Б.Батзоригийг үлдээж, Засгийн газраа явуулахаар шийдэв үү?

11-р сарын 7, 2018 7:20 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 10
11-7-1

Т.БАТСАЙХАН

Эрх баригч МАН-ын огцруулж, томилох ажиллагаа дахин явагдаж эхэллээ. Гэхдээ энэ удаад ЖДҮХС-гийн замбараагүй зарцуулалт намынх нь эрх мэдлээс хальж, хуулийн байгууллагад очоод байна.

Өдөр нь “давхар дээл”-ээ мултлуусан Б.Батзоригийн “дан дээл”-ний асуудлыг хөндсөн прокурорын саналыг үдээс хойш намынх нь бүлэг хэлэлцэв. Тэд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдлээ.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай байх магадлалтай юм.

Нэгдүгээрт, өөртөө болоод хамаарал бүхий этгээдүүддээ гуйсаар байгаад зээл авсан гишүүд түүнийг хамгаалж үлдэхээс аргагүй байдалд орсон байж таарна. Учир нь өдгөө ЖДҮХС-гийн хэрэг гэгч томоохон хавтаст хэргийг АТГ нээж, үүнд нь УИХ-ын 50гаруй гишүүн шууд болон дам холлбогдож байгааг эх сурвалжууд гаргаж тавиад байгаа.

Хоёрдугаарт, Б.Батзоригийг авч үлдээд оронд нь Ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлэх тохироог хийсэн бололтой байна. Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт тун чиг таагүй хандаж байгаа бөгөөд ҮАБЗ-ийн хүрээнд тохирсон гэх хөрөнгүүд ирэх оны төсөвт суугаагүй юм. Үүнд нь Сангийн сайд гэдийж, Ерөнхийлөгч ч зүгээр суулгүй УИХ-ыг тараана гэх зэргээр “арга хэмжээ” авч эхэлсэн.

Мөн сүүлийн үед ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тоо нэмэгдэх хэрээр УИХ-ын нэр хүнд унаж байгаа юм. Гэвч энэ удаад тэрхүү санг хариуцаж байгаад хөрөнгийг нь хавиар нэг тараасан хүнийг хаацайлж үлдсэнээрээ УИХ нийгэмд улам муухай нэртэй болж үлдэж байна.

Тэгэхээр Б.Бат­зоригийг авч үлдсэ­ний дараах алхам УИХ-аас ч, Ерөнхийлөгчөөс ч, бүр Засгийн газраас ч гарч таарна. Чоно борооноор гэгчээр Б.Батзоригийн оронд сайд болох хүсэлтэй нэр бүхий хүмүүс ч янз бүрээр хувийн тоглолт хийхэд бэлэн болоод байгаа юм. Хамгийн аюултай нь 2020 оны сонгуульд итгэлгүй болсон эрх баригчид энэ удаад эсэн мэнд үлдэх, зарим нь дээр хэлснээр Засгийн газарт сайдаар ажиллах, бүр болохгүй бол Ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлээд оронд нь намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг унагаж фракцаараа, бүлгээрээ шинэ Засгийн газар бүрдүүлэх ажилд ч ханцуй шамлаж мэдэхээр байна.

Ер нь бол өчигдрийн байдлыг харахад УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь үлдээж, олонхийн эрх ашгаа авч үлдээд оронд нь Засгийн газраа явуулж магадгүй болоод ирлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *