хаан банк”-ны экспресс үйлчилгээний төвийн тохижилтыг сүүлийн гурван  жилд хийж гүйцэтгэлээ. Наадмаар “Голомт”банкны хоёр салбарын интерьерийг амжилттай хийлээ. Энэ төслийн хүрээнд “Голомт” банкныхантай урьдчилж бэлдсэний дүнд 700 мкв,  400 мкв талбайтай  хоёр салбарт бүрэн хэмжээний засварын ажлыг ес хоногийн хугацаанд  гүйцэтгэсэн. Энэ нь манай компанийн төдийгүй Монголын хэмжээнд байгаагүй богино хугацаанд хийсэн төсөл байлаа.  Орчин цагт бизнесийн байгууллагуудад цаг хугацаа үнэ цэнэ чухал болсон. Төлөвлөлтгүй,  удааширсан дотоод засал, тохижилтоос  болж  цаг хугацааг үр ашиггүй үрнэ гэдэг ашгаа ч тэр, үйлчлүүлэгчээ ч алдах эрсдэлтэй. Тиймээс амралтын өдрүүдийг тааруулан  том хэмжээний урсгал  засвар, интерьер дизайнаа шийднэ гэдэг  үйлчилгээний байгууллагын хувьд том хөрөнгө оруулалт. “Голомт банк” зээлийн төвдөө харилцагчдад төвлөрсөн санхүүгийн цогц үйлчилгээг нэвтрүүлж, орчин үеийн банкны салбарт цоо шинэ өнгө төрх нэмсэн.

Манай томоохон компаниуд үндэснийхээ мэргэжлийн байгууллагаар  интерьер дизайнаа хийлгэхийг зорьдог болсон нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өргөжин тэлэх, өсч  хөгжих боломжийг  олгож байна. Нөгөө талаараа интерьер экстерьерийн компаниуд чадавхижиж олон улсын жишигт  нийцэхүйц, өрсөлдөхүйц болж байгаагийн нэг илрэл. Гадаадын  компаниар интерьер дизайн хийлгэхэд их зардалтай, дараа нь  засвар үйлчилгээ  авахад түвэгтэй. Үүнийг  ч манай бизнесийн салбарынхан  мэддэг болсон учраас дотоодынхоо мэргэжлийн компаниудад ханддаг болж байна.   Энэ нь ч олон талын өгөөжтэй. Том компаниудаа дагаж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Цаашлаад нэмүү өртөг дотооддоо шингэж, үйлчилгээний нэр төрөл олширч, бүтээгдэхүүний  чанар сайжрах, ажиллах хүчин нэмэгдэх зэрэг давуу талтай.  Түүнийгээ дагаад өрхийн орлого ч өснө, улс орны төсөв ч зузаарна шүү дээ.

“LG” электрониксийн засварын төв.

Оффисын орчин тохилог, тухтай байх нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэх  юм байна лээ?

-Ажлынхаа хаалгаар орж ирэхэд цэлгэр, цэмцгэр танхим,  шинэлэг шийдэл, тухтай орчин угтахад ямар ч хүний сэтгэл өөдрөг болох нь гарцаагүй шүү дээ. Хүний  сэтгэл зүй тайван, эрч хүчээр дүүрэн байвал ажлын бүтээмж ч дагаад нэмэгддэг гэдэг.

Орон зайн  зөв зохион байгуулалт  маш чухал. Хүн бүтэн  эргэхэд  ямар зай  шаардлагатай байх вэ, бас хол зайд алхахгүй цаг хэмнэх  зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдлүүдийг интерьер дизайныг хийхдээ оруулдгаараа онцлог. Нэг ёсондоо цагийг илүү бүрэн  дүүрэн ашиглахад чиглэдэг. Тиймээс интерьер дизайны ач холбогдлыг түрүүлж ойлгосон байгууллага, хүмүүс л тохижилтоо мэргэжлийн байгууллагаар тооцоо судалгаатай, төлөвлөлттэй, зохион байгуулалттайгаар хийлгэх сонирхолтой байдаг. Монголын зах зээлд банк санхүүгийн үйлчилгээ өргөжиж,  олон улсын жишигт нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа сүүлийн  үеийн чиг хандлагуудыг  тусган интерьер дизайнаа  хийлгэх болсон.  Тохилог орчин бүрдүүлэх нь эргээд тухайн  компанийн үйлчилгээний  соёл төдийгүй  хэрэглэгчиддээ зориулж байгаа үйлчилгээний  салшгүй нэг хэсэг юм. Тухайн брэнд нь  бусдаас ялгарах өнгө төрхтэй байж л олон нийтэд  түгдэг, хоногшдог. Тиймээс ямар ч насны хүн, аль ч талаас нь харсан энэ Хаан банк, тэр  “Говь”-ийн дэлгүүр гэж танихаар  бас давтагдашгүй дүр төрхтэй байх ёстой.

ХААН банкны экспресс үйлчилгээний төв.

Нийгэм хөгжихийн хэрээр илүү хэрэглээнээс салах, эмх цэгцтэй минимал орчинг бий  болгон, байгалийн нөөцөө хэмнэсэн ногоон байхыг илүүд үзэх боллоо. Хөгжингүй байгууллагууд ч энэ чиг хандлага руу явсаар байна?     

-Тантай санал  нэг байна. Минималист үзэл олон улсад хүчээ авч, хүний амьдралд бүхий л  талаараа  нэвтэрсээр байна. Түүнийгээ дагаад хамгийн бага зардлаар, хамгийн энгийн орчинг бүрдүүлэх хүсэлтэй захиалагчид сүүлийн үед олширсон.

-“Render”алсын хараа­гаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Мөрөөдөлгүй хүн далавч­гүй шувуутай адил гэдэг. Бидэнд том мө­рөөдөл бий. Өөрсдийнхөө хий­сэн бүхэнд  сэтгэл ханаж, болчихлоо гэж бодох тусам  урагшлах  биш ухрахын дохио. Тий­мээс бид ирээдүйгээ, цаашид хийх зүйлээ илүү далайцтайгаар төсөөлж, төлөв­лөж тэмүүлж явна.  Гадаад зах зээлийг су­далж байгаа. Дундад Ази, Казахстан, Хятад, Солонгос, Япон улстай турш­лага солилцон, интерьер дизайны  зах зээлд тодорхой  хэмжээнд оролцох, өөрсдийгөө хөг­жүү­лэхийг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *