Б.Ганболд: Ид барилдах насаа японд өнгөрүүлж дээ гэж боддог

5-р сарын 22, 2018 9:06 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 80
5-22-6

Ч.ГАНТУЛГА

Увс аймгийн уугуул, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Ганболдтой ярилцлаа. Тэрээр үндэсний бөхөөс гадна сүмо бөхөөр амжилттай барилдаж байсныг спорт сонирхогчид андахгүй биз ээ.

-Та чинь анх чөлөөт бөхөөр хичээллэж байсан бил үү?

-Орхон аймагт очоод удаагүй байхад минь аавын минь авга ах н.Бямбажав намайг чө­лөөт бөхийн гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсан дээр хөтөлж аваачсан юм. Дараа нь үндэсний бөхөөр аймгийн арслан Т.Пүрэвсүрэн багшийн удирдлагаар хичээллэх болсон. Энэ үеэс үндэсний бөхөд илүү дурлаж, цолтой бөх болохсон гэсэн хүсэл улам ихэссэн юм.

-Та аймгийн начин цолыг их залуудаа авсан гэдэг бил үү?

-18 настайдаа Орхон аймагт аймгийн начин болсон. Үүнээс гадна чөлөөт бөхөөр давхар хичээллэж байсан юм.

-УАШТ-ний хүрэл медальтай гэсэн байх аа?

-1999 онд чөлөөтийн УАШТ-д оролцдог юм байна. Гурав ялаад нэг ялагдчихлаа. Ялагдчихсан юм чинь одоо барилдаан байхгүй биз гэсэн бодолтой бэлтгэлийн өрөөнд ортол одоо нэг барилдаан бий гэж байна. Багшийнхаа хэлснээр гарч барилдаад ялчихлаа. Гэтэл багш маань үнсч байна шүү. “Юу болсон бэ багшаа” гэсэн чинь “Миний хүү хүрэл медаль авчихлаа” гэж билээ. Ингэж анх удаа УАШТ-д оролцож байснаа мартдаггүй юм.

-1999 оны УАШТ-д та Н.Түвшинбаяр аваргатай нэг жинд барилдаж байсан биз дээ?

-УАШТ-ээс Түвшээ аварга бид хоёр нэг жинд хоёулаа хүрэл медалийн болзол хангасан юм. Зэрэгцэж зогсоод медалиа гардаж буй зураг бий. Үүнээс хойш түрүүлж чадаагүй ч чөлөөтийн олон тэмцээнд амжилттай оролцсон.

-“Увс нуур” бөхийн дэвжээтэй та хэзээнээс холбогдсон юм бэ?

-2002 онд “Увс нуур” бөхийн дэвжээнд анх удаа бэлтгэлд гарч үзсэн. Тухайн үед чөлөөтийн Б.Жамсран багш үндэсний бөхийн дасгалжуулагч байлаа. Харзтайн амралтад Б.Ганбат арслан тэргүүтэй бөхчүүдийн дунд хамгийн залуу нь би байсан. Бэлтгэлээ хийнэ. Зав гаргаад ах нарын хувцсыг угаана, түлээгээ хагална, хоол унд хийлцээд гүйдэг байж билээ. Тухайн үед би дөнгөж 10 жилийн сургуулиа төгсчихсөн байсан үе.  Удалгүй оюутан болоод “Үндэсний биеийн тамирын дээд сургууль-д орлоо. Ажаад байх нь ээ бэлтгэл сургуулилт нээх хийхгүй юм. Тэгэхээр нь “Шонхор” биеийн тамирын дээд сургууль руу шилжив. Тэр үед Х.Баянмөнх аварга гарын шавь бэлдэнэ гээд 5-6 залууг сонгоход нь би багтсан юм

-Таныг Х.Баянмөнх аваргын гарын шавь болоод, үндэсний бөхөөр илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсан гэдэг юм билээ. Яагаад сүмод явчихсан юм бэ?

-2003 онд Монголоос сүмод явах хүүхэд шалгаруулсан юм билээ. Тухайн үед би Б.Ганбат арслантай ойр дотно байсан учир Ганбаа ах намайг санал болгож. Чи ямар ч байсан материалыг нь бүрдүүлээд өгчих гэсэн. Хэлснээр нь Кёкүшюүзан Батбаярт материалаа өгчихлөө. Тэнцсэн эсэхээ, хэзээ явахаа ч мэдэхгүй байж байтал нэг өдөр Кёкүшюүзан ирчихсэн уулз гэж байна гэсэн. Очтол энэ хүүхдийг авъя, сарын дараа явна шүү гэж байна. Би ч ийм амархан явчихна гэж юу байхав, ах нар мэдэж байгаа биз гэсэн бодолтой байтал үнэхээр сарын дараа виз нь гарчихлаа. Ингэж арлын Японд хөл тавьсан түүхтэй.

-Сүмогийн ертөнцийг мэдэхгүй, гэрээсээ хол явна гэхэд эргэлзэх бодол төрөөгүй юу?

-Сүмо гэдгийг зураг­таар л хардаг байснаас өөрөө очиж барилдана гэж төсөөлж байгаагүй үе л дээ. Манайхан сайн барилддаг, гэхдээ авар­гагүй байсан. На­майг очсны дараахан Д.Дагвадорж маань аварга болж байлаа. Улаанбаатараас гурвуулаа гараад анх Осакад очлоо. Д.Цэрэнсамбуу захирал биднийг явуулахын тулд машинаа барьцаалж зардал гаргаж өгч байсан юм. Одоо тэгж сэтгэл гаргах хүн ховор байх шүү. Биднийг багш нар шалгаж авна гэсэн гээд хүлээлгээд байдаг.  Хэн нь орохыг мэдэхгүй. Ямар ч байсан хоёр хүүхэд авна гэснээс өөр мэдээлэлгүй. Гэтэл нэг багш ирлээ шүү. Удаа ч үгүй туслах нь орж ирээд намайг хувцсаа бэлд гэж байгаа бололтой цүнхрүү заагаад, зангаад л байна. Ингээд багшийгаа дагаж 600 км замыг туулснаар Токиод ирсэн.

-Дэвжээнд тань ямар бөхчүүд таныг угтав?

-Анх очсон Кирия­мавиа дэвжээ 10 гаруй бөхтэй, 10 жилийн түүхтэй ч цолтой бөх байгаагүй. Би ганцаараа монгол.

-Монгол бөхчүүд эхлээд жин их багатай очдог юм билээ. Та жин нэмэх гэж удсан уу?

-Би Монголоос метр 88-тай,  87 кг жинтэй явсан. Сүмод ороод 94 кг жинтэй барилдсан. Харин 115 болчихоод нэг хэсэг жин нэмдэггүй. Монголд байхдаа үндэсний бөхөөр барилдаж байсан учир булчин ихтэй, яргайдуу биетэй байсан. Сүмод бол бие уян хатан байх ёстой.

-Нас биед хүрчихсэн эрэгтэй хүн биеэ яаж уян хатан болгох вэ. Тэр л өөрт чинь хэцүү даваа байсан юм шиг санагдаж байна?

-Байнга сунгалтын дасгал хийнэ. Дэвжээний бөхчүүд дээрээс дараад л байна. Их чардайсан даа. Хэлж чадахгүй учир дотроо “За гайгүй ээ цол авч байгаад та нарыг даа” гээд л гүрийдэг байж билээ.

-Шантрах үедээ юунаас эрч хүч авч, өөрийгөө хурцалдаг байв?

-Шантрах үе бишгүй байсан. Ингэж зовж байхаар нутаг буцаж, үндэсний бөхөө барилддаг юм билүү гэж бодогдох үе байсныг нуухгүй. Гэхдээ нэгэнт л зориод ирсэн учир цол авах гээд хичээе. Надад итгэж явуулсан хүмүүсийн итгэлийг алдах эрхгүй шүү гэж бодоод, бэлтгэлийн байр луу алхдаг байлаа.

-Сүмод очсон залуус эхлээд их дэврүүн сэтгэлтэй байдаг байх даа?

Анх сүмогийн ертөн­цөд очсон бөх бүхэн оронгуутаа л түрүүлээд, их амархан дээд зиндаанд очно гэсэн мөрөөдөлтэй байдаг. Би ч ялгаагүй тийм л байсан. Ингээд есдүгээр сарын тэмцээнд анх барилдах эрхтэй болсон. Хөөрхөн жин нэмчихсэн. Тэмцээндээ зургаа даваад, аваргын төлөө барилдаад уначихсан. Зургаа давсан учир шууд дараагийн зиндаанд дэвшлээ. Арваннэгдүгээр сарын тэмцээнд Жонидан зиндаанд барилдаад дахиад аваргын төлөө барилдаад уначихдаг юм байна.

-Аваргын төлөөх барилдаанд л жаахан одгүй юм аа?

-Гурав дахь зиндаанд дэвшээд Сандамэгийн аваргын төлөө барилдаад дахиад уначихсан. Дөрөв дэх зиндаанд дэвшсэн. Энэ үеэс ер нь болмоор юм байна гэсэн урам авч, өөртөө итгэж эхэллээ. Гэвч дараа сарын барилдаанд нь бэртэл авчихдаг юм байна.

-Буцаад сандамэ рүү уначихсан уу?

-Яг хоёр жил тэр бэрт­лийн улмаас нэ­лээд дээшээ, доошоо хэлбэлзэлтэй байсан. Энэ хооронд овоо хэлний мэдлэгээ дээшлүүллээ. Залуу бөхчүүд нэг өрөөнд толгойгоо нийлүүлээд газ­раар унтдаг юм. Гол­доо том зурагттай. Эхэн­дээ юу ярьж байгааг нь ойлгодоггүй байснаа сүүлдээ ойлгодог, уншдаг болсон.

-Хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?

-Зиндаа ахих тусам цалин нэмэгдэнэ. Сандамэд барилддаг бол хоёр сардаа 1000 ам.доллар. Жонидан нь 700 ам долларын цалинтай. Түүгээрээ болгоод л амьдардаг байсан. Жин 130 гаруй болсон үедээ Сандамэд түрүүлээд Макүшитогийн 13 дээр очдог юм байна. Тэр зин­даанд хоёр жил гаруй барилдсан. Макү­шитогийн нэг, хоёр дээр очихоороо энэ барилдаанд л ялчихвал цол авна шүү гэж бодохоор уначихна. Осакагийн тэмцээнд макүшитогийн зургаа дээр барилдаж тав давж, хоёр унаад зүүний хоёр дээр бичигдлээ. Жин маань 150 болоод ирлээ. Тэр сарын тэмцээнд бэртэл ч гайгүй болоод бэлтгэлд жигд байж таарсан. Эхний хоёр өдөр дараалж унаад тав дарааллаад давчихдаг юм байна. Токиогийн тэмцээнд  долоо давж түрүүлээд цолтны эгнээнд багтсан даа.

-Цолтой бөх болчихоор сэтгэлзүй хүртэл өөрчлөг­дөнө биз?

-Жүрьёо зиндаанд орсноор туслахтай болохоос эхлээд авдаг цалин, сүмог харах өнцөг, өмсөх хувцас хүртэл өөрчлөгддөг. Цол авсан бөх цолны найраа хийх ёстой. Би гурван хотод цолны найраа хийж байсан.

-Таныг жүрьёод гарахад М.Даваажаргал аварга болчихсон байсан үе. Нутаг нэгтэй аваргатай байна гэдэг түшигтэй байдаг байсан уу?

-Тэгэлгүй яахав. Монгол аваргууд маань бидэнд илүү сайн барилдах урам зориг өгдөг байлаа. Японд байгаа бөхчүүд их амь нэгтэй байсан. Би М.Даваажаргал аваргын барилдааныг их харна. Тойргийн барилдаанаар таарч барилдана. Залуу бөх байхад монгол аваргууд маань яагаад цол авахгүй байна. Давчих газар л уначих юм. Сэтгэлзүйгээ сайн бэлд гэж зөвлөгөө өгдөг байсан.

-15 өдөр амжилттай барилдахын тулд бөхчүүд өөрийн тактикийг зохиодог байх. Таны хувьд ямар тактик боловсруулдаг байв?

-Би 15 өдөрт барил­даанаа жигд байлгахыг хичээдэг байсан. Эхний хоёр өдөр хүчлэх шаардлагагүйгээр давчих хэрэгтэй. Гурав дахь өдрөөс дэвжээндээ дасч эхэлдэг. Харин сүүлийн өдрүүдэд даваагаа хамгаалж, бүх хүчээ шавхаж барилдах зорилго тавьдаг байсан. Жүрьёод дөрвөн башё барилдаад, дээд зиндаанд гарсан. Дээд зиндаад хоёр жил барилдаад 2011 онд зодог тайлсан.

-Дахиад сүмод барилдахгүй гэж бодохоор хэцүү байсан уу?

-Ид барилдах насаа Японд өнгөрүүлж дээ гэж боддог. Цаг хугацааны эрхээр бодол минь өөрчлөгдөж, эргээд үндэсний бөхөөр хичээллэх болсон. Японд байхдаа жин нэмэх гэж зүтгэдэг байсан хүн чинь эх орондоо ирээд жин хасах гэж бөөн асуудал. 2002 онд аймгийн начин болсон хүн 10 жилийн дараа 2012 онд Баян-Өлгий аймагт түрүүлж аймгийн арслан болсон.

-Магадгүй та сүмод яваагүй бол гэж боддог уу?

-Хэрэв сүмод яваагүй бол Баянаа аваргаар бөхийн эрдэм заалгаад, үндэсний бөхөөрөө илүү амжилт гаргах байсан ч юм билүү. Гэхдээ мэргэжлийн сүмод очиж, амьдралынхаа 10 жилийг энэ спортод зориулсандаа харамсдаггүй. Их спорт надад бөх болоод хувь хүнд минь олон ололттой зан чанарыг суулгасан гэж боддог.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *