Б.Ариунболд: Манайх ISO9001 стандартыг хангасан үндэсний ганц компани

2-р сарын 15, 2017 10:12 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 8
2-15-2_700x700

Ц.МЯГМАРБАЯР

Бизнес хөгжил” булангийнхаа энэудаагийн дугаарт барилга, дэдбүтцийн байгууламжийн бетонтөмөр эдлэл үйлдвэрлэлийн “Гүнгэрваа” компанийн гүйцэтгэхзахирал Б.Ариунболдыг урьжярилцлаа.

Компаниа олон улсын чанарынстандартыг хангасан үйлдвэрийнзэрэгт хүргэнэ гэдэг удирдагч хүнийажлын үр дүн байх ихээхэншалтгаалах байх. Энэ талаар яриагааэхлүүлэх үү?

-Саяхан манайх Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын баталгаажуулалтын хуралд оролцож амжилттай тэнцлээ. Хэдхэн хоногийн дараа гэрчилгээгээ гардаж авна. Ингэснээр манайх үндэсний үйлдвэрлэгч компаниудаас олон улсын чанарын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлсэн анхдагч компани болсон. Манай компани “Монголын бүтээмжийн төв”-тэй хамтран олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх төсөл мөн материалын урсгал зардлын тооцооллын ISO14051 стандарт, Азийн загвар байгууллага болох төслүүдийг 2015 оны долдугаар сараас тус тус эхлүүлсэн.

ISO14051 стандарт нь байгаль орчны менежментийг сайжруулж азийн загвар байгууллага болох төсөл.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр ажилтнуудын хандлага өөрчлөгдөж, ажлаа тасралтгүй сайжруулах шинэ санал, санаачилгуудыг гаргах зэргээр эерэг өөрчлөлтүүд гарсан. Түүнчлэн ажиллах орчин сайжирч, илүү бүтээмжтэй, баг хамт олноороо урам зоригтой ажлаа хийдэг боллоо. Тухайлбал, манай барилга дөрвөн давхар. Цахилгааны зардал өндөр гардаг. Төсөл хэрэгжсэний үр дүнд хамгийн том алдагдал болох цахилгааны үргүй зардлыг хэмнэх зорилгоор нэг давхарынхаа өрөөнд өвөлжиж байна. Ингэснээр сард 2-2.5 сая төгрөгийн хэмнэлт хийлээ.

Аливаа бизнесийг амжилттай хийж компаниа босгож ирэхэд удирдлагуудын хандлага, үлгэр дууриалал, ёс зүй хамгийн чухал гэдгийг биеэрээ мэдэрч байна. Монголын бүтээмжийн төвийг сонгож төсөл хэрэгжүүлээд 18 сар болсон байна. Энэ хугацаанд манай ажилчид олон удаагийн сургалтад хамрагдаж дотоодын хэд хэдэн байгууллагаар явж туршлага судалсан. Мөн гадаадад хоёр удаа аялжээ. Ингэснээр олон улсын стандартуудыг өөрийн байгууллагад нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Удирдлага, ажилчдын хооронд найрсаг, ажил хэрэгч, хариуцлагатай хандлага бий болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бүтээлч байдал нэмэгдсэн.

Танай бизнесийн үүсэл түүхээс сонирхвол?

-Манай компани 1998 онд Улаанбаатар II цахилгаан станцын баруун өмнө талд байгуулсан. Аав маань ахтай нийлж компаниа байгуулж байсан түүхтэй. Манай компанийн түүх зөвхөн миний түүх биш. Би ардчилсан засаг тогтсоноос хойш төрсөн ардчиллын үеийн бизнесменүүдийн үргэлжлэл, өв залгамжлагч нарын төлөөлөл, шинэ үеийн бизнесмен. Яг энэ үйлдвэр, компанийг босгосон хүн бол манай компанийн ерөнхий захирал миний аав Батсайхан. Миний хувьд зургадугаар ангиасаа зуныхаа амралтаар үйлдвэртээ ажилладаг байлаа. Явган замын хавтан хийхээс эхлээд суурийн блок, шонгийн үйлдвэрт шилжин ажиллаж оюутан байхдаа шөнийн ээлжинд гардаг байв. Зургадугаар ангиас эхлээд оюутан болох тэр хугацаанд үйлдвэрээ хөгжүүлэхийн төлөө гар бие оролцож, хөлсөө дуслуулж явсан. Энэ газар тэр үед үнс нурам асгадаг хогийн цэг гэж хэлж болохоор хүн хараад буцаж зугатмаар, үнс тортог бургисан газар байсан. Хогийг нь цэвэрлэж банзан хашаа барьж, нэг вагончикт ажлаа эхэлж байсан. Ер нь хогон дотроос босгосон үйлдвэр гэж хэлэхэд болно. Тэр үед газрын наймаа цэцэглээгүй байсан ч эргэн тойрны газар нь бүгд үйлдвэрийн мэдлийнх байсан гэдэг. Манай урд гэхэд л “Эрэл “ компанийн үйлдвэр байгуулагдсан. Тэгэхэд хогтой гээд тоохгүй орхисон энэ газрыг нь аав маань авч цэвэрлээд компаниа босгосон. Энэ буурин дээрээ одоо 20 жил болох гэж байна. Бид үндэсний үйлдвэрлэгч гэдэг утгаараа гаднаас ажиллах хүч, хөрөнгө оруулалт авч байгаагүй. Дотоодоос ажиллах хүчээ авч нэг хүний хөрөнгө хүч, бодлогоор ажиллаж хүнд бэрхшээлийг даван гарсан. Манай компанийн тогтвортой байдал нь чиглэлээ өөрчлөөгүй тууштай хөгжиж ирсэний үр дүн. Би сургуулиа бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсч компанидаа маркетингийн менежерээр ажиллаж байгаад 2013 онд гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авсан. Тэрнээс хойш суралцангаа л ажиллаж байна. Ажлын талбар бол бизнесээ амжилттай явуулах хүний хамгийн бодитой сургалтын талбар юм. 2006 онд цахилгаан дамжуулах агаарын шугамын өндөр хүчдэлийн бетон тулгуурыг Монгол Улсынхаа стандартын дагуу үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг. Энэ үеэс үйлдвэрлэл хүчээ авч уул уурхай эд хөгжиж байсан 2007-2012 онуудад манай үйлдвэрийн борлуулалт 2.5 тэрбумд хүрч оргил үе нь байв. Борлуулалтын хэмжээгээр татвар төлөлт өндөр байсан. 2015 оноос эдийн засаг суларч, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл, эдийн засгаа хамгаалах, ажилчидаа хэрхэн тогтмол цалин орлоготой, үйлдвэрлэлээ яаж тогтвортой байлгах вэ гэдэг тактик барьж ажиллаж байна.

Бетон тулгуур үйлдвэрлэх нь танай гол брэнд. Өнгөрсөн хугацаанд эх орныхоо бүтээн байгуулалтад хэдийхэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн байна?

-Монгол Улсынхаа 21 аймаг, бүх сумд, алслагдсан хөдөө орон нутгийг эрчим хүчинд холбоход манай компанийн үйлдвэрлэсэн бүх бетон тулгуур хэрэглэгдсэн. 2006 оноос хойш нийтдээ 40 мянга орчим шон борлогдсон. Анхнаасаа чанартай үйлдвэрлэл хийхийг зорьсон. Бусад үйлдвэрээс ялгарах зүйл бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Бидний хийсэн тулгуураар тухайн эрчим хүчний байгууллагын барьж байгуулах бүтээн байгуулалт, дэд бүтцийн байгууламж хэр бат бөх, чанартай байх нь шалтгаална. Чанаргүй зүйлээс болж бусад хүмүүст хохирол учирч болохгүй. Харин сүүлийн үед чанартай бөгөөд хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрхэн хийх мөн байгальд ээлтэй үйлдвэрлэл хийхийг зорьж байна. Бидний хэрэглэж байгаа зүйлс бүгд байгалийн гаралтай түүхий эд учраас эко үйлдвэрлэл явуулахыг гол зорилгоо болгосон. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хэрэглэгчээ алдаагүй. Ямар ч нөхцөлд тэд биднийг сонгодог. Бид тэрхүү нөхцөлөө бүрдүүлж чадсан.

Бизнесээ тогтвортой явуулахад юунд илүү анхаарлаа хандуулсан бэ?

-Удирдлага хэдий чинээ хариуцлагатай байна, төдий чинээ бизнес нь тогтвортой байна. Тэр хэмжээгээр ажилчдынхаа цалин хөлсийг хоцороохгүй нийгмийн халамжийг дутаахгүй. Манайх үндсэн 35 ажилтантай. Зуны дэлгэр цагт ажил өрнүүн үед 60-70 орчим хүнтэй ажилладаг. Дотоод асуудал эмх цэгцэндээ ороод ирэхээр гадаад асуудалд анхаарлаа хандууллаа. Үйл ажиллагаа явуулж буй орчин тойрон, хороо, дүүрэг, нийгэмдээ хариуцлагатай байснаар хөгжлийг авчирна. Өнгөрсөн жил манай хойно байрлах “Гацуурт” компани, сүүлд нүүж ирсэн “ТЭЦО” компанийн санаачилгаар хөрөнгөө нийлүүлэн эндээс хойд талын төмөр замын гарам хүртэл засмал зам тавих хэлэлцээр хийсэн. Энэ жил хийж гүйцэтгэнэ. Нийт 0.5 км замд 200 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Энэ бүхний эцэст улс бидэнд татварын хөнгөлөлт үзүүлэх байх гэж найдаж байгаа.

Аливаа бизнест бэрхшээл саад зөндөө л байдаг. Сүүлийн үеийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давжбайна вэ?

-Сүүлийн үед эдийн засгийн хямралтай холбоотой бэрхшээл, саад багагүй байна. Мөнгө ховор болсон. Тодорхой хэмжээний санхүүжилт олсон компаниуд хаана хямдхан байна тэнд л захиалга өгч байна. Энэ бол маш хэцүү хандлага. Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт буцаад Хятадын зах зээлд гарч байна. Худалдан авалт, борлуулалтгүй болж үйл ажиллагаа доголдох хандлага ажиглагдаж байна. Тэдний хүсч байгаа хэмжээнд хямдрал үзүүлэх юм бол бүтээгдэхүүний чанар буурна. Хямдрах юм бол манай үйлдвэрийн хэтийн зорилго, чанар, стандарт үгүй болж хөгжил тэр хэмжээгээр саарч, ухрах болно. Тиймээс төрийн зүгээс үндэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сулруулж буй импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнийг хил, гаалийн бодлогоор хязгаарлаж өгөх хэрэгтэй. Мөн манай өрсөлдөгч болох орлуулах бүтээгдэхүүн стандартын хувьд зөрүүтэй, чанаргүй. Тухайлбал, 12 метрийн урттай бетон тулгуурт 12 ширхэг долоон мм голчтой урьдчилан хүчитгэсэн арматуртай байх стандартай байхад Хятадаас оруулж ирсэн тулгуурт ес байх жишээтэй. Гаднаас нь хараад чанарыг мэдэхгүй. Чанрыг мэдэхийн тулд тулгуурын бөгсөн талыг цоожлоод үзүүр хэсгээс хүчтэй татаж тахийлгаж, мурийлгаж үздэг. Тэгээд хэр зэрэг цууралт үүсч байгаагаар нь сорилт хийдэг. Сорилтоор манайх хамгийн өндөр төвшинд байдаг. Энэ нь олон жил энэ бүтээгдэхүүнийг хийсэн туршлага маань давуу тал болдог.

Бетон тулгуур илүү хөнгөн чанартай болж байх шиг байна. Цаашид зах зээлээ хэрхэн хамгаалах вэ?

-Европт аль хэдийнэ илүү хөнгөн бат бөх хуванцар шон үйлдвэрлэж эхэлсэн. Манайх энэ шинэ технологийг нэвтрүүлэхээр судалж эхэлсэн. Цаашдаа барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүчний дэд бүтцийн үйлдвэрлэлд голчлон анхаарч ажиллах зорилт тавьж байна. Импортыг орлох бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангалттай нийлүүлсэний дараа гадаад зах зээлд гаргах асуудал яригдана. Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуй, газар тариалангын чиглэлд үйл ажилагаагаа өргөжүүлээд хоёр жил болж байна. Төрөөс урт хугацаатай бага хүүтэй зээлд хамрагдаж дэмжлэг авч чадаагүй болохоор бага багаар л бизнесээ ахиулж байна. Нөхцөл нь боломжтой зээлийг яг юм хийж буй компаниудад олгодоггүй. Чингис бондоос зээл авахаар төслөө боловсруулж оруулсан боловч хамрагдаж чадаагүй. Дээгүүрээ хуваагаад авчихдаг болохоор үндэсний үйлдвэрүүд хурдан сэргэж босч ирж чадахгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *