Б.Батбаяр: Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд суурилсан үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй

11-р сарын 27, 2017 8:20 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 220
11-26-4х

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер, дэд профессор, доктор Б.Батбаярыг урилаа.

ХӨДӨӨ АЖ АХУЙ БА ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР

Аливаа улс орны эдийн засгийн өсөлт болон улсын хөгжилд хамгийн чухал салбар нь жижиг, дунд үйлдвэрлэл байдаг. Тиймээс манай улсын хувьд эдийн засгаа чадавхжуулах, хүн амын төвлөрлийг сааруулахад жижиг, дунд үйлдвэрлэлийг бүс нутаг буюу хөдөө орон нутагт хөгжүүлэх шаардлагатай. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар 2008 оноос хойш далайцтай ярьж эхэлсэн. Ингэхдээ судлаач эрдэмтэд болон бизнес эрхлэгчдийнхээ үгийг сонсдог болсон. Судалгаа, шинжилгээ хийж байгаа зэрэг сайн тал олон байна. Гэхдээ зайлшгүй анхаарах зүйл олон бий. Тухайлбал, хууль эрхзүйн орчин, дүрэм журам батлагдаж байгаа ч төдийлөн бүрэн хэрэгжихгүй байна. Үүнд тухайн салбарт ажиллаж байгаа боловсон хүчний мэдлэг чадвар муу байгаа нь нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний чанар стандартын асуудал бий. Түүнчлэн нэг төрлийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлж байна.

Тэгвэл Монгол Улсын хөгжлийн гарц нь жижиг, дунд үйлдвэрлэл гэж тодорхойлж байгаагаа тайлбарлая. Манай улсын эдийн засгийн чухал салбарын нэг нь хөдөө аж ахуй. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дахь жижиг, дунд бизнесийг эрхлэх системтэй бодлогыг төрөөс гаргах хэрэгтэй. Хэдийгээр уул уурхайн дэлхийн зах зээлд хүчтэй байгаа боловч Монгол Улсад энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчид. Гэтэл тэдний оруулж ирсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны чиглэл, менежментийг нь харвал, манай улсад үр өгөөжийг нь хүртэх цаг хугацаа болоогүй мэт харагддаг. Түүнээс гадна олборлосон түүхий эдийг боловсруулахгүй түүхийгээр нь гаргадаг. Энэ нь өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаж эдийн засагт дорвитой хувь нэмэр болохуйц байдлаар ашиглаж чадахгүй байгааг илтгэнэ. Магадгүй дэд бүтэц, тээвэр логистикийн зардал асар өндөр байгаагаас үүдэлтэй өртөг зардал өндөр байгаа тухай асуудлыг ярих байх. Нөгөөтэйгүүр дэлхий нийтээр нүүрсний хэрэглээгээ бууруулахад анхаарч байгаа зэрэгтэй уялдуулан төрөөс тодорхой бодлого баримталж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжиж ирсэн түүх бий. Тэр дундаа жижиг, дунд бизнесийнхний хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн түүхий эд болдог. Хүмүүсийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд эдийн засгийн болоод эрх зүйн орчны талаар төрөөс системтэй бодлого барьж ажиллах хэрэгтэй. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ каластерийн аргыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. Одоогийн байдлаар манай үйлдвэрлэгчдэд техник технологи дутаж байна. Зах зээлийн багтаамж жижиг байхаас гадна мэргэжилтэй боловсон хүчний дутагдал гарч байгаа. Түүнээс гадна манай компаниуд түүхий эдээ боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэ­хүүн болох бүхий л шат дамжлагыг өөрөө хийж байна.

БЛИЦ

 

БОЛОВСРОЛ:

-ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургууль. Тээврийн эдийн засаг, менежмент/Бакалавр/

-ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургууль / Эдийн засгийн ухааны Магистр/

-ОХУ-ын Москва хотын Плехановын нэрэмжит Эдийн засгийн академи / Эдийн засгийн ухааны доктор Ph.D/

-Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэд профессор

-Монгол Улсын “Зөвлөх инженер”

 

АЖЛЫН ТУРШЛАГА:

-Эрдэнэт хотын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  “Барилга-засвар”-ын цехийн арга зүйч

-Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд эдийн засгийн багш

-ИЗИС-ийн Бизнесийн удирдлагын сургуульд эдийн засгийн багш

-ХҮДС-ийн эдийн засгийн тэнхимд эдийн засаг, менежментийн багш

-ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн менежментийн тэнхимд менежментийн багш

-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-т Тээврийн эдийн засаг, менежментийн ахлах багш

-Жижиг, дунд бизнесийг дэмжих сургалт судалгааны “Инкубатор” төвийн захирал

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БА КАЛАСТЕР

Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх шилдэг арга нь каластер гэдгийг олон орны жишээнээс харж болно. Гадны өндөр хөгжилтэй орнуудын жижиг, дунд үйлдвэрийг судалж байхад нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг дагасан олон жижиг үйлдвэр байдаг. Тэдгээр нь эцсийн бүтээгдэхүүний зөвхөн нэг хэсгийг нь тогтмол үйлдвэрлэнэ. Ингэснээр зах зээлд оршин тогтнох, дэлхийд танигдсан барааг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний том үйлдвэрлэгчийн нэрийн бүтээгдэхүүний деталл хэсгийг жижиг, дунд үйлдвэрлэгчид чанарын өндөр төвшинд гүйцэтгэн нийлүүлж байна.

Гэтэл манай улсад томоохон үйлдвэрлэгч нь сүүгээ худалдаж авахын зэрэгцээ бүхий л шат дамжлагыг өөрөө гүйцэтгэн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээл рүү гаргаж байгаа юм. Энэ нь жижиг, дунд үйлдвэр хөгжих боломжийг боомилдог. Тодруулбал, нийт үйлдвэрлэгчдийн 60 гаруй хувь нь өөрийн байргүй, үндсэн хөрөнгийн хомсдолтой байхаас гадна техник технологи нэвтрүүлэх чадваргүй зэрэг асуудал тулгарч байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс бодлогын зохицуулалт хийх ёстой.

Манай улсын хувьд ноолуурын зах зээлд ганц “Говь” компани байхад л болно гэж хардаг. Гэтэл хөнгөн үйлдвэрийн бодлого нь төрийн бодлоготой зохицохгүй байгаа учраас энэ салбарт ажилладаг олон жижиг үйлдвэрийг бий болгосон. Эдгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанар, стандартад нийцсэн эсэхийг тодорхойлж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр жижиг зах зээлд нэг төрлийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр цаашид хөгжих боломжийг боомилж байгаа юм. Зүй нь энэ үйлдвэрүүд каластерийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд тулгамдах эрсдэлийг бууруулна. Үүний тулд төрийн зохицуулалт чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зарчмаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх учиртай. Гэхдээ энэ хугацаанд огт ажиллаагүй гэж хэлэх гэсэнгүй. Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдэх асуудлыг хуульд тусган тодорхой ажлыг зохион байгуулсан нь сайшаалтай. Гэтэл энэ нь тодорхой үр дүн болж харагдахгүй байгаагийн шалтгаан нь борлуулалттай шууд холбоотой. Нэг үгээр хэлбэл, зөвхөн дотоодын зах зээлд борлуулалт хийхээс гадна экспортод гаргахад чиглэж ажиллах учиртай юм. Харамсалтай нь манайд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд олон улсын стандартад нийцэхгүй байгаа нь гадагшаа худалдаалах боломжгүй болдог. Манай улс хоёр том зах зээлийн дунд байгаа ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж чадахгүй байгаагаас хумигдмал орчинд ажиллаж байна. Тодруулбал, шинэ санаа, шинэ технологи ашиглахын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах ёстой. Үүний тулд боловсон хүчнийг чадавхижуулах, үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг оновчтойгоор боловсруулах зэрэг олон зүйл тулгарч байгаа юм.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ

Цаашид Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, дэлхийн зах зээлд гаргахын тулд үйлдвэрүүдээ чадавхижуулах нь маш чухал. Хэрэв өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье гэвэл үйлдвэрлэлээ төрөлжүүлэн, бүртгэлжүүлэх ажлыг эрх бүхий байгууллага хийх ёстой. Жишээлбэл, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн тоо, гарч байгаа бүтээгдэхүүний чанар стандартыг нь бүртгэлжүүлснээр дараагийн шатны арга хэмжээг авах хэрэгтэй. Ингэснээр шинээр үйлдвэрлэл эрхлэхээр төсөл боловсруулж байгаа хүмүүст аль салбарт, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ гэдгийг төвөггүй хэлэх боломж бүрдэнэ. Нэг талаас төрийн ажлын бүтээмж өндөр болж, хөрөнгө оруулагчдыг үргүй зардлаас сэргийлэх алхам болох юм. Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг зөв зарцуулах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд түлхэц болно. Хэдийгээр бизнес зах зээлийн зарчмаар явах ёстой хэдий ч улс орны хувьд төрийн бодлогоор зохицуулалт хийснээр эдийн засгийг бэхжүүлэх алхам болж ирнэ. Ийнхүү үйлдвэрлэлээ бүртгэлжүүлж, ямар бүтээгдэхүүнийг импортын бараанаас хамгаалж болох вэ гэдэг нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, төрөөс гаалийн татвар, импортын бүтээгдэхүүнд тавих квот зэргээр дотоод зах зээлээ хамгаалахаас гадна үйлдвэрлэл хөгжих хөшүүрэг болж ирнэ.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

Манай улс эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд хүргэх боломжтой. Ингэхдээ тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хүн амын төвлөрлийг сааруулах эхний алхам нь бүсчилсэн үйлдвэрлэл. 21 аймгийг бүсчилж хувааснаар аль бүсэд ямар үйлдвэр барих нь илүү өгөөжтэй, үр ашигтай вэ гэдгээ эхлээд тодорхойлно. Үүний дараагаар тус бүс нутагт барих үйлдвэрийг хувийн хэвшил эсвэл төрийн санхүүжилтээр барих эсэхээ тодорхой болгоно. Ингэснээр тухайн бүс нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна нийслэлийн хүн амын төвлөрөл саарч орон нутаг хөгжих боломж бүрдэнэ. Тодруулбал, үйлдвэрийг ажиллуулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Цаашилбал, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, орон сууц, дэд бүтэц гээд нийгмийн шаардлагаар бүхий л үйл ажиллагаа жигд явах болно. Хэрэв энэ ажлыг эхлүүлбэл, хүн бүрийн санааг зовоодог утааны асуудал ч багасна шүү дээ. Би төрийн оролцоо, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай гээд нэлээд ярилаа. Ингэхдээ төр бизнест хутгалдахыг хэлсэнгүй. Тухайн бизнесийг хөгжүүлж улсын эдийн засагт татвараар дамжуулан хөрөнгө төвлөрүүлэхийн тулд бодлогын зохицуулалтыг хууль эрх зүйн орчинд нь суулгаж өгөх хэрэгтэй юм. Жишээлбэл, Голландад барилгын стандартыг бий болгосон. Ингэхдээ тухайн улсын парламентаар орон нутгийнхаа онцлогт тохируулсан заалтыг оруулж өгдөг.

Тиймээс бизнесийнхэн нь стандартаа чандлан мөрдсөн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг байна. Гэтэл манайд стандартын шаардлага хангахуйц хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар цөөхөн бий. Тэгэхээр төр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлээд байгаа юм. Өрсөлдөх чадварыг боомилсон олон жижиг үйлдвэрийг хаах шийдвэрийг төрийн байгууллага гаргах аргагүй. Тэгэхээр олон улсад борлуулах чадвартай, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах нь байгалийн шалгарлаар үлдэх учиртай. Үүний дараагаар бүсчилсэн үйлдвэрүүдээ хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэрийг ханган нийлүүлэгч маягаар ажиллуулах зарчмыг баримтлах нь ирээдүйд хөгжих боломжийг бий болгоно.

МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Одоогоор манай улсад жижиг, дунд үйлдвэрлэл чадавхжиж чадахгүй байгаа олон шалтгаан бий. Түүний нэг нь мэргэжилтэй боловсон хүчин юм.

Гадны орнуудад дунд сургуулиас нь эхлээд хүүхдийг мэргэшүүлэхэд анхаардаг. Тэгэхээр манай улс нарийн мэргэжлийн ажилтныг бэлтгэхэд анхаарах цаг болсон. Сүүлийн үед дээд боловсрол гэж хэт хошуурснаас дунд шатанд ажиллах боловсон хүчний хомсдол бий болсон. Нөгөөтэйгүүр чадвартай боловсон хүчнийг бэлтгэхийн тулд нийгмийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Манай улс цалингийн доод хэмжээгээ 292 мянган төгрөг гэж тогтоосон. Ийм хэмжээний мөнгөөр одоогийн нийгэмд амьдралаа залгуулна гэдэг хүнд шүү дээ. Тиймээс аль болох албан тушаалд хүрч ахиу цалин авахыг хүсэх нь хүмүүсийн буруу биш. Тэгэхээр дунд шатны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг төрөөс боловсруулах хэрэгтэй юм. Тухайн ажилтан өөрийн чадвараа бодитоор үнэлүүлж өндөр цалин авах механизмыг бүрдүүлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2018 оны 4-р сарын 18

Mundag zaluu bna ajliin amjilt hvse

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *