Б.Алтанцэцэг: Ирэх оны төсвийг тодотгол хийхээргүй батлах хэрэгтэй

11-р сарын 9, 2017 8:40 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 6
11-9-6х

Д.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Ингээд эрхэм зочдоосоо 2018 оны улсын төсвийн талаарх байр суурь, саналыг нь авч цувралаар хүргэж байна. Энэ удаад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй ярилцсан юм. Тэрээр “Ирэх оны төсөв сүүлийн жилүүдийн хандлагыг хадгалж байна. Өөрөөр хэлбэл, өндөр алдагдалтай баталдаг жишиг хэвээр байна гэсэн үг. Төсвийг маш өндөр зардлаар олон хүний хөдөлмөрийн үр дүнд гаргадаг тооцоолол. Түүнээс гадна төсвийн тооцоолол хүн бүрийн ажил, амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн үеийн хандлагыг харвал, манай улс баталсан төсөвтөө жилдээ дор хаяж нэг удаа тодотгол хийж байна. Зарим жил 2-3 удаа хийж байсан. Энэ нь маш буруу жишиг. Учир нь төсвийг тодотгоно гэдэг нь хэдэн тоог засаад болдог зүйл огт биш. Анх төсвийг тооцоолохдоо гаргасан тоог үндэслэлтэй, судалгаатайгаар гаргадаг. Тиймээс тухайн жилийн төсвийн тооцооллыг харж бизнесээ өргөжүүлэх эсэхээ шийднэ. Хувь хүний тухайд цалин нэмэгдэх эсэх нь тодорхой болох учраас зээл авах эсэхээ шийддэг юм. Гэтэл төд удалгүй тодотгол нэрээр анхны тооцооллыг өөрчлөх нь эрсдлийг дагуулдаг” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ирэх оны төсөвт хэд хэдэн зүйлийг анхаарч, тусгахыг зөвлөлөө.

  1. Ирэх жилийн төсвийг огт тодотгол хийхгүйгээр батлах хэрэгтэй. Ер нь төсөвт тодотгол хийхийн тулд урьдчилж тооцоолох аргагүй нөлөөнөөс шалтгаалсан гарцаагүй нөхцөлд төсвийг тодотгох учиртай. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө тооцоолох аргагүй гэдгээ нотлох ёстой. Магадгүй тухайн бүс нутагт тайван байдал алдагдсанаас хэзээ ч төсөөлөөгүй эрсдэл гарч болно. Тэгвэл түүнийгээ тайлбарлан ямар байдлаар төсөвт нөлөөлж байгааг нь олон нийтэд мэдээлэх нь зүйтэй.
  2. Манай улсын хувьд төсвийг тодотгож байгаа шалтгаан нь ердөө л улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Учир нь улсын төсөв нь улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдлыг харах толь юм. Тэгэхээр төсвийн тодотгол олон байх нь тодорхойгүй нөхцөлд амьдарч байгаагийн илрэл.
  3. Төсвийн тухай хуульд тухайн жилийн төсвийг тооцоолохдоо дараагийн хоёр жилийн төлвийг харж байх тухай заалт бий. Гэтэл бид жил бүр төсвөө тодотгож байгаагаараа хуулиа зөрчиж байна гэсэн үг.
  4. Хэрэв төсвийн тодотгол хийх байдлаар жилийнхээ төсвийг баталж байгаа бол иргэд яагаад тодотгол хийж байгааг нь, хэн тэрхүү тооцоог хийснийг нь асуух эрхтэй. Ингээд хэн нэгнээс шалтгаалан буруу тооцоо хийсэн бол хариуцлага тооцох механизмтай байх ёстой. Яагаад гэвэл, төсвийг буруу тооцоолсноос үүдсэн эрсдлийг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой байх учиртай.
  5. Цаашилбал, төсвийг тодотгол хийх байдлаар батласнаар төсвийн сахилга батыг алдагдуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнээс гадна дотоодын үйлдвэрлэл урт хугацааны төлөвлөлт хийж хөгжих боломжийг боомилж буйгаа ойлгох ёстой.
  6. Нөгөөтэйгүүр, Сангийн яамны мэргэжилтнүүдийн олон жилийн турш судалж, тооцоолсон дүнг УИХ-ын гишүүн өөрийнхөө болон намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр өөрчлөх эрхийг хязгаарлах хэрэгтэй. Хэрэв зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар үндэслэлтэй вэ гэдэг тайлбарыг хийх ёстой. Ингэхдээ төсвийг тооцоолж хийсэн баримт, судалгааны дайтай баримтыг зэрэгцүүлэн харуулах хэрэгтэй. Тэгэхээр төсөв батлах хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдийн оролцоо нь бууруулах нөлөөтэй байж болно гэх мэт саналыг Төсвийн тухай хуульд оруулж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *