Б.Бат-Орших: Сөхрөөд уначихгүй байх боломж бидэнд бий

10-р сарын 7, 2015 9:36 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 86
10-7-1

Г.ГАНЧИМЭГ

Бизнес, хөгжилбулангийн энэ удаагийн дугаартМооднуускомпанийн захирал Б.БатОршихийг урилаа.

Ажлын гутал үйлдвэр­лэе гэдэг санааг анх хэзээ олов. “Мооднуускомпанийг байгуулсан түүхээ яриач?  

Манай компани 2008 онд аюулгүй ажил­лагааны гутал үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдсан. Би гутал, арьсны загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Урлах эрдмийн дээд сургууль төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ гэж өөрөөсөө асуусан. Тэр үед уул уурхайн салбар ид хөгжиж байлаа.

Тиймээс энэ салбарт миний зүгээс юу хийж болох вэ гэж жил гаруй судалгаа хийсэн. Үүний үндсэндМооднуускомпаниа байгуулсан юм. Одоо ч гэсэн анх байгуулсан чиглэлээсээ хазайлгүй үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөлмөр хамгааллын гутал хийе гэдэг санааг жил гаруйн судалгаан дээрээсээ гаргаж иржээ?

Тийм ээ, ажил хийж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Аюулгүй ажиллагааны гутал олон стандарттай. Тэр бүрийг бүтээгдэхүүндээ шингээж өгсөн. Одоо ч шинэ стандартыг нэврүүлсээр байгаа.

-“Мооднуусгэдэг нэр ямар утгатай юм бол. Яагаад ийм нэр өгөв?

Монголын олон од, гялалзуулна гэсэн утгатай үг. Нийлүүлээд уншихаар моод ч гээд байгаа юм шиг сонсогддог. Утгачилбал, загвар талаасаа моодыг олон од мэт түгээнэ гэсэн санаа.

Танай компанийн үйлдвэрлэсэн гутал бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?

Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний шошго нь хүртэл арьс шүү дээ. Гадна, доторгүй цэвэр органик бүтээгдэхүүн учраас ажил хийж байгаа хүний дороос чийг татаж тавгүйтүүлэхгүй. Ажил хийж байгаа хүн байнгын хөдөлгөөнтэй учраас чийг ялгардаг. Арьс амьсгалдаг учраас агаар нэвтрүүлдэг, тэгээд хүний биед эвтэйхэн байх стандартаар хийдэг гээд чанар л ярина. Манай орон эрс тэс дөрвөн улиралтай. Ийм нөхцөлд ямар материал, аль загвар нь илүү тохирох вэ гэдгийг ч байнга судалж бүтээгдэхүүнээ гаргадаг.

Шошго нь хүртэл арьс гэдгийг сонсоход сайхан ч чанараа дагаад үнэтэй байх гэж бодогдож байна?

Би хувьдаа үнэтэй гэж бодохгүй байна. Манай улс түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн хоёр жилээс дотоодын үйлдвэрүүдийн арьс ширний чанар сайжирсан. Арьс ширний салбарынханд зориулсан бодлого гаргаж, улсаас хөнгөлөлттэй зээл өгсөн нь ийнхүү чанарт нөлөөлсөн болов уу. Үндсэн, том үйлдвэрүүд энэ зээлд хамрагдаж, технологио сайжруулсан. Технологийн дагуу арьс бэлтгэгдэж эхлэхээр бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар дагаад сайжирч байгаа юм. Өмнө нь чанар муутай арьс гардаг байлаа. Гутал хийхээр нөгөөдөх нь хэлбэрээ алдчихна. Эсвэл өнгө нь урсаад байхгүй болчихдог. Энэ нь үйлдвэрүүдийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байсан юм билээ. Бид түүхий эдээ дотоодоосоо авбал үнэ хямд. Бас чанартай. Үйлдвэрээс дөнгөж гарсан арьсаар бүтээгдэхүүн хийхэд хэчнээн урамтай гээч. Импортын арьс өндөр үнэтэй. Үйлдвэрлэгдээд удсан арьсаар гутал хийхэд чанарын хувьд дутагдалтай тал бий. Тиймээс бид дотоодын үйлдвэрүүдийн арьсыг авч гутал хийдэг.

Танай нэг гутал ямар үнэтэй юм бэ?

Хямдхан шүү дээ. Зуны гутал 70 гаруй мянга, өвлийнх нь 110 мянгаас дээш үнэтэй гардаг юм.

Би хэдэн жилийн өмнө техник технологийн нэгэн үзэсгэлэн дээр танай компанийн үйлдвэрлэсэн гутал санамсаргүйгээр хөл дээрээ нэг тонны төмөр унагалаа гэхэд хуруу бяцрахгүй гэж сонсч байсан. Тэгээд л их үнэтэй байх гээд бодчихож?  

Хөдөлмөр хамгааллын гутал хөлийн хуруу, ул, доргилт, чийг, хальтрахаас хамгаалахыг шаарддаг. Тиймээс өдөр тутмын гутлаас арай илүү чанартай байх шаардлагатай. Хоншоор төмөр нь нэг тонны даацтай төмөр унахад хэлбэрээ хамгаалж үлддэг даац, чанартай байхгүй юу. Харин целлиодон хоншоор 260 кгийн даацтай байдаг. Сүүлийн үед целлиодон хоншоортой гутал ч хийж байгаа. Төмөр хоншоор өвөл хайрдаг сул талтай л даа.

Өмнө нь манайд ийм ажлын гутал хийдэг байсан юм уу?

Хийлгүй яах вэ. Манайд их том гутлын үйлдвэр байсан шүү дээ. Тэнд олон төрлийн ажлын гутал үйлдвэрлэж байсан түүх бий. Харамсалтай нь 1990-ээд онд тарчихсан. Харин сүүлийн үед манайхан гутал хийж эхэллээ.

Голоор бол хэсэг хугацаанд шургачихсан байснаа урсч эхэлж байна гэсэн үг юм даа

Гутал хийдэг хүмүүс тэр хүнд үед дандаа гадаад шошго зүүж зардаг байлаа. Ингэхгүй бол хүмүүс худалдаж авахгүй. Дотоодод үйлдвэрлэсэн бараа хамгийн муу, чанаргүй гэдэг ойлголттой нэг хэсэг явсан. Энэ нь чадах, чадахгүй хүмүүс чанаргүй, муу гутал хийж зараад хэрэглэгчдийн дунд дотоодын үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унагаачихсантай холбоотой. Биднийг хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэж эхлэхэд яг ийм ойлголтоор хүлээж авч байсан ч бид гадаад шошго тавьж байгаагүй. Хэрэглэж үзээгүй байж үндэсний үйлдвэрлэгчээ доош нь хийж байгаа хүнтэй муудалцахдаа хүрч байлаа шүү дээ, анх. Хэрэглэж үзэж байж, үр дүнг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ итгэ­лийг олохын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэ­хүүндээ хагас жилийн баталгаа өгдөг болсон. Хүмүүс ч арай өөрөөр харж эхэлсэн.

Сольж өгч байв уу?

Сүүлийн гурван жил сольж өгөх шаардлага гарсангүй.

Яагаад?

Манайд 2007-2008 онд гадаадаас оруулж ирж байсан арьс технологийн хувьд асуудалтай байсан юм. Ийм түүхий эдээр гутал үйлдвэрлэхэд дандаа биш ч асуудал гардаг байлаа. Тиймээс бид ямар гарц байгааг хайж эхэлсэн. Ингээд түүхий эдээ аль болох чанартайг нь сонгодог болсон.

ОдооЭрдэнэтүйлдвэр гэхэд жижиг цехүүдээ хаачихсан. “Оюутолгойзогсчихсон байгаа нь та нарын бизнест нөлөөлнө биз?

Манай бүтээгдэхүү­нийг уул уурхайн ком­паниуд авч хэрэглэдэг. Гэтэл сүүлийн үед үүссэн нөхцөл байдал борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа. Ялангуяа энэ жил бүр илүү мэдрэгдэж байна. Өмнө нь бид ачааллаа дийлдэггүй байлаа. Энэ жил ерөнхийдөө сул зогсох талдаа өнгөрөөлөө.

-2008 оны хямралын үед танай компани байгуулагджээ. Одоо бас дахиад хямарчихлаа. Танд юу бодогдож байна?  

Манай компани 2008 оны хямралын үед байгуулагдаж байсан. Есдүгээр сараас нь байдал бүр дордож байсан юм даг. Яг тэр үеэр банкнаас зээл авч байлаа. Сүүлдээ төлөх гэж жаахан хэцүүдсэн шүү. Өнөөдрийн хямралыг тэр үеийнхтэй харьцуулбал илүү удаан үргэлжилж байна. Нөхцөл байдал одоо улам дордлоо.

Яаж энэ хүнд нөхцөл байдлаас гарах вэ?

Эдийн засаг гэдэг чинь зөвхөн уул уурхай биш. Тиймээс одоо арай өөр өнцгөөс харж ажиллах хэрэгтэй л дээ. Дотоодын үйлдвэрүүдээ аль болох дэмжвэл зүгээр. Тэд ч зүгээр суух биш бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг хайх хэрэгтэй. Уул уурхайн салбар шиг их мөнгө эргэлдэхгүй ч арай сөхрөөд уначихгүй байх боломж бидэнд бий. Манай үйлдвэрлэгчид муу юм хийж нэр хүндээ унагаадаг тал бий. Одоо ингэж л болохгүй. Яах вэ, манай улс үйлдвэрлэлийн түүх багатай. Гэхдээ л хичээх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хямрал үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтайгаар эргэх нь бий. Зарим хэрэглэгч тансаг зэрэглэлийн үнэтэй брэндээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэгчдийн барааг сонгодог болж байгаа. Ийм үзэл сүүлийн үед илт мэдрэгдэж байна. Энэ нь үйлдвэрлэгчдэд ашигтай. Наад зах нь ажлын байраа алдахгүй шүү дээ.

Тэгвэл танай компани нөхцөл байдалтайгаа хол­богдуулаад ямар бод­ло­готой ажиллаж байна вэ?

Бид залуучууддаа зориулаад загварлаг, чанартай, тэгээд боломжийн үнэтэй гутлыг удахгүй гаргана. Цэвэр арьсаар хийсэн, залуучуудад зориулсан чанартай гутлыг дээд тал нь 150 мянган төгрөгт багтсан үнэтэйгээр хийхээр төлөвлөж, ажиллаж байгаа.

Өнөөдөр манай зах зээлд энэ чиглэлийн хэчнээн үйлдвэр байна вэ?

Арьс ширний хол­боонд бүртгэлтэй 100 га­руй жижиг үйлдвэр бий. Үү­нээс мэргэжлийн төв­шинд ажиллаж байгаа нь цөөн.

Тэгвэл манайд үйлдвэр гэдэг зүйл жинхэнэ утгаараа алга юм байна?

-Ганц, хоёр жишиг үйлдвэр бий л дээ. Үйлдвэр хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг их чухал зүйл шүү дээ. Үйлдвэр босч ирж байж эдийн засаг сэргэнэ. Монголд үйлдвэр босч ирэхгүй байгаа нь улстөртэй л холбоотой шүү дээ. Улс, эх оронд хэрэгтэй зүйлийг бодлогоор дэмжиж, хамтарч  ажиллах хэрэгтэй. Гэтэл ингэдэггүй л юм даа. Үнэндээ улстөрчдийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ” гэдэг нь ихэнхдээ хоосон лоозон болж замхарчих гээд байдаг. “Чамлахаар чанга атга” гэгчээр арьс ширний салбарт сүүлийн үед хийж байгаа ажил бол бий шүү.     

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *