Азийн орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах туршлага солилцов

7-р сарын 5, 2018 9:24 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 36
7-5-6

О.УРАНБИЛЭГ

Азийн 50 гаруй орны сайд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн 3000 төлөөлөгч гамшгийн эрсдэлийг бууруулахаар Улаанбаатар хотноо зөвлөлдөж байна. Энэ сарын 3-нд Төрийн ордонд нээлтээ хийсэн сайд нарын II бага хурал хоёр дахь өдрөө “Шангри Ла” зочид буудалд салбар хуралдаануудаар үргэлжиллээ.

“Нийгмийн хамгаалал ба эмзэг байдлыг бууруулах” сэдэвчилсэн хуралдааныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдсан юм. Энэ хуралдаанаар нийгмийн хамгааллын хөтөлбөрийг төлөвлөхөд мөнгөн тусламж, урьдчилсан таамаглалд суурилсан санхүүжилт зэргийг хүн амын эмзэг бүлэг, гамшигт өртсөн айл өрх, орон нутгийнхны гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ авахад хэрхэн чиглүүлж болох арга замуудыг авч үзэж буй юм. Мөн хямралын үеийн эхний шатанд айл өрхүүд гамшгийг даван туулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар танилцууллаа.

Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал  Ази номхон далайн бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний төлөөлөгчдийн манлайлагчдын уулзалтаар үргэлжлэв. Энэхүү уулзалтаар бүс нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах зөвлөмжийг болон  гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Азийн сайд нарын хурлын өндөр дээд арга хэмжээний нэг болох Азийн манлайлагчдын хуралдаанаас гарсан улс төрийн шийдвэр нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний гол шийдэл, чиг хандлагыг тодорхойлж байдаг аж.

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн салбар хуралдаанууд үр дүнтэй, гарц шийдэл хайсан, туршлага хуваалцсан арга хэмжээ болсныг оролцогчид онцолж, сэтгэл дүүрэн буйгаа хэлж байлаа. Онцлох хуралдаануудын нэг болох “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хяналт үнэлгээ сэдэвт техникийн хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг“-ийн хяналт үнэлгээ: Монгол Улсын боломж, тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр илтгэл танилцуулахдаа “Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг томоохон баримт бичгүүдтэй уялдуулан 2017 онд баталсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болох, гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бий болох, аймаг, нийслэл, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллагын гамшгаас хамгаалах чадавх бэхжиж гамшгийн эрсдэл буурах, улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдсэн” гэдгийг онцолоо. Хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах  бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихийн гол тулгуур болох санхүү, технологи, мэдээлэл шинэ боломжуудын талаар улс орнууд өөрсдийн туршлага, ололт амжилтаа хуваалцав.

Мөн Олон улсын төлөөлөгчдөд зориулсан үзэсгэлэнг ОБЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ хамтран Чингисийн талбайд дэлгэсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм. Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олгож байна. Мөн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, түүнийг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын ололт амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлагуудаасаа танилцуулах “Нээлттэй индэр” арга хэмжээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *