Б.Энхболд: “Завхан хүнс” групп монгол махны үнэ цэнийг өсгөх зорилго тавьсан

2-р сарын 25, 2016 9:23 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 226
2-25-6х

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан хүнсгруппын Ерөнхийлөгч БатОчирын Энхболдтой уулзаж ярилцлаа. БНХАУд мах экспортлох эрх авсан гурван аж ахуйн нэгжийн нэг нь тус групп юм.

Та бүхэн бэлтгэсэн махаа хилээр гаргаж эхэллээ. Хил нээгдээд л  бүх зүйл дардан болчих уу. Цаашид шийдвэрлэвэл зохих ямар нэг хүндрэл бэрхшээл бий юу?

БНХАУд мах экспортлох үйлд­вэрүүдийг сонгон шал­гаруулахад нийтдээ есөн үйлдвэр хамрагдсан.

Эднээс эхний ээлжиндГрийн Грасланд”, “Завхан хүнс”, “Монгол эко мийтзэрэг баруун бүсийн гурван үйлдвэрт  салаа туруутай буюу хонь, ямаа, үхрийн мах гаргах эрх өгсөн. Баруун бүсэд малын өвчлөл харьцангуй бага учраас экологийн эрүүл бүс гэж тодорхойлоод, энэ гурван компанид зөвшөөрөл өгсөн байгаа.   Хятадын зах зээлд мах гаргахад зам болон тээврийн асуудлын хүндрэл байна. Урд хөршид мах экспортлох боомтыг нээж өгсөн нь ГовьАлтай аймгийн Бургастайн боомт. Бургастайн боомтоор гараад цаашаа Хятадын Шинжаань Уйгур залгана. Эхний ээлжинд гурван компани хоорондоо тохиролцоод  Увс аймгийн   “Грийн ГрасландкомпанийнМон Туваүйлдвэрт бэлтгэсэн 17 тонн махыг энэ сарын 19-нд хилээр гаргасан. Ингэж мах экспортлох замыг нээснээр цаашдаа саадгүй,тасралтгүй махаа гаргаад байх бололцоотой боллоо гэсэн үг. Энэ үеэр Бургастайн боомтыг өргөжүүлэх, тохижуулах,дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг асуудлыг албаныхан бас хөндсөн байна лээ. Цаашид бидний зүгээс зам харгуйгаа засах,сайжруулах талаар төр, засагтайгаа аль болох боломжит нөөц бололцоогоороо хамтран ажиллахаар ярилцаж, тө­лөв­лөж байгаа. Түүхэндээ анх удаа Хятадын зах зээлд албан ёсоор хонь,үхэр,ямааны мах экспортолж эхэлж байгаа учраас бид энэ бо­ломжийг сайтар ашиглах ёстой.

Зам, тээврийн бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдэх вэ.Зам харгуй харьцангуй сайтай баруун талын өөр боомтоор мах гаргаж болохгүй юу?

Махны экспортод гарч буй хамгийн том бэрхшээл бол зам,тээврийн асуудал байна. Алтайн нурууны тэр олон хавцлаар дамжиж,хөдөөгийн замаар тээвэр хийнэ гэдэг бол их бэрхшээлтэйБургастайн боомт руу явах замд Алтайн нурууны өмнөд хэсгээсээ 50, 60 кмт Алтайн Хүдрийн тавьсан зам байна, бусад нь  дан хөдөөгийн зам.Хятадын талаас хамгийн эрүүл коридор  гэж үзээд ганцхан  Бургастайн боомтыг сонгосон л доо.Баруун аймгуудаас Хятад руу гардаг Ховдын Булганы боомт бас бий.Гэвч сүүлийн жилүүдэд Ховдод бас шүлхий гарснаас болоод шаардлага хангахгүй гэж үзсэн юм билээМэдээж  Бургастайн боомтын дэд бүтцийн асуудлыг төр, засагтайгаа хамтраад шийдэж болох байх  гэж бид үзэж байгаа.

-“Завхан хүнсгрупп мах экспортлоход хэр бэлтгэлтэй байсан бэ?

МанайЗавхан хүнсгруппын хувьд  Завхан аймгийн Улиастай хотод байх мах комбинат буюу мах боловсруулах үйлдвэрийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Германы техник, эдийн засгийн үндэслэлээр   1986 онд баригдсан, улсын хэмжээний махны үйлдвэрүүд дотроо хүчин чадлын хувьд хоёрдугаарт ордог үйлдвэр. Сонгон шалгаруулалтад орж, мах экспортлох зөвшөөрөл авахаас өмнө ч манай үйл ажиллагаа жигд  явагддаг байсан. Завхан, Баянхонгор, Хөвсгөл, ГовьАлтай, Ховд, Увс аймгуудаас жилийн жилд мах бэлтгэж ирсэн. Өнгөрсөн жил Завхан аймагтЗавхан нэгдэлтөсөл гэж мах бэлтгэлийн нэлээд том төсөл хэрэгжүүлж, чамлахааргүй үр дүнд хүрсэн. Төсөлд Завханы нийт малчин өрхийн 50 хувь хамрагдаж, малчид маань ч төслийн үр ашгийг мэддэг болсон. Өнгөрсөн жилийн тухайдЗавхан нэгдэлтөслийн хүрээнд хамгийн боломжит өндөр үнэ ханшаар мах бэлтгэж, бэлтгэсэн махаа гаргахад бэлэн болоод байна. Ер нь  бид Хятадын том зах зээлд мах гаргах болсон  нь зөвхөн нэг компанийн юмуу, тэнд ажиллаж байгаа хэдэн хүний хувьд ач холбогдолтой зүйл биш юмБаруун таван аймгийн малчдын хувьд томоохон ирээдүй, эдийн засгийн боломж нээгдэж байна гэсэн үг

 –Урд хөрш махны импортдоо нэлээд өндөр шаардлага тавьж байгаа.Тодорхой шалгуурыг байнга хангаж байхын тулд танай групп юунд анхаарч ажиллаж байна вэ?

Хятад руу мах гаргахад олон улсын стандарт шаардлага тавьж байгаа. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сав баглаа боодолтой байх, махаа үйлдвэрийн аргаар бэлтгэсан байх зэрэг  асуудлыг хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээр, эрүүл ахуйн байгууллагуудын хоорондын хамтарсан протоколын хүрээнд  тохиролцсон. “Завхан хүнсгруппын хувьд бэлтгэл ажлаа 2014 оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн оны мал тооллогоор Завхан аймаг гурван сая гаруй толгой мал тоолуулсан. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх, дээр нь мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, тус аймгийн хөгжлийг мал аж ахуй дээр түшиглэн хөгжүүлэх хэд хэдэн үндэслэлээр бидЗавхан нэгдэлтөслийг эхлүүлсэн. Анх 2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагийнНогоон алттөслийнхөнтэй хамтарч эхлүүлсэн. Дараа жилээс нь компанийн зүгээс дангаараа хэрэгжүүлж эхэлсэн. Нийт аймгийн хэмжээгээр тоолуулсан мал сүргийн таван хувийг энэ төсөлд хамрууллаа гэхэд 150 мянган толгой мал болно. Ийм тоо толгой малын махыг стандарт шаардлагын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгээд байхад л малчид маань ч, компани ч, аймагт ирэх эдийн засгийн ашиг нь ч өгөөжтэй  байхаар бид тооцсон. Энэ жилийн хувьд 60 мянган толгой малын махыг бэлтгэсэн. Ер нь бид мах бэлтгэлийн системээ ярихгүйгээр махыг экспортлоно гэж мянга яриад нэмэргүй. Хуучин засгийн үед нэгдлийн малын махыг сум нэгдлүүдэд төлөвлөгөө, норм өгөөд л бэлдчихдэг байсан. Гэвч 1990-ээд оноос хойш мал хувийн өмчлөлд шилжсэнээр төлөвлөгөө норм гаргаж, шууд тэг ингэ гэж зааж зааварлах боломжгүй болсон. Мал мах бэлтгэлийн хуу­чин тогтолцоо ч нур­сан. Ер нь мах бэлт­гэлийн тогтолцоо нь тодорхой,төлөвлөгөөтэй, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан мах бэлтгэж байж экспортын шаардлага хангаж, цаад түншлэгч талынхаа итгэлийг алдахгүй байж чадна. Түүнээс биш зах дээр байгаа махыг хамж аваачаад экспортод гаргана гэсэн ойлголт байхгүй л дээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, гар аргаар бэлтгэсэн мах хоёрын хадгалалтын чанар асар их зөрүүтэй. Энгийн логикоор бодоход үйлдвэрийн аргаар мах бэлтгэхэд цусыг нь маш сайн юүлж, нян бактеригүй бэлтгэдэг  учраас удаан хадгалж болдог.Дээрээс нь хөлдсөн мах гэсэхдээ шинэ байдлаар гэсдэг.Гар аргаар бэлтгэсэн мах  дотроосоо муудаж харлах жишээний. Тийм учраас экспортыг ярья гэвэл мах бэлтгэлийн системээ давхар ярих ёстой л гэсэн үг. Манай групп үүнд онцгой анхаарч ажиллаж байна.

Малаа эрүүлжүүлэх нь  тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Цаашид юунд анхаарвал эрүүл малтай,махтай байж чадах бол?

Ер нь бол эрүүл малтай байж л бид экспорт ярина.Малыг эрүүлжүүлэх систем яг мах бэлтгэлийн системтэй адил алдагдчихсан. Тийм учраас өнөөдөр үйл  ажиллагаа явуулж буй хувийн мал эмнэлгүүдээ үйлдвэрүүдтэйгээ холбож, мах бэлтгэлийн сүлжээтэйгээ эрүүлжүүлэх ажлыг давхар явуулах боломжтой гэж үзэж байна. Эрүүлжүүлэхийн тулд  ээмэгжүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр ээмэгжүүлж ирсэн ч нийт малыг хамарч чадаагүй байгаа. Ээмэгжүүлнэ гэдэг малыг паспортжуулж байна л гэсэн үг. Ингэснээр ямар нэг өвчин гарахад голомтыг нь олох, эмчлэх, хорио цээр тогтоох, улмаар халдварт өвчнийг таслан зогсооход үнэхээр чухал. Төрөөс хэрэгжүүлж буй ээмэгжүүлэх тө­сөл хөтөлбөрүүдийг ч мах бэлтгэж буй үйлд­вэрүүдийн үйл ажил­лагаатай уялдуулах замаар нэг цогц байдлаар шийдэх боломжтой гэж хувьдаа бодож явдаг. Мал эмнэлгүүд мэдээж тухайн орон нутагтаа эрүүл ахуйн журнал хөтлөөд явах ёстой. Ингэж  асуудлаа шийдвэл Монголын бүх малыг эрүүлжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэнэ.Улмаар ялангуяа хонь, ямааны махыг Австрали, Шинэ Зеландын махтай өрсөлдөхүйц төвшинд аваачих боломжтой. Үхрийн махны тухайд өрсөлдөхөд бас технологи хэрэгтэй л дээ. Өнгөрсөн хугацаанд манайх  ОХУ руу голдуу махаа экспортолж ирсэн. Гэхдээ тус улсын үндэсний онцлог зэргээс шалтгаалаад хонь, ямааны мах гаргах боломжгүй, үхрийн мах л экспортолдог байсан. Нэгэнт Монголын махны зах зээл хоёр хөршөөс хамаарах учраас хойшоо үхрийн махаа, урагшаа хонь, ямааны махаа гаргах стратеги л баримтлах нь зүйтэй.

Цаашид фермерийн аж ахуйг хөгжүүлбэл манайд илүү ашигтай юу?

Ер нь бол бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдэж байж л Монголын онцлогтой монгол малын мах үнэд орно гэж бодож байгаа. Сүүлийн үед манайхан эрчимжсэн мал аж ахуй гэж их ярьж байгаа ч жишээ нь Австралийн том том үхрийн фермүүдтэй өрсөлдөх хэмжээнд очтол хаа байсан юм бэ. Хонь,ямааны аж ахуй ч адилхан. Тийм учраас бэлчээрийн уламжлалт мал аж ахуйгаа улам боловсронгуй болгож, малчдынхаа тоог нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж хөгжих ёстой гэж үздэг. Үнэхээр мал маллаад сайхан амьдарч чадаж байвал мал маллах залуучууд нэмэгдэнэ. Монголын уудам газар нутгийн экологийн өвс ургамал идсэн малын мах хамгийн чанартай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Бид брэнд үйлдвэрлэнэ гэж ярьдаг.Тэгвэл брэндийн чинь нэг нь монгол малын мах шүү дээ. Гол нь Монголын малын махыг ямар маркетингаар гадаад зах зээлд гаргах вэ гэдэгт л бодлогоо төвлөрүүлэх цаг ирсэн. Энэ асуудлыг хариуцсан төрийн бүхэл бүтэн институц ажилламаар байгаа юм. “Завхан хүнсгрупп ч үүнд зорьж яваа. Өнөө маргаашдаа мах гаргаж, мөнгө олохдоо гол нь биш, чанартай сайн махыг гадаадын зах зээлд таниулж, үнэ цэнийг нь өсгөх зорилго тавьж явна.

-“Завхан хүнсгруппын бэлтгэсэн мах хэдийд экспортод гарах вэ?

Энэ жилийн тухайдЗавхан хүнсгрупп 2000 орчим тонн мах экспортлохоор бэлтгэсэн. Нэгэнт эхний ээлжийн мах гарч, боомт нээгдсэн учраас үргэлжлүүлээд бэлтгэсэн махаа гаргана. Гэхдээ Бургастайн боомт тэгш тоотой саруудад нээгдээд, сондгой тоотой саруудад амардаг.Энэ нь бас махны экспортод бэрхшээл дагуулах учраас боомтыг байнгын ажиллагаатай болгож өгөх хүсэлтийг төр,засагтаа уламжилсан. Хятадын талтай хамтарч асуудлыг шийдэх байх.Энэ асуудал шийдэгдээд  амжвал гуравдугаар сард,амжихгүй бол дөрөвдүгээр сард бэлтгэсэн махаа экспортод гаргана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *