Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн өршөөлийн хуулийг анхнаас нь дэмжээгүй

8-р сарын 27, 2015 9:45 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 40
8-27-1h

Ч.ҮЛ-ОЛДОХ 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд та ямар байр суурьтай байна?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг анхнаас нь дэмжээгүй. Ер нь бол ийм хууль гаргаснаар улс орны эдийн засаг сэргэнэ, далд эдийн засаг ил болно, улсын төсөвт төвлөрдөг татвар эрс нэмэгдэнэ гэж ярьж 7-8 жилийн өмнө Татварын өршөөлийн  хуулийг баталсан.

Тэр үед би Их хурлын гишүүн байсан. Хууль батлахад тодорхой асуудлаар  байр суурь  илэрхийлж  байсан гишүүдийн нэг. Гэтэл  тэр  хуулийг баталснаар  сайхан болно гэж яриад  байсан хүмүүсийнх шиг улс орны  амьдрал, эдийн засгийн байдал   тийм сайхан болоогүй. Үр дүн гараагүй. Хууль харин ч эсрэгээрээ хэрэгжсэн. Тухайлбал, судалгаагаар  төсөвт төвлөрдөг байсан хөрөнгө, татвар багассан үзүүлэлттэй гарсан тод жишээ бий. Тэгвэл өнөөдөр дахиад Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нэртэй  л болохоос  өмнөхтэй адил татварыг өршөөсөн   хууль  баталж  гаргалаа. Хууль батлахын өмнө энэ бол эдийн засгийн бүртгэлийг сайжруулна гээд байсан. Яг батлагдаж гарахдаа хууль гарахаас өмнө шалгагдаж байсан болон мөрдөн байцаалтын шатанд байгаа   эдийн засагтай холбоотой гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй байх  тухай  заалтуудыг оруулчихлаа.

-Тухайлбал?

 -Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд төсвөөс гадуур хэд хэдэн төсөвтэй болчихсон. Төсөвт ордоггүй, тэр бүр мэддэггүй тухайлбал, “Чингис бонд”, “Самурай бонд” гэхчлэн олон бонд,  Хөгжлийн банкны мөнгө, дээр нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”  гэж үр дүнд хүрдэггүй, тэгсэн хэрнээ хаа яваа нь мэдэгддэггүй, одоо ч ямар компанид өгсөн нь бүрхэг, өгсөн мөнгөө эргүүлж олж  чадах эсэх нь тодорхойгүй байгаа ийм будлиан завхрал, луйвартай холбогдсон эргэлзээтэй зүйлүүд байгаа. Тэгвэл  тэр бүхнийг  цайруулах зүйл, заалтууд  Эдийн засгийн өршөөлийн  хуульд орчихлоо. Бодитойгоор хэлэхэд,  томоохон пүүс  компанийн эзэд  шийдвэр гаргах төвшинд, Их хурал дотор орж ирээд суучихсан байгаа.  Зөвхөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хөрөнгийг  гэхэд л өөрсдийн мэдлийн нэр  бүхий  цөөхөн  компанид хуваагаад өгчихсөн шүү дээ. Өмнө нь иргэн бүрт   олгож байсан 21 мянган төгрөг,  жилд  800 гаруй тэрбум төгрөг олгож байсныг хавтгайрсан халамж байна гэж ад үзэж татуулсан атлаа үүнээс дөрөв дахин илүү хөрөнгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т гаргаад хариу үр дүн нь эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнэ галзууртлаа өссөн байх жишээтэй. Манай улс өмнө нь улс орны том эдийн засгийн суурь  хөгжлийн дэд бүтцийн томоохон төслүүд тухайлбал, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, холбоо харилцааны, Мянганы зам зэрэгт гадаад улс  орнуудын урт хугацаатай зээл, тусламжаар  санхүүжүүлж явж ирсэн.  Гэтэл үүнийг болиулаад оронд нь   4-5-хан жилийн хугацаатай,  өндөр хүүтэй  “Чингис бонд”нэртэй  зээл оруулж ирж  санхүүжилт хийдэг болсон. Ингэхдээ наад захын гялгар цаасан хүлэмжээс өгсүүлээд аймаг, сумын төвүүдэд зам тавих, даруй ашгаа өгөхгүй, эдийн засгийн эргэлтэд орохгүй урт хугацаанд ашгаа олох төсөл, хөтөлбөрт тараагаад өгчихөж байна. Тэгээд “Чингис бонд”-ыг бид бүгдээрээ л авч ашигласан, танай сум ч авсан, манай аймаг ч авсан, тэр иргэнд хүлэмж өгсөн  гээд тайлбар тавиад сууж байх юм. Бонд нь ийм үр дүнгүй зүйл болчихлоо.

-Ингэхэд УИХ бонд гаргах зөвшөөрөл өгөхдөө ямар чиглэл өгсөн юм бэ?

-УИХ-аас бонд гаргаж өгөхдөө гаргасан тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл нь энэ хөрөнгийг маш хурдан ашгаа өгөх үр дүн бүхий томоохон үйлдвэрүүдийн төсөлд ашиглах, нэг ам.долларыг хоёр болгох үр өгөөжтэй хэлбэрээр ашиглахыг анхааруулсан. Гэтэл ямар ч үр дүнгүй зарцуулчихаад  ашигтай зүйлд хөрөнгө оруулсан, сайхан зүйл бүтээсэн мэтээр орой болгон телевизээр ярьж, тархи угаадаг ажлаа эхэлчихсэн явж байна. Энэ бүгдийг бүхэлд нь дүгнээд хэлэх юм бол, эдийн засгийн өршөөл маань ерөөсөө эд хөрөнгө бүхий хүмүүсийн гэмт үйлдлийг далдалж өгөх хууль болсон.

-Эрүүгийн өршөөлийн хууль ч мөн адил шүүмжлэл дагуулж байгаа. Энэ хуулийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлыг та юу гэж үзэж байна?

-Би энэ хуулийг  санаачлагч гишүүдийн нэг. Хуулийн төслийг 2012 оноос хойш гурван жил гацааж байгаад сая УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталлаа. Анх ярьж байхдаа  хүнд, хөнгөнөөс өгсүүлээд хэрэг үйлдсэн, холбогдсон  бүх хүнийг  ямар нэгэн ялгаваргүйгээр хамруулж ял эдлэх хугацааг тодорхой хэмжээгээр цөөлөх, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн хүмүүст өршөөл, уучлал үзүүлэх, тэр хүрээндээ 3000 гаруй ял эдэлж буй хүнийг суллах, чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөл боловсруулах явцад маш олон хүнтэй уулзсан. Судалгаа хийсэн. Хорих байгуулагуудаар явж нөхцөл байдалтай танилцсан. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр хорих байгууллагуудын ачаалал маш их нэмэгдсэн байгаа. 200 хүмүүжигч хүлээж авах хүчин чадалтай хорих анги гэхэд өнөөдөр 400-500 хүн хүлээж авч байх жишээтэй. Тэнд ажлын талбар байхгүй, эдийн засгийн зардал, хүндрэлээс өгсүүлээд олон зүйлийг анхаарах учиртай. Хүмүүсээ нийгэмшүүлэх талыг бодолцож алдсан, эндсэн хүмүүсээ өршөөж уучилж байх нь зүйтэй гэсэн байр сууриас  Өршөөлийн хуулийн санаачлагчаар оролцсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Brendy
2017 оны 2-р сарын 13

Thanks, I have just been looking for inmatforion about this topic for a while and yours is the best I’ve found out till now. However, what about the bottom line? Are you positive concerning the supply?

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *