Б.Эрдэнэбулган: В, С вирус15-25 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг

8-р сарын 19, 2015 9:24 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 155
Champignons_Agaricusda

Ирэх аравдугаар сард АНУ-аас элэгний шинэ эм оруулж ирэх сургаар улсын болон хувийн эмнэлгийн лабораторид элэгний В, С вирусын оношлогоо эмчилгээ хийлгэх иргэд  урт дараалал үүсгээд байгаа билээ. Иймд иргэдэд энэ талаарх зөвлөгөө мэдээлэл хүргэх үүднээс Хавдар судлалын үндэсний төвийн эмч, доктор Б.Эрдэнэбулганаас дараах зөвлөгөөг авсан юм.

– Манай улс элэгний өвчлөлөөр Азидаа нэгдүгээрт ордог. Жилд хэчнээн хүн энэ өвчнөөр өвдөж байна вэ, тодорхой тоо байна уу?

– Манай төвийн байдлаар элэгний хорт хавдар гэж оношлогдоод эмчилгээ, үйлчилгээ авч байгаа 1500-1800 хүн байна. Улсын хэмжээнд 3000 гаруй хүн энэ чиглэлээр эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг гэсэн судалгаа байдаг. 55-65 хүртэлх насныхан энэ өвчнөөр их хандаж байна. Сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа юм. 40 хүртэлх насныхан элэгний хорт хавдраар өвчилж, эмнэлэгт хандах нь их байна.

– Элэгний олон төрлийн вирус байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь ямар вирус байна вэ. Манайхан С вирус л хамгийн аюултай нь гэж ойлгоод байдаг?

– Элэгний гепатит А, В, С, Д буюу дельта вирус гэж байдаг. Хамгийн их хор хөнөөлтэй нь В,С вирус. Д буюу дельта вирус дангаараа аюул үүсгэдэгүй, хавсарч ВД юмуу, СД гэж үүсгэдэг. Хавсарсан тохиолдолд илүү аюултай. В, С вирус нь дангаараа ч гэсэн аюултай, хүний биед удаан хугацаанд агуулагдаж 15-25 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг.

– Вирусээс гадна элгийг өвчлүүлж гэмтээж байгаа ямар хүчин зүйлүүд байна вэ?

– Элэгний хавдрын 80 хувийг В, С вирус үүсгэдэг. Үлдсэн хувийг хортой бодисууд, архи үүсгэж байгаа юм. Химийн хортой нэгдлүүд хүний биед нэвтрээд, элгийг өвчлүүлж байна. Хүний элэг цусыг шүүж, цэвэрлэдэг эрхтэн. Тиймээс янз бүрийн хортой бодисууд шүүгээд эхлэхээр элэг хурдан гэмтдэг.

– Сүүлийн үед хүмүүс вирус тоолох шинжилгээ их хийлгэдэг болж. Энэ талаар та ямар мэдээлэл өгөх вэ?

– Вирус нь дотроо тооноосоо хамаараад идэвхжил гэж байдаг. Тоо нь хэр ихээс хамаараад идэвхжлийн зэргийг тогтоож тохирох эмчилгээг нь хийдэг. Энэ шинжилгээг хийлгэснээр иргэд эрүүл мэндийн байдал, элэгний өвчлөл, вирусын идэвхжлээ хянах боломжтой гэсэн үг.

-Элэгний өвчлөл нэмэгдэхийн хэрээр энэ өвчнөөр бизнес хийгчид олширч байна. Чанартай чанаргүй эм тариа ихэсч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

– Хамгийн гол зүйл бол шинжлэх ухаанаар батлагдсан, нотлогдсон эмчилгээний арга замаар яваасай гэж хүсч байна. Эцсийн бүлэгт хүмүүс бөө, лам, энергийн эмчилгээ зэргээр яваад цаг хугацаа алдаж, хүнд шатандаа орохоор эргээд бидэнд ханддаг. Тийм болохоор хүмүүс минь битгий цаг хугацаа алдаач. Шинжлэх ухаанаар нотлогдсон эмнэлгийн газарт, мэргэжлийн эмч нарт хандаач ээ гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *