Б.Баасанхүү: Сурагчдын бүтээлээс олсон орлого санхүүгийн том хөшүүрэг болно

4-р сарын 20, 2016 10:52 am Нийтлэгч: Ангилал Зочин , Нийгэм , Орон нутаг , Ярилцах цаг Уншсан: 82
4-20-4

С.УЯНГА

Хөдөлмөрийн яамны харъяа Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Баасанхүүтэй ярилцлаа.

Шинэчлэн баталсан Мэргэжлийн боловсролын тухай хуулиар МСҮТүүд орлого бүрдүүлж, түүнийгээ захиран зарцуулах эрх нээлттэй боллоо?

4-20-4ххМэргэжлийн боловс­рол сургалтын тухай хуулийн шинэчилсэн най­руул­гаар сургууль бүрт өөрийн орлогыг бүрдүүлж захиран зарцуулах болоод цаашид ямар мэргэжил нэмэх зэргийг нээж өгсөн нь санхүүгийн хувьд том хөшүүрэг болж өгсөн. Өмнө нь  шинэ анги нээх, шинэ санаа хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, сан­­хүүгийн боломж байх­гүй­гээс төрд ханддаг бай­сан. Шинэ хуулиар орлогыг захи­ран зарцуулах эрхийг нээж өгснөөр тухайн сургууль ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ямар менежментээр мөнгө босгож, орлогоо бүрдүүлэх ажлаа хэрхэн хийхээс шалтгаална. Ин­гэс­нээр сургуулийн бааз сууриа бэхжүүлэх, хөг­жил дэвшилтэй хөл нийлүү­лэн алхах зэрэг нь сур­гуулийн удирдлага, багш ажилтнаас хамаарна. Сайдтай байгуулсан энэ оны хөдөлмөрийн гэрээнд олсон орлогынхоо тодорхой хувийг багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сур­­гуу­лийн орчин нөхцлийг сайжруулах, то­ног төхөө­рөмжийг нэмэг­дүү­лэ­хэд то­дорхой хувийг зар­­цуу­ла­хыг гэрээнд тусгаж өгс­­нөөрөө илүү шинэлэг болсон.

Танай сургуулийн хувьд сурагчдын бүтээлээс орлого бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?

Өмнө нь сурагчдын бүтээлийг борлуулсан орлогын тодорхой хэсгийг материалын зардалд өгөх буюу төсвийн дансанд байр­­шуулдаг байсан. Тэр мөнгөө захиран зар­цуулахын тулд дахиад төрд хандаж олон шат дамж­лагаар дамжина. Үүнийг  бо­лиулж, тэр хаалтыг нээж өг­сөн. Манай сургууль хоол үйлдвэрлэл, ба­рилгын засал чимэглэл, гагнуур зэрэг мэргэжлээр орлого бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийнхэн ширхэгийн хоол хийж сургууль дотроо зарж болно. Сурагчид мэргэжлийнхээ дагуу аж ахуйн нэгжийн захиалгат ажил хийхээр бол багш, сурагчтай гурвалсан гэрээ байгуулан ажиллах боломжтой.

Сурагчдын хөдөл­мөрийн хөлс сургуулийн орлого болж байна гэх зэргээр эцэг, эхчүүдийн хувьд үл ойлголцол гарах тохиолдол байдаг  уу?

Намар хичээл эхлээд хавар зургадугаар сард шал­галт өгөөд хичээл дуус­даг. Хичээл хаагдсанаас хойш намар болтол хуулиар ол­гогд­сон амралтын хугацаанд тухайн хүүхэд аж ахуйн нэгж компанитай харил­цан тохиролцоод ажил­лаж болно. Зөвхөн хи­­чээлийн улиралд ажил гүйцэтгэхээр бол гурвалсан гэрээ байгуулна. Сургуулийн тоног төхөө­рөмж, материалыг ашиглаж дээр нь эцэг, эхийг нь байл­цуулсан гэрээ хийдэг учраас хэл ам гарахгүй гэж бодож байна. Түүнээс хувиараа хичээлээс гадуур жижиг сажиг зүйл хийхийг хориглодоггүй.

Танай сургуулийн мате­риал­лаг бааз хэр вэ. Тех­никийн шинэчлэл хийж байгаа юу?

Сургууль бүр өөрсдийн гэсэн түүхэн замналтай. Манай сургууль 62 жилийн тэртээд Налайхын их уурхайг түшиглэн байгуулагдсан уул уурхайн ууган сургууль юм. Түлш эрчим хүч, геологи уул уурхай, барилгын салбарт 18000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан улсдаа танигдсан томоохон сургуулиудын нэг бөгөөд МСҮТийн дараагийн шат болох Политехник кол­лежийн статустай болохоор хичээн ажиллаж байна. Бахархлын дээд шавь нар гэдэг. Зөвхөн манай төг­сөгчдөөс БНМАУын хөдөлмөрийн баатар 11 төрөн гарсан байна. Сүүлийн жилүүдэд түнш­лэгч байгууллагын хөрөнгө оруулалтаар бо­лон төсөл хөтөлбөрөөр олон дадлагын газар, каби­­нетуудыг шинэчлэн тохижуулж суралцагчдын сурах таатай орчин бүр­дэж байна. Түншлэгч байгуул­лагуудын нэгТанан ИмпексХХК өрмийн дадлагын газрыг 2009 онд, “Эрдэнэ дрийлингХХК өрмийн онолын кабинетыг 2012 онд тохижуулсан.

АНУын Мянганы Сорилтын Корпорацийн сан­хүү­жилтээр Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн бо­­ловс­­­рол, сургалтын төслийн хүрээнд 2012 онд хүнд машин механизм, ха­лаалт хөргөлт, мультимедиа сургалтын систем бүхий цахилгаан электроникийн дад­лагын газруудыг, 2013 онд хий шин­гэний лабо­ратори, компьютерийн лабо­­­ра­торийг шинэчлэн тохижуулсан.

Үүнээс гадна Цахил­гаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХКийн Улаан­баатар салбар, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахил­гаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, УБЦТС ХК зэрэг байгууллагууд хамтран хөрөнгө оруулалт хийж, 35/10 квын сур­галтын дэд станц барихаар болж, шавыг 2014 оны дөрөв­дүгээр сард тавьсан юм. Гадаадын төслийн сан­хүүжилтээр дотуур байрыг зориулалтын болгож тохижуулсан. Гео­логи өрөмдлөгийн мэр­гэж­лээр ШУТИС ГС, Батлан хамгаалахын Их сур­гуультай хамтран ажил­­лаж байна. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээ­лийн санхүүжилтээр ихэнх  мэргэжлийнхээ то­ног тө­хөө­рөмжийг шинэч­лэ­хээр зорин ажиллаж байна.

Гадаадын сур­гуу­лиудтай туршлага судлах, мэдлэг хуваалцах солилцоо хэр хийдэг вэ?

-2014-2015 оны хи­чээлийн жилд Солонгосын Индиго их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийхээр тохирсон. Энэ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд хоёр ангийн 30 гаруй сурал­цагчид Солонгос хэлний хичээлийг судалж, Койка ОУБ-ын сайн дурын ажилтан солонгос хэлний багш Юн Сог багшийн удирдлаган доор хичээллэж амжилттай суралцсан суралцагчиддаа level-1 сертификатыг гар­дууллаа. Одоогоор Солонгос улсын КОЙКА олон улсын бай­гуул­лагын дөрвөн мэр­гэ­­жил­­тэн ажиллаж байна. Солонгос багш нар мэргэжлийн багш нарын чадахийг дээш­­лүү­­­лэх сургалтын орчин нөх­­цөлийг сайж­руулахад дэмж­лэг үзүүлж, манай сур­­гууль нийгмийн хариуц­лагын хүрээнд Налайхын иргэдэд солон­гос хэлний хи­чээлийг төл­бөргүй заадаг. Цаа­шид Германы хамтын ажил­лагаа, Азийн банкны тө­сөл хөтөлбөрүүдэд хан­даад, зарим нь нааштай хариу өгсөн байгаа мөн гадаадын гэлтгүй дотоодын аж ахуйн нэгжүүдэд захиалгаар мэргэжилтэй ажилтан  бэлтгэж өгөхөд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн манай сур­гуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлт эхлэх гэж байгаа тул ерөнхий боловсролын ес бо­лон арванхоёрдугаар анги төгсөгчид та бүхэн манай сургуулийг сонгон суралцахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *